|

Ю.ЦЭДЭНБАЛЫГ ОРШУУЛСАН ОРОЙ ГЭРГИЙ А.И.ЦЭДЭНБАЛ ФИЛАТОВАГААС НЬ БАЙЦААСАН ПРОТОКОЛ

saikhnaa 2018/02/27 934 0

Ю.ЦЭДЭНБАЛЫГ ОРШУУЛСАН ОРОЙ ГЭРГИЙ А.И.ЦЭДЭНБАЛ ФИЛАТОВАГААС НЬ БАЙЦААСАН ПРОТОКОЛ

Манай прокурорын байгууллагынхан нийтдээ таван удаа байцаалт авчээ. 

Ю.Цэдэнбал агсныг 1991 оны дөрөвдүгээр сарын 29-нд эцсийн замд нь үдэв. Хүний хорвоод 50 шахам жилийн амьдралаа хамт туулсан түүний хань А.И.Филатова эр нөхрөө бурхны оронд үдэж, асгарсан нулимсаа арчиж амжаагүй байхад нь дор толилуулах байцаалтыг тухайн үеийн БНМАУ-ын Прокурорын газрын онцгой хэргийн мөрдөн байцаагч Г.Уранцэцэг авч, мөрдөн байцаагч Дамдинрагчааг байлцуулан, орчуулагчаар Үүрцайх ажилласан байна. Байцаалтанд А.И.Филатовагийн хүсэлтээр БНМАУ дахь ЗХУ-ын ЭСЯ-ны консулын хэлтсийн нарийн бичгийн дарга Зайнутдинов, Руслан Амировыч нар байлцжээ. 
Ю.Цэдэнбалыг оршуулах ажлын дараа болсон гашуудал тайлах ёслол дээрээс А.И.Цэдэнбал- Филатоваг байцаалтанд шууд дуудан аваачсан бөгөөд оройн 23 цаг 44 минутанд дууссан байна. Байцаалтыг ийнхүү яаруу хийх болсноо түүнийг маргааш явах цагаас хожимдуулахгүйн тул хэмээн байцаалтын эхэнд тайлбарлажээ. 

ГЭРЧИЙГ БАЙЦААСАН ПРОТОКОЛ 

БНМАУ-ын Прокурорын газрын онцгой хэргийн мөрдөн байцаагч Г.Уранцэцэг би, мөрдөн байцаагч Дамдинрагчааг байлцуулан 1991 оны дөрөвдүгээр сарын 29-нд Анастасия Ивановна Цэдэнбал Филатоваг байцаав. 

1920 онд төрсөн, Сотонгок Рязань муж, орос, намын гишүүн бус, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, тэтгэвэрт байгаа, Москва хотын А.Толстойн гудамжны 12 дугаар байр, 23 тоотод хүүхдийн хамт амьдрах. Байцаалтыг эхлэхийн өмнө А.И.Цэдэнбалд маргааш явах цагаac хожимдуулахгүйн тул байцаалтыг өнөөдөр явуулж байгааг тайлбарлав.


ХЭРВЭЭ ЭДГЭЭРИЙГ БИ ТӨЛӨХ ЁСТОЙ Л ЮМ БОЛ БИ ТӨЛЬЕ 

Асуулт: -Таныг Хүүхдийн төлөө фрндын даргаар ажиллаж байх үед нэгдүгээр гарын үсгийг яагаад та зурахгүй, Дашдовдон зурдаг байсан юм бэ? 

Хариулт: -Би хэл мэддэггүй байсан учраас санхүүгийн хариуцлагыг хүлээхийг хүсдэггүй байсан, тэгээд ч би олон нийтийн зохион байгуулагч, Зөвлөлтийн иргэн байсан, би үргэлж Зөвлөлтийн харьяат хэвээр байсан, Сталины үед миний паспортыг байнга оршин суугчийн паспортоор солих гэсэн, би зөвшөөрөөгүй учраас улаан паспорттой хэвээр үлдсэн. 

