Өнгөрсөн онд Орхон аймаг "Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийг баталж 21 зорилт дэвшүүлж таван багийн байрыг 96 сая, 24 багт орон нутгийн төсвөөс 24.2 сая, Орон нутгийн хөгжлийн сангийн 28.9 сая төгрөгөөр тоног, төхөөрөмж авч өгчээ.
Мөн автобусны есөн зогсоолыг 100 сая төгрөгөөр барьсан байна. Дэд хөтөлбөрийн хүрээнд 24 баг тус бүр төрийн 24 байгууллага, "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн цех, нэгжүүдтэй хамтран ажиллаж тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэсэн. Үүнд гэнэтийн аадар, борооны улмаас үер бууж зарим байгууллага усанд автаж зам, талбай эвдэрснийг багууд хамтран ажиллаж байгаа байгууллагуудтайгаа хамтдаа зассан байна.
Өнгөрсөн онд багийн үйл ажиллагаанд иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа авахад, 82 хувь нь "Сэтгэл ханамжтай”, 74 хувь нь хийж буй ажлыг нь "Сайн” гэж үнэлжээ.
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, шуурхай, чанартай болгох, баг, иргэний хоорондын харилцааг идэвхижүүлэх зорилготой хэрэгжсэн "Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийн биелэлт 85 хувьтай гарчээ.