|

Сонгогчгүй улстөрчид

munkhod 2015/06/16 742 0

Сонгогчгүй улстөрчид

 

Ө.БАТХҮҮ

 

Нийслэлийн Налайх дүүргийн захирагчийг сонгох сонгууль өнгөрсөн ням гаригт болж  өчигдөр  дүнгээ гаргалаа. Сонгуулийн санал  хураалт 22:00 цагт  дуусч нэрсийн жагсаалтад бүртгэлтэй 23215 сонгогчоос 10540 нь  буюу дөнгөж 51 хувь нь саналаа өгснөөр сонгуулийн ирц арай гэж  хүрсэн байна. Харамсалтай нь  найман нэр дэвшигчийн хэн нь ч хуулийн дагуу 50+1 хувийн санал авсангүй.Тиймээс хамгийн олон хүний санал авсан хоёр нэр дэвшигчийн дунд ирэх пүрэв гаригт  дахин санал хураалт явуулахаар болжээ. Дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш.Хаанд сонгогчдын 30.9, бие даан нэр дэвшигч Ц.Минжинхүүд 20.3 хувь нь саналаа өгсөн юм байна. Энэ үйл явдал манай улс сонгогчгүй улстөрчидтэй болж байгаагийн хамгийн сүүлийн тод жишээ болов.  1992 онд шинэ Үндсэн хуулиа батлаж УИХ-ын, дараа жил нь Ерөнхийлөгчийн сонгууль явуулахад манай иргэдийн 95-аас дээш хувь нь сонгуульд  саналаа  өгч байлаа. Энэ хувь 1996, 2000 оны сонгууль хүртэл ирц өндөр хэвээр байсан ч түүнээс хойш огцом  уруудсаар өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулийнх 65.24 хувь, 2013 оны  Ерөнхийлөгчийн сонгуулийнх 73.59 болж буурсан юм. Хамгийн анх 2008 оны орон нутгийн сонгуулийн ирц хүрэхгүй дахин сонгууль явуулж иргэдэд ярианы нэгжийн урамшуулал зарлан байж хүчинтэй сонгууль  хийж байсан түүх бий. Түүнээс хойш явуулж буй судалгаануудаар ч "Яг одоо сонгууль болвол та  саналаа өгөх үү” гэдэг асуултад 50+1 хувь нь "Мэдэхгүй” гэж  хариулсан байдаг юм.  Энэ бүхнээс үзэхэд Налайхын сонгуулийн жишээг харсан ч иргэд  төр засагтаа, намуудад, улстөрчдөд итгэх итгэлээ бүрмөсөн алдаж байгаа бололтой.  Таван удаагийн парламентын, мөн тооны  Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Монгол Улсын хөгжил ямар төвшинд очсоныг иргэд эргэцүүлж бодоод сонгуульд оролцоход ач холбогдол өгөхөө больж  байна.

Сонгогчгүй улстөрчид

 

Төр засгийн тогтворгүй байдал, намуудын хоорондын талцал, улстөрчдийн худал амлалт зэрэгт хангалттай хууртсан сонгогчид санал өгсөн  хүн нь өөрт тустай юм хийнэ гэх ямар ч итгэлгүйгээр зүгээр л хоосон найдвараар  шийдвэр гаргаж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс өдгөө сонгогчгүй улстөрчидтэй болжээ. Тэгэхээр ирэх зуны парламентын сонгуулиар төр засаг иргэддээ ярианы нэгжээс цаадахыг амлахгүй бол ирц хүрэхгүй шалтгаанаар хэдэн ч  удаа  дахин сонгууль хийхийг үгүйсгэх аргагүй болжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


 

 

Санал болгох

Сэтгэгдэл

top