Гэхдээ би Монголын ард түмний эрх ашгийн төлөө ажиллаж байсан, мөнгөний будлиан гарсан, тэр нь юунаас болсныг би мэдэхгүй, миний хариуцдаг асуудлууд байсан, мөнгө, түүний зарцуулалттай холбоотой асуудлыг хамтран шийдвэрлэдэг байсан. Баримт бичиг монгол дээр бичигдсэн нөхцөлд би 3 орлогчоо гарын үсэг зурсны дараа зурдаг байсан. Энэ нь бичиг баримтыг зөв үйлдэхийн үүднээс байсан. 

Асуулт: -Дараах актуудын талаар танд хэлж ярих зүйл байна уу? 

1.Ta хүүхдийн төлөө фондоос 15058 төгрөг 41 мөнгөний эд зүйл авсан атлаа одоо болтол хэрхэн зарлагадсан тухай тайланг өгөөгүй байна. 
2.Та хүүхдийн төлөө фондоос 3543 төгрөг 44 мөнгөний видео магнитофоны 12 ширхэг кассетыг аваад үнийг төлөөгүй байна. 
З.Та Финляндад явах үедээ бэлгийн фондноос 21040 төгрөг 37 мөнгөний бэлэг авчээ. Эдгээр актыг та төлөх ёстой. 

Хариулт: -Хэрвээ эдгээрийг би төлөх ёстой л юм бол би төлье, өөрийн хадгаламжийн дэвтрээс төлөхөд бэлэн байна. 

Асуулт: -1980 онд Геологийн яамны сайд Хурц таны төрсөн өдрөөр танд 5929 төгрөгийн үнэтэй 25,3 гр алт бэлэглэж байжээ. Энэ алтыг Хурц төлөх ёстой, гэхдээ одоо тэр үүнийг танаас нэхэмжилж байна, энэ талаар юу хэлэх вэ? 

Хариулт: -Би үүнийг санахгүй байна. Гэхдээ Хурц сая надад энэ алтыг бэлэглэсэн, ямар хайрцагтай байсан талаар тайлбарласнаар би чулуун дунд энэ алт байсныг саналаа, 1988 онд бид эд зүйлээ янзлахаар ирэх үед сав нь хоосон байсан, гэхдээ би алт гэж бодоогүй, энэ мөнгийг ч би төлье дээ. 

Асуулт: -Талийгаач Цэдэнбалд улс орны удирдагчийн хувьд гадаадаас олон бэлэг ирүүлдэг байсан, энэ бэлгүүд одоо хаана байна, та музейд өгөх юм бий юу? 

Хариулт: -Эдгээр бэлгийн заримыг Улаанбаатарын музейд, заримыг Увс аймагт шилжүүлж өгөхийг бид хүсэж л байна. Зөвлөлтөд бэлэг бараг байхгүй, бүгд энд миний байшин дахь тусгайлж хийсэн цоожгүй шүүгээнд хадгалагдаж байсан. /нийт 3 шүүгээ байсан/ зарим нэг нь манай 2 давхар байрны 2 давхрын тусгай өрөөнүүдэд байсан юм, энэ байрыг би аж ахуйн байр гэж нэрлэдэг байсан. Намайг 1988 онд ирэх үед бэлгийн зарим нь алга болсон байсан. Би одоо чухам яг ямар зүйл хэзээ алга болсныг хэлж чадахгүй, учир нь надад эд зүйлийн нэрсийн тодорхой жагсаалт байгаагүй. 

Асуулт: -Та чухам ямар үнэт зүйлс байгааг нэрлэж чадах уу? 

Хариулт: -Тажмахал, мөнгөн бумба 2 бил үү, 3 бил үү санахгүй байна, зааны ясан соёо байсан. 

