|

Талийгаачийнхаа өшөөг матарнуудаас авсан хэрэг Индонезид гарчээ

saikhnaa 2018/07/17 666 0

Талийгаачийнхаа өшөөг матарнуудаас авсан хэрэг Индонезид гарчээ

Индонези улсын Баруун Папуа муж дахь матрын ховор төрөл зүйлийг өсгөн үржүүлэх фермд нэгэн цуст аллага гарчээ.

Өнгөрсөн долоо хоногт тус матар үржүүлэх аж ахуйн эзэмшил газарт ойролцоо тосгоны 48 настай иргэн эрэгтэй малын тэжээлд зориулан өвс түүж яваад матарт хазуулж амиа алдсан юм.

Бямба гарагт түүнийг оршуулах ёслол болсон бөгөөд үүний дараа талийгаачийн тосгоныхон өшөө авахаар хутга, алх, сүхээр зэвсэглэн аж ахуйд ирж тэнд байсан бүх матрыг хяджээ.

Давстай усны болон Шинэ Гвинейн гэгддэг төрлийн 292 матар байсныг тосгоны иргэд бүгдийг нь хядаж дуусгасан байна.

Аж ахуйн эзэд 2013 онд ховор матруудыг үржүүлэх, зарим хэсгийг нь заазлах лицензийг засгийн газраас авч байжээ. Лицензийн нэг нөхцөлд тухай орон нутгийн хүн амд матарнууд аюул учруулахгүй байх ёстойг заасан байна.

Одоо байгаль хамгаалагчид цагдаатай хамтран матар хядлагын хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд цаашдаа матрын аж ахуйд өгөх зөвшөөрөлд аюулгүй байдлын өндөр шаардлага нэмж оруулах тухай яригдаж эхэлжээ.

Эх сурвалж: Reuters

Р.Төмөр, ikon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top