|

Аадар бороо, хүчтэй салхины улмаас гурван аймгийн 10 сумын цахилгаан тасраад байна

saikhnaa 2018/07/26 609 0

Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумдын нутгаар (аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км) өчигдрийн 20:00 цагийн орчим аадар бороо орж, хүчтэй салхины улмаас  Өндөр-Улаан, Тариат чиглэлийн "Эрдэнэт-Булган Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн хариуцдаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 10, Тариат сумын нутаг дэвсгэрт 5, Өндөр-Улаан сумын төвд нам хүчдлийн сүлжээнд 0.4 кВ-ын 40 гаруй тулгуур багана унасан байна.

 

Үүний улмаас:

  • Архангай аймгийн 6,
  • Хөвсгөл аймгийн 3,
  • Завхан аймгийн 1 нийт гурван аймгийн 10 сум цахилгаангүй болоод байна.

Мөн 16 гэр усанд автаж нурсан, гэр нь нурсан 24 иргэнийг сумын эмнэлэгт түр байрлуулж, иргэн С /48 настай, эмэгтэй/, Д /80 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал хүндэвтэр эмчилгээ хийлгэж байгаа тухай мэдээлийг өчигдрийн 21:30 цагт Онцгой байдлын ерөнхий газарт мэдээлсэн.

"Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн Архангай аймгийн Жаргалант салбар, Өвөрхангай, Хархорин, Цэцэрлэг салбарын нийт 5 бригадын 40 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр,  аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай, нутгийн захиргааны байгууллагын 20 алба хаагч, 4 автомашинтай, нийт 25 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top