Асуулт: -Талийгаач Цэдэнбалд зарим хүмүүс алт, алтан зоос, алтан аяга зэргийг бэлэглэж байсан, эдгээр нь энд алга байна, хаана байгаа вэ? 

Хариулт: -Эдгээр нь сейфэнд байсан байж болох юм. Би ямар ч алтан аяга, зоос үзэж байгаагүй, манайд тусгай шүүгээнд мөнгөн аяга байдаг байсан, тэнд байсан байж болох юм. Гэхдээ манай талийгаач надад ямар ч алтан бэлэгний талаар ярьж байгаагүй. Таныг алт ярихаар тайлбарламаар санагдлаа. Тажмахалд алт шигтгэсэн байж болох юм, гэхдээ яг хэлж мэдэхгүй байна. 
Бидэнд хэрэггүй эд зүйл гэж байгаагүй. 

Асуулт: -Танд Газ-24 маркийн машин байсан, үүнийг танд хэн бэлэглэсэн бэ? Та Сүрэнгээс мөнгөө авсан уу? 

Хариулт: -Энэ машиныг Цэдэнбалд Зөвлөлтийн засгийн газраас бэлэглэсэн юм, өөрөөр хэлбэл манай гэр бүл 1988 онд явах үедээ энэ машиныг бид Сүрэнд орхисон, би худалдуулахаар юм уу, Москва руу явуулахаар орхисон боловч Сүрэн 42-50 мянган төгрөгөөр зарсан байсан, ойролцоогоор шүү. Энэ мөнгийг би миний мэдлээс өөрөөр зарж үрэхийг зөвшөөрөөгүй. 

Асуулт: -Бидний хамгаалж авсан хөрөнгөнд хуучин хувцас, мөн хэрэгцээ хангахааргүй эд зүйл байна? 

Хариулт: -Бидэнд хэрэггүй эд зүйл гэж байгаагүй, төрөл төрөгсдөд нь үзүүлэхгүй юу. Тэдэнд хэрэгтэй байж болох юм, авахгүй бол хаячихна биз. 

Асуулт: -Эдгээр эд зүйлсэд хадгалалтын явцад хэрэгцээ хангахгүй болсон учраас холбогдох байгууллагууд устгах тухай акт гаргасан? 

Хариулт: -Тэгвэл устгаг л дээ, би тэднийг хуучин эд зүйлийг хийсэн байна гэж бодож байна. 

Асуулт: -Эдгээр эд зүйлсийн дотор гэр бүлийн гэрэл зураг, нэрийн хуудас, ил захидал, таны захиа зэрэг зүйлс байгаа юм? 

Хариулт: -Захидлыг хамаатан Аюушид дамжуулна уу. Нэрийн хуудсыг устгаарай. 

Асуулт: -Таны хадгаламжийг бид битүүмжилсэн. 1981 онд хадгаламжиндаа 51000 төгрөг хийж байжээ. Энэ мөнгийг хаанаас авсан бэ? 

Хариулт: -Би ажил хийж цалин авч байсан, миний мөнгө бэлнээр байсныг би хадгаламжийн кассанд хийсэн юм. 

Асуулт: -Та ажиллаж байх үедээ уран бүтээлийн шагнал авч байсан уу? 

Хариулт: -Ийм шагнал авч байгаагүй, төрийн шагналыг хүүхдийн фондны төлөө авсан, мөнгөн шагналыг нь хүүхдийн фондод өгсөн, 51000 төгрөгөнд нөхрийн маань цалин ч орсон байж болно. 

БИ ХҮҮХДИЙН ФОНДНООС ХЭЗЭЭ Ч ЮУ Ч АВЧ БАЙГААГҮЙ 

Асуулт: -Дүгэрсүрэн танд 2 алтан зоос өгсөн гэж байгаа. Эдгээр зоос хаана байгаа вэ? 

Хариулт: -Хүүхдийн фондод 1 зоос байгаа юм шиг байна лээ. Би, Дүгэрсүрэн надад 1 юм уу 2 алтан зоос өгсөн алин болохыг санахгүй байгаа юм. Хэрвээ тэр 2 гэж л байгаа бол 2 л байх ёстой. Гэхдээ хүүхдийн фондод бас та нарын Цэдэнбалын сейфнээс олдогтой яг ижил 1 лан мөнгө байсан. Би алтан зоосыг аваагүй, би хүүхдийн фондноос хэзээ ч юу ч авч байгаагүй, видео кассет шиг мартагдсан юм л биш бол. 

Асуулт: -Цэдэнбалын хадгаламжинд cap бүр улсын орлогоос 500 төгрөг орж байжээ. Энэ мөнгө үндэсгүйгээр шилжигдэж байсныг бид тогтоосон бөгөөд одоо хураан авах болно. 1967 оноос 1984 он хүртэл cap бүр хийсэн 500 төгрөг буюу 100000 гаруй төгрөг болох юм. 

Хариулт: -Та бүхний мэдээлснээс үзвэл энэ мөнгийг сангийн сайд Содномын тушаалаар хадгаламжийн кассанд шилжүүлж байжээ гэдгийг би мэдлээ. Мөнгө хийснээрээ тэр л энэ мөнгийг төлөх ёстой. Үүнийг Цэдэнбалын шаардсанаар биш Содномын тушаалаар хийсэн болохоор энэ асуудлыг Содном өөрөө хийдэг ёстой байх. 

Асуулт: -Майдар, Хишигт зэрэг гэрчүүдийн мэдүүлснээр Шинжлэх ухаан техник соёлын ордныг А.И.Цэдэнбал Филатовагийн шаардсанаар хэд хэдэн удаа дахин төсөл хийж, илүү зардал гаргаж байж, энэ талаар та юу ярих вэ? 

Хариулт: -Би зураг төслийн институтийг захирч чадахгүй байсан. Тэд л өөрсдөө зөвлөгөө авахаар ирдэг учраас би зөвлөдөг байсан. Гэхдээ эцсийн шийдвэрийг өөрсдөө л гаргадаг байсан шүү дээ. 

Асуулт: -Санхүүгийн байгууллагаас бэлгийн фондноос нэг сая илүү төгрөгийн бэлэг авсан явдалд нь Цэдэнбалын нэр дээр акт тавьсан явдлыг та юу гэмээр байна? 

Хариулт: -Энэ талаар би юу ч мэдэхгүй, юу ч хэлж мэдэхгүй байна. Энэ бэлгийг түүний нэрээр авсан гэж үү, хэрвээ түүний гарын үсэг байхгүй юм бол та яагаад ийм итгэлтэйгээр, түүний нэр дээр акт тогтоосон гэж байгаа юм бэ? Би үүнийг итгэхгүй байна, түүний нэрээр өөр хүн авсан байх. 

ТҮҮНД ХОЁР ДАХЬ УДАА БААТАР ЦОЛ ОЛГОХ ГЭХЭД ЭРС ЭСЭРГҮҮЦСЭН 

Асуулт: -Пэлжээ, Молом, Лувсан зэрэг гэрчүүдийн мэдүүлгээр Цэдэнбал алт, алтан эдлэл өөртөө бэлэглэхийг шаардаж байжээ. Та юу гэж хэлэх вэ? 

Хариулт: -Энэ бол шал худлаа, би өөрийн нөхрийг мэднэ, тэр дэндүү даруу хүн байсан, жишээ нь түүнд 2 дахь удаа баатар цол олгох гэхэд тэр эрс эсэргүүцэж, баатар хүн зөвхөн 1 л удаа байж болно гээд аваагүй. Үүнийг Москвад Моломжамцтай утсаар ярьсан юм. Мөн түүнийг маршал цол авахгүй гэж байхад нь мөн л олгосон.

Асуулт: -Та өөрийн хүү нарт мерседес болон вольсваген маркийн машинуудыг яаж худалдаж авсан бэ? 

