|

Аймгуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

saikhnaa 2017/08/25 621 0

Аймгуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа П.Баттогтохоор ахлуулсан "Гангийн үнэлгээ хийх, өвөлжилтийн бэлтгэл ажил явцтай танилцах ажлын хэсэг-2” Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Төв аймгуудад ажиллалаа.

 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун, МХЕГ-ын улсын ахлах байцаагч Д.Батмөнх, ХСИС-ийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд хурандаа Х.Мягмаржав, ЦУОШГ-ын мэргэжилтэн Г.Мөнгөнбаатар, ОБЕГ-ын ГЭУГ-ын мэргэжилтэн Б.Батбаяр нар ажиллав.

 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн орон нутагт гангийн үнэлгээ хийх, аймгуудын Онцгой комиссын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг шалгах, хяналт тавьж, үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгч, нэгдсэн удирдлагаар ханган ажилласан юм.

 

Улсын онцгой комиссын 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн III хуралдаанаас өгсөн үүргийн биелэлтийг шалгах, "Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2017 оны 186 дугаар тогтоолын дагуу боловсруулсан төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцах, заавар, зөвлөгөө өгөхөд чиглэгдлээ.

 

Мөн аймгуудын Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж үүрэг, чиглэл өгөн аймаг, сум, багийн зуншлагын нөхцөл байдалтай газар дээр нь танилцан үнэлгээ хийж урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бэлтгэл, бэлэн байдалтай танилцсан юм.

 

Өвөл, хаврын бэлчээрийн даац багтаамжид тулгуурлан сум, дундын болон аймаг дундын отрын бүс нутаг, хилийн зурвас, байгалийн тусгай хамгаалалттай газарт отроор өвөлжих, хаваржих айл өрх, малын судалгаа, гантай болон гандуу байгаа аймгуудын хадлан бэлтгэх ажлын явц, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнтэй танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

 

Улмаар аймгуудын Онцгой комиссын гишүүдэд хандан байгаль, цаг агаарын хүндрэл, бэрхшээлийг урьдчилан тооцож, хадлан, өвс тэжээл, аюулгүйн нөөцийг нөөц бэлтгэх, аймаг, сумдын өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах ажлыг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top