Ерөнхий сайд чуулганы хуралдаанд мэдээлэл хийхдээ "энэ жил 1072 хувьцаанд ногдол ашиг олох боломж бүрдээд байгаа” гэсэн. Энэ үгээ Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын өмнөх өдөр ч давтаж хэлсэн. Ер нь бол энэ жилийн тухайд "Эрдэнэс Тавантолгой” компанид 1 их наяд орчим төгрөгийн ашиг үүсэхээр байгааг эдийн засагчид хэлж буй. Мэдээж сайхан мэдээ. Арванхоёр оны сонгуулиас хойш Чалкогийн өрийг барагдуулах үндсэн хэрэгсэл байж ирсэн эл компани ашигтай ажиллаж эхэлнэ гэдэг таатай мэдээ байлгүй яахав. Гэхдээ зэрэгцээд тус компани дахь хяналт, хариуцлагын асуудал яригдах ёстой юм.
Тухайлбал, компанийн ТУЗ дахь хараат бус гишүүдийн асуудал байна. 1072 хувьцааны эзэд гэж өөрсдийгөө ойлгодог, бидний монголчуудын эрх ашгийг "Эрдэнэс Тавантолгой” компанид хангаж ажиллах ёстой хүмүүс бол тус компанийн хараат бус гишүүд юм. Гэвч хараат бус гишүүдийн томилгоо нь хууль бус гэсэн асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр цугласан хүмүүс хэлж ярьж байсан юм. Тус компанийн хараат бус гишүүдээр П.Өлзийнаран, Э.Ганбаатар, Х.Болор-Эрдэнэ гэсэн гурван хүн ажиллаж байгаа. Тэднийг компанийн ТУЗ-ийн ээлжит бус хурлаар томилсон гэх мэдээлэл бий. Уг нь хараат бус гишүүд гэдэг бол тус компани дахь хувьцаанаас эзэмшиж буй Монголчуудынхаа эрх ашгийг эхэнд тавьж, байр сууриа илэрхийлж, бодит үр дүнтэй ажиллах ёстой ч, дээрх нэр бүхий гурван нөхөр ус балгасан аятай сууцгааж байгааг хуралд оролцсон хүмүүс хэлж ярьж байсныг сануулъя.
"Эрдэнэс Тавантолгой” компанийн хараат бус гурван гишүүний нэг Х.Болор-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн Х.Болорчулууны төрсөн дүү юм билээ. Х.Болор-Эрдэнэ нь өмнөх Засгийн газрын үед "Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирлаар ажиллаж байжээ. Тэгвэл нөгөө нэг гишүүн Э.Ганбаатар нь хамгаалалтын албаны захирал ажилтай.Эрдэнэс Тавантолгой компанийн үүрэг хариуцлага, иргэдийн өмнө хүлээсэн үүрэг сэлтийг мэддэг хүмүүс ч юм уу, бүү мэд. Гол нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийн холбооны зүгээс ТУЗ үүргээ сайн биелүүлэх ёстой гэж үзэж буй. Үүнд хараат бус гишүүдийн үүрэг их гэдгийг хэлж байгаа юм. Гэвчиг өнөөдрийн байдлаар хараат бус гишүүдээр сууж байгаа нөхдүүд хувьцаа эзэмшигч монголчуудынхаа талд бодьтой ажиллах уу гэдэг нь тодорхойгүй. Ялангуяа компани ашигтай ажиллаж, мөнгөний урсгал эргэж байгаа үед хувьцаа эзэмшигч иргэдийнхээ эрх ашгийг урдаа тавьж ажиллах хараат бус гишүүд нэн чухал юм.
Эх сурвалж: Hunnu.mn