Хариулт: -Машиныг НАХЯ-ны 3 дугаар газраар дамжуулж авсан. Машины үнийг бүрэн төлсөн, бид үүнээс гадна сэлбэгийг нь бас худалдаж аваад үнийг бүрэн төлсөн. 

Асуулт: -Цэдэнбал болон түүний тойрон хүрээлэгчидтэй холбогдолтой мөнгөн болон эд зүйлийн асуудлыг хөндөх тохиолдол болгонд гэрчүүд үүнийг Цэдэнбалын шаардлага болон хүсэлтээр ингэж шийдвэрлэсэн гэдэг мэдүүлэг өгч байна, энэ талаар танд хэлэх зүйл байна уу? 

Хариулт: -Би үүнийг эрс эсэргүүцэж байна, мөнгөний холбоотой асуудалд тэр маш хатуу ханддаг байсан, бүр гэр бүлээсээ хүртэл тайлан шаарддаг байсан, ийм учраас түүнийг ингэж эд зүйл мөнгөний асуудалд холбогдуулж гүтгэсэн явдалд би маш их дургүйцэж байна. 

Асуулт: -Та НАХЯ-ны 3 дугаар газрын хөрөнгөөр бариулсан Жуковка дахь зуслангийн байрны талбайг томсгохыг шаардаж байсан чинь үнэн үү?

Хариулт: -Байрны төслийг өөрчлөөгүй, харин талбай нь онгорхой байсан тагтыг шиллэснээр нэмэгдсэн юм. 1981 онд зуслангийн байр барих асуудал яригдахад Цэдэнбал эсэргүүцсэн. Ингээд 1982 онд бид өөрсдийн хүч хөрөнгийн бололцооны хэрээр жижигхэн зуслангийн байшин барихаар болж барьж эхлэх үед НАХЯ-ны сайд Лувсангомбо уг байрыг барих ажлыг 3 дугаар газарт даалгах санал гаргаад өөрөө энэ ажлыг гардан хийсэн юм. 

ЦЭДЭНБАЛ Ч ТЭР БИДНИЙ ОЙГ УЛСЫН ХӨРӨНГӨӨР ТЭМДЭГЛЭХИЙГ ГУЙЖ БАЙГААГҮЙ 

Асуулт: -Хувийн машин, зуслангийн байр болон танай хүү нар болон мөн хувийн урилгаар ирсэн зочдод үйлчилсэн үйлчигээний зардал зэрэгт 370000 төгрөгийг бэлнээр улсаас зарцуулсан гэх мэтээр эрүүгийг хэргийг шалгасны дараа хохирол төлөгдөх асуудал гарах учраас бид таны зарим эд хөрөнгийг комиссын худалдаагаар худалдах болно. Үүнийг та юу гэж үзэж байна? 

Хариулт: -Холбогдох актуудын зарим нь их эргэлзээтэй байгаа тул эдгээр актуудыг албан ёсоор дахин шалгаж үзээсэй гэж хүсэх байна. Жишээ нь НАХЯ-ын сайд өөрийнхөө тушаалаар Цэдэнбалд карманы мөнгө гэж өгдөг байснаа өөрөө хариуцах хэрэгтэй. Түүнчлэн би болон Цэдэнбал ч тэр бидний ойг улсын хөрөнгөөр
тэмдэглэхийг гуйж байгаагүй. Мөн ойг тэмдэглэж байсныг би санахгүй байна. Шаардлагатай л юм бол эд зүйлийг комиссын худалдаагаар худалдуулна биз. 

Асуулт: -Актуудыг бид хурандаа Чулууны гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн тогтоосон, энэ баримтууд хэр үндэслэлтэй гэж та бодож байна?. 

