|

1072 хувьцаатай холбоотой Монгол төрийн санах ой!

marsbold 2016/07/04 946 0

1465794981_baavgai44545

Монголчууд бүгдээрээ нэг ширхэг компанийн жижигхэн хувьцаа эзэмшигчид болоод хэдэн жил өнгөрч байгаа. Саяны сонгуультай зэрэгцэн 900-гаад мянган иргэн хувьцааныхаа 30 хувийг засагт зарж, 300 мянган төгрөгийг нь гурав хуваан авах ажиллагаа явагдаж буй. Тал талаас шүүмжлэл ирсэн ч, болох юм болдгоороо л болно гэгчийн үлгэрээр эрх баригчдын шийдвэр хэрэгжиж байгаа. Чухам харин шинээр бүрэлдэх Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаагаар хэрхэн оролдох нь мэдээж анхаарал татсан асуудал юм. Сонгууль угтаад МАН-ын нөхдүүд мэдэгдэхдээ  иргэдээс хувьцааг нь 1 сая төгрөгөөр авах нь зүйтэй гээд байсан. Чухам тэгээд юу болох нь уу харж л байя. Үнэндээ бол МАН 4 жилийн өмнөөс л 1 саяар хувьцааг худалдаж авах тухай асуудлыг гаргаж ирсэн л дээ. Ер нь бол хувьцаатай холбоотой мэдээллийг эргэн санахад иргэдэд олгогдсон  хувьцааг үнэ цэнэтэй болгохын тулд 2015 оноос олон улсын зах зээлд IPO гаргах бэлтгэлийг хийж байгаа гэж Н.Алтанхуягийн Засгийн газрын үед нөхдүүд хэлээд байсан. Гэтэл нөгөөх засаг нь унаж, Ч.Сайханбилэг ирсэн. Уг нь  төрийн бодлого залгамж чанараа алдах ёсгүй учраас үргэлжлэх болов уу гэсэн найдлага байсан ч, тийм сайхан  юм болоогүй л дээ. Уул уурхайн яамнаас IPO гацаад байгаагийн шалтгаан нь нүүрсний үнэ унасантай шууд холбоотой гэж, өөрсдийгөө шууд өмөөрч ирсэн. Н.Алтанхуягийн залуурдаж ирсэн Засгийн газраас Таван толгойн IPO-г  түр хойшлуулж, нүүрсний үнэ сэргэх хүртэлх хугацаанд төмөр замаа тавих шийдвэрийг гаргасан бөгөөд төмөр замаа тавьчихвал манай ашигт малтмал хэд хэдэн худалдан авагчтай болж, нүүрсээ дэлхийн зах зээлд ойрхон борлуулах боломж бүрдэж, Эрдэнэс Тавантолгой компанийн үнэ цэнэ нэмэгдэнэ гэсэн байр суурьтай байсан юм. Түүнчлэн нүүрсний үнэ өсч эхлэх үед Эрдэнэс Тавантолгой компанийн  IPO хийх нь илүү ашигтай тусна. Харин IPO хийхийн өмнө иргэд эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаагаа зарснаар илүү их орлого олох боломж бүрдэнэ гэж байв. Тэгэхээр энд анхаарал татсан нэг зүйл байгаа нь иргэд 1072 ширхэг хувьцаагаа IPO хийхийн өмнө зарж илүү орлого олох боломж үнэн хэрэгтээ байгаа билүү.

Ер нь бол Эрдэнэс Тавантолгойн хувьцаа олон улсын бирж дээр гарч үнэд хүрсний араас  улс орны хөгжилд, иргэдийн амьдралд гэрэл тусах учиртай. Харин хувьцаа эзэмшигч иргэн тус бүрийнхээ эрх ашгийн үүднээс аваад үзэхэд тус компанийн хувьцаанаас хоёр хэлбэрээр үр ашиг хүртэх боломж бий. Эхэнд өгүүлсэнчлэн IPO хийхийн өмнө зарж их орлого олох боломж байх ёсгүй.Үр ашгийг нь хүртэх боломжуудын тухайд төр эхлээд анхдагч зах зээл дээр хувьцааг нь байршуулаад, өөрийнхөө хувьцааг худалдчихна. Иргэд хоёрдагч зах зээл эхлэхээр худалдах боломж гарна. Хоёрдагч зах зээл эхлээгүй байхад ямар ч хүн хувьцаагаа зарах эрхгүй. Харин хоёрдагч зах зээл дээр хувьцаагаа худалдсанаар  анх  авсан үнэ,  худалдаж байгаа үнэ хоёрын хоорон дахь зөрүүгээс  ашиг олох боломж гарна гэнэ. Нөгөөх нь  ноогдол ашиг. Гэхдээ  ноогдол ашгийг хэдийд хуваарилах вэ гэдгийг одоо хэн ч хэлж чадахгүй. Уурхайнууд бүрэн  ашиглалтанд ороогүй. Ашиглалтад орсон нэгээс нь тонн нүүрс 70 ам.доллараар үнэлэгдэн, Чалко-руу өр дарахаар зөндөө л явлаа. Тэгэхээр ийм байдлаар дүлэгнэж байгаа Эрдэнэс Тавантолгой орлогоо олоод өр зээлээ бүгдийг нь төлөөд,  ашигтай ажиллаж эхэлсэн үедээ л иргэн  танд  ноогдол ашиг өгнө гэхээр хувьцаагаараа дамжуулан авах үр ашиг нэлээд хугацааны дараа сая нэг дөхөж мэдэх биз ээ. Гэхдээ улс орны урт хугацааны хөгжил дэвшилд үр ашиг авчрах нь чухал гэдэгтэй таны санаа нийлэх болов уу.

Гэсэн ч  "Эрдэнэс Тавантолгой” IPO-ний гацаа хэдийг хүртэл үргэлжлэх эсэх нь тодорхойгүй. Дээр өгүүлсэнчлэн нүүрсний үнийн уналтын тухайд яах аргагүй тааруухан байсан билээ. Гол нь хятад тийш урсах манай нүүрсний үнийн тухайд чөлөөