|

Ерөнхий сайд гомдол гаргавал өөрийнх нь зургийг шатаагчдад эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

namuunaa 2015/06/11 798 0

"Гал үндэстэн холбоо” болон орон нутгийн иргэдийн төлөөлөл зарим ТББ-ын төлөөлөл Гацууртын ордыг ашиглахыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн.Тэд мэдэгдэл хийснийхээ дараа Их тэнгэрийн аманд очиж  Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зургийг шатааж бэлгэдлийн шийтгэл оноох зан үйл хийсэн юм.

 

Мэдээж тэдний энэхүү үйлдлийг иргэд ихэд таагүй хүлээж авлаа. Хэдийгээр төрийн өндөрлөгүүд, УИХ-ын эрхэм гишүүдийг шүүмжлэх асуудал байх ч зураг хөргийг нь шатааж, өшиглөж доромжилсон нь олон иргэний дүргүйцлийг хүргэв.


Тиймээс эдгээр ёс зүйгүй аашилсан иргэдэд хариуцлага тооцохыг шаардах иргэд ч байлаа. Энэ талаар цагдаагийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад "Ерөнхий сайд иргэн хүнийхээ хувьд миний нэр төрийг олон түмний дэргэд гутаан доромжилсон гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргавал шалгана” гэх тайлбарыг өгч байна. Хэрвээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийнх нь зургийг шатаагчдын эсрэг гомдол гаргавал харьяаллыг прокурорын байгууллагаас тогтооно. Бүр тодруулбал, иргэн хүнийх нь хувьд цагдаагийн байгууллагад шалгах уу эсвэл төрийн өндөрлөгтэй холбоотой учраас Тагнуулийн Ерөнхий газрын харьяанд шилжүүлэн шалгах уу гэдгийг прокурорын байгууллагаас тогтоох юм.


Ерөнхий сайд гомдол гаргавал эдгээр иргэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110-т зааснаар доромжлох гэх зүйл ангиар хэрэг үүсгэн шалгах юм байна. Тус зүйл ангид бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ хэмээн заасан байдаг аж.


Юутай ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зургийг шатааж, өшиглөж олон нийтийн өмнө доромжилсон үйлдэл олон хүний дүргүйцлийг хүргэж байгаа бололтой. Фэйсбүүк, твиттер хуудсаараа дамжуулан олон нийтэд илэрхийлж байна.  

Б.Чимэг

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

top