Хариулт: -Би мэдэхгүй, бидний бүх санхүүгийн асуудлыг Чулуун шийдвэрлэдэг байсан. Москвад байхад Чулууныг маш их хүнсний зүйл авсан гэж надад ярьж байсан, хаашаа явуулсныг би мэдэхгүй. 

Асуулт: -Та бүх эд зүйлээ Монголд орхисон гэж ярьж байна, гэтэл 1988 онд та явахынхаа өмнө 5 тоннын 2 контейнер ачуулж байсан, мөн Нанзад ч галт тэргээр эд зүйл явуулж байсан байна, энэ ямар учиртай юун эд зүйл болохыг та тайлбарлахгүй юу? 

Хариулт: -Бүгд бидний хувийн эд зүйлс байсан, жишээ нь японы сервиз, ор дэрний хэрэгсэл, хувцас, ном гэх мэт. Эдгээрийг монголын гааль бүгдийг нь шалгасан шүү дээ. Өөртөө савхин эдлэл, нэхий дээл, бусад хувцас зэргийг авснаа Нанзадаар галт тэргээр явуулсан. Мөн мөнгийг нь төлж 3-р газраас авсан мебель байсан юм. 

Асуулт: -Таны бүх эд хөрөнгө, хадгаламж битүүмжлэгдсэн байгаа, таны хууль ёсны эрх ашгийг хэн хамгаалах вэ? 

Хариулт: -Аюуш миний эрх ашгийг хамгаалах болов уу, хэрэв тэр зөвшөөрөхгүй бол монголд миний хууль ёсны эрх ашгийг хамгаалах хүн өөр байхгүй. 

Асуулт: -Тэгвэл бид танд өмгөөлөгч томилох болно шүү? 

Хариулт: -Би ямар ч өмгөөлөгч мэдэхгүй, ийм нөхцөлд тэр ч миний эрх ашгийг хамгаалж чадахгүй байх. 

Байцаалтанд А.И.Филатовагийн хүсэлтээр БНМАУ дахь ЗХУ-ын ЭСЯ-ны консулын хэлтсийн нарийн бичгийн дарга Зайнутдинов, Руслан Амировыч нар байлцав. 

Миний ярьсан зүйлийг үнэн зөв бичжээ. 

Протоколыг уншсан Мөрдөн байцаагч Уранцэцэг, Дамдинрагчаа 
23.00 цагт дуусгав. 
Байцаалтын үргэлжлэл: 
23 цаг 25 минут. 

Асуулт: -Танд буу зэвсэг байсан, хичнээн тооны буу байсан бэ? Гоц үнэтэй буу байсан уу? 

Хариулт: -Манайд маш олон буу зэвсэг байсан, тэнд 16-17 зуунд хийгдсэн Жуковын бэлэглэсэн мушкет 1 байсан, мөн Югослав, Чехословак, Ардчилсан Германд үйлдвэрлсэн карбин буунууд болон ангийн буу байсан. Жагсаалт байхгүй, Нанзад, Гэндэндаржаа нар мэдэж байж болох юм. Үүнээс гадна гар буу, автомат гар буу, зауер, прабеллум, ТТ гэх мэт буу байсан. 1988 онд биднийг явах үед Гладнелав 1 бууг дурсгал болгож авахыг III газрын ажилтнууд зөвшөөрөөгүй. Хуй гол дээрээ шигтгээтэй ганцхан ширхэг үйлдвэрлэсэн Тулан бууг бид дурсгал болгож үлдээхийг хүсэж байсан. 

Асуулт: -Энд байгаа ямар эд зүйлийг өөртөө үлдээхийг та хүсэж байна?. 

Хариулт: -Тийм юм байхгүй, үүнийг хурдан дуусгахыг хүсэж байна. Энд юу үлдсэнийг мэдэхгүй, санахгүй байна. 

Гэрч: 

Мөрдөн байцаагч Уранцэцэг 
23 цаг 44 минутанд дуусгав 

Орчуулсан: Үүрцайх

Санал болгох

Сэтгэгдэл

top