|

Наадмын дараагаар намууд "амрахгүй"

saikhnaa 2018/06/29 679 0

Өнөөдрөөс яг хоёр  жилийн өмнө 1.3 сая сонгогч бид Монголын улс төрийн ууган хүчин МАН-д өндөр итгэл хүлээлгэн парламентад үнэмлэхүй олонхи буюу 65 суудал өгч байлаа. Гэвч 65/1 нь ёсзүйн хариуцлага алдаж,  чөлөөлөгдсөнөөр парламентад нэг суудлын орон гарч, парламент 75-уулаа, тэр дотор эрх баригчид 64-үүлээ болоод байгаа.  

Наадмын дараагаар намууд "амрахгүй"

Тиймээс хаврын чуулган завсарлахын өмнө Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах  нөхөн сонгуулийн тов, зардлыг парламент баталлаа. УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэхээр товлон зарлаж, сонгуулийн санал авах ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр явуулахаар боллоо.  Нөхөн сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд "New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэнэ. УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг зардал 228 сая төгрөгийг төсөвлөв.

 

Эдүгээ СЕХ УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахаар хуульд заасны дагуу бэлтгэл ажилдаа орох юм. Сонгуулийн тухай хуулиар "Нам, эвсэл нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, Улсын Их Хурлын сонгуульд оролцох хүсэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ”. Мөн "Сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана.” "Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана” гэж сонгуульд хуульд заасан байгаа.

 

УИХ-ын нөхөн сонгуульд   эрх баригч хүчнээс МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэр дэвшинэ гэх таамаглал  байсан ч, тэрбээр өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Мөн дараагийн хувилбар болох Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба ч сонгуульд өрсөлдөхөөс татгалзсан сурагтай. Ер нь энэ удаагийн нөхөн сонгуульд эрх баригч хүчнийхэн өрсөлдөхөөс дөлөөд байгаа тухай чих дэлсэж байна. Учир нь энэ удаагийн нөхөн сонгууль эрх баригчдад сонгогчдын зүгээс давхар дүн тавих юм. Тиймээс ч Хэнтийн тойрогт хүч хаяхгүйгээр сул өрсөлдөгч илгээнэ гэсэн таамаглалыг ажиглагчид дэвшүүлж байгаа.

 

Харин сөрөг хүчин АН-аас Хэнтийн тойрогт хүч үзэх  нэр дэвшигчдийн хэд хэдэн хувилбар явж байгаа. Тус аймгаас өмнө нь сонгогдож байсан Б.Гарамгайбаатараас гадна АН-ын гишүүн н.Хүдэрбаатар нараас гадна АН-ын экс лидерүүдээс ч өрсөлдөх магадлалтай талаар бор шувуу жиргэж байна.

 

Цаашлаад парламент дахь гурав дахь хүчин МАХН-аас Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг нэр дэвших хамгийн өндөр магадлалтай эрхмээр ярьж байгаа. Учир нь түүний сонгууль өрсөлдөх эрх хуулиар нээгдсэн. Хэрвээ МАХН-н дарга Н.Энхбаяр сонгуульд өрсөлдөхгүй бол дэд дарга С.Ганбаатар гэсэн хувилбар явж байгаа.

 

Тиймээс наадмын дараагаар нам, эвслүүд сонгуульд оролцох саналаа илэрхийлж, бага, хурал чуулганаа хийж, нэр дэвшигчдээ тодруулна.  УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөгчийн өнгийг  наадмын дараагаар шинжих нь. Одоогийн байдлаар  нөхөн сонгуулийн хамгийн хүчтэй өрсөлдөгч эрх баригч,сөрөг хүчин бус гурав дахь улс төрийн хүчнийг гэж  олон нийт харж байгаа.

 

Юутай ч Хэнтий аймагт наадмын зочдын томоохон төлөөлөл нь  нөхөн сонгуульд горилогчдын баг байхаар нөхцөл бүрдээд байна. Тэр дундаа Хэнтийн 42 дугаар тойргийн нутаг дэвсгэрт улсын наадам болох уу, улс төрийн наадам болох нь уу гэдэг нь бүүр ч нүд хужирлахаар байна.

Н.Энхбат

ЭХ СУРВАЛЖ: http://www.shuud.mn/a/498432

Санал болгох

Сэтгэгдэл

top