|

АТГ-т шалгагдах ёстой хүний нэг Д.Жигжиднямаа дарга мөн үү?

saikhnaa 2017/11/30 804 0

АТГ-т шалгагдах ёстой хүний нэг Д.Жигжиднямаа дарга мөн үү?

УБТЗ-ын орлогч даргын албыг хашиж байсан Д.Жигжиднямаагийн тухайд "Болд төмөр Ерөө гол" ХХК-ийн эзэн, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хүн гэгддэг. Энэ ч утгаараа Б.Дэлгэрсайхан өөрийн хүнээ УБТЗ-ын удирдлагад шургуулахын тулд намдаа 500 орчим сая төгрөгийн хандив өргөсөн тухай мэдээлэл хэвлэлээр бичигдэж байв. Үнэтэй суудал худалдан авсан гэдэг Д.Жигжиднямаа уг газрын дарга болмогцоо халаа сэлгээ хийж, өөрийнхөө хүрээллийн хүмүүсийг албан тушаалд томилсон гэдэг.

 УБТЗ ХНН залилан, хулгай, авлигын хэрэгтэй хүмүүсийг удирдах албан тушаалд томилжээ

Тэрбээр УБТЗ ХНН тодорхой албан тушаалтнуудыг ашиг сонирхлын зөрчлийг нь харгалзалгүй шууд томилсон хэмээн АТГ-аас мэдээлж байсан. Тухайлбал, авлигын хэргээр шалгагдаж, 2015 онд ял авсан хүн тус нийгэмлэгт Хяналт шалгалт, дотоод аудитын даргаар томилогдсон байна. Бас 80 сая төгрөгийн залилангийн гэмт хэргээр шүүхээс ял завшсан Зоригт гэх хүн Худалдан авах ажиллагааны албаны даргаар томилогдсон. Мөн хулгайн хэргээр 6 жилийн ял эдэлж байсан Оюунчимэг гэх хүн Хөдөлмөр харилцааны албаны дарга буюу АТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байна гэх мэдээллийг Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан өгсөн байдаг.

Энэ томилгоонуудыг цуцлуулах талаар АТГ-т удаа дараа гомдол ирсэн ч хэрэгсээгүй аж.  Тиймээс Олон нийтийн зөвлөлд ханджээ. Олон нийтийн зөвлөл эл асуудлаар УБТЗ ХНН-д хандаж, 10 дугаар сарын 2-нд дээрх хүмүүсийг ажлаас халлаа гэсэн хариуг авсан байна.  Тэгээд өчигдөр АТГ-ын хяналт шалгалтын төлөөлөл болон Олон нийтийн зөвлөлийн гишүүнтэй хамтран ажлаас халсан эсэхийг газар дээр нь очиж шалгасан аж. Гэтэл дээрх хүмүүсийг ажлаас халах бус орлогч болгон ажиллуулж буй нь илэрчээ.

Г.Баасан "УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа АТГ-ыг хоёр удаа молигодож байна. Энэ албан тушаалтнуудыг томилохдоо АТГ-аас ашиг сонирхлын тодорхойлолт аваагүй атлаа Ийгл телевизээр "авсан” гэж гүжирдсэн. Энэ асуудлаар АТГ  Д.Жигжиднямаад хариуцлага тооцоогүй. Харин одоо энэ асуудлаар дахиад хариуцлага нэхэхээр орлогч болгоод тохуурхаж, тоглож байна. Д.Жигжиднямаа АТГ-ын захиалагч нь уу” хэмээгээд энэ асуудлаар АТГ-ын дарга Х.Энхжаргалд хандаж буйгаа мэдээлсэн байдаг.

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой өөр нэг гомдол АТГ-ын Олон нийтийн зөвлөлд ирсэн гэдэг. Тэр нь Д.Жигжиднямаа худалдан авах ажиллагаанаас тэрбум гаруй төгрөг зувчуулсан байж болзошгүй баримт аж. Олон нийтийн зөвлөлийн гишүүн Э.Бямбацэрэн " УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа 2017 оны II сард зам засварын машин худалдаж авсан байна. Ингэхдээ гуравдагч орон буюу Английн компаниар зуучлагч хийлгэн, машиныг хоёр дахин өндөр өртгөөр худалдан авсан байж болзошгүй байна. Тухайн машин нь 60 сая рублийн үнэтэй гэдгийг үйлдвэрлэгч компани мэдэгдсэн. Энэ үнэ тухайн үеийн ханшаар бол сая доллар хүрэхгүй. Гэтэл Английн компаниар дамжуулан 1 сая 770 мянган ам.доллараар энэ машиныг худалдан авчээ. Орос-Монголын хамтарсан УБТЗ-д Оросын үйлдвэрээс машин авахад зуучлагч шаардлагагүй. Өөрсдөө гэрээ хийгээд авах боломжтой энэ нөхцөлөөс Д.Жигжиднямаа 770 мянган ам.доллар буюу тэрбум гаруй төгрөгийг зувчуулсан байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулахаар хандсан" гэдгээ мэдэгдэв.

Мөн УБТЗ ХНН-тэй холбоотой бас нэгэн гомдол ирсэн аж. Энэ нь Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэлийг унаагаар хангадаг асуудалтай холбоотой гэнэ. Дэд сайд Б.Цогтгэрэл УБТЗ-аас машин унаж, шатахуунаа хийлгэдэг нь Ашиг сонирхлын хуулийн хоёр заалтыг зөрчсөн үйлдэл аж.  Олон нийтийн зөвлөлөөс үүнийг зогсоох хүсэлтийг АТГ-т шилжүүлээд буй аж.

Санал болгох

Сэтгэгдэл

top