Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Баян-Өндөр сум мал бүхий 300, малчин 215 өрхтэй. Санал асуулгаар тэдний 88 хувь нь "Малчин" баг байгуулахыг хүсчээ. Үүнийг үндэслэн орон нутгийн удирдлагууд "Малчин" багийг дахин байгуулах талаар Засаг даргын зөвлөл, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн байна.
"Малчин" баг өмнө нь 2015 он хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад аймгийн хэмжээнд 120 гаруй мянган толгой мал, 600 орчим малчин өрхтэй буюу цөөн малтай гэсэн үндэслэлээр татан буугдсан. Гэвч иргэд "Малчин" баг байгуулах хүсэлтийг удаа дараа ирүүлсэн тул ийнхүү уг асуудлыг дахин хэлэлцэж, судлахаар болжээ.
Түүнчлэн Орхон аймаг нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, шуурхай, чанартай болгох, баг, иргэний хоорондын харилцааг идэвхижүүлэх зорилгоор "Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийг баталж ажилласан. Тодруулбал, таван багийн байрыг 96 сая, 24 багт орон нутгийн төсвөөс 24.2 сая, Орон нутгийн хөгжлийн сангийн 28.9 сая төгрөгөөр тоног, төхөөрөмж авч өгчээ. Мөн зарим багт автобусны есөн зогсоолыг 100 сая төгрөгөөр барьсан байна. Дэд хөтөлбөрийн хүрээнд 24 баг тус бүр төрийн 24 байгууллага, "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн цех, нэгжүүдтэй хамтран ажиллаж тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэсэн. Үүнд гэнэтийн аадар, борооны улмаас үер бууж зарим байгууллага усанд автаж зам, талбай эвдэрснийг багууд хамтран ажиллаж байгаа байгууллагуудтайгаа хамтдаа засчээ.
Б.Оюун-Эрдэнэ