|

Гадаадад эмчлүүлдэг байсан 13 өвчнийг эх орондоо эмчилдэг боллоо

zulaa 2018/08/30 1029 0

Гадаадад эмчлүүлдэг байсан 13 өвчнийг эх орондоо эмчилдэг боллоо

 

Засгийн газраас эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг боловсролыг дээшүүлэх үүднээс гадаад улсад төрийн зардлаар сургаад эхэлсэн. Үүний үр дүнд Монголд эмчлэгддэггүй байсан 39 өвчнөөс 13-г нь эх орондоо эмчилдэг болжээ. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй орнуудад 81 эмч, эмнэлгийн ажилчин суралцаад ирсэн байна.

Жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ, нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах мэс засал, торлог шилэнцэрийн хүнд хэлбэрийн эмгэгийн мэс заслын технологи, хүүхдийн мэдрэлийн өвчин эмгэг, саажилтын үеийн сэргээн засах эмчилгээ, донтох өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр Япон, БНСУ, ОХУ-д 1-3 сарын хугацаатай багаараа суралцаад иржээ.

Мөн Эрүүл мэндийн яам, Японы Жайка Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсын анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн хүрээнд ирэх есдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд Японы Осака, Токио хот болон Токүшима, Нара мужид гурван удаа сургалт зохион байгуулахаар болсон байна. Уг сургалтад Эрүүл мэндийн хөгжлийн төв, Хавдар судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Эмгэг судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын II төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Чингэлтэй эрүүл мэндийн төв болон төслийн загвар аймаг Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн төгсөлтийн дараах сургалтын албаны дарга, мэргэжилтэн гэсэн нийт 10 хүн суралцахаар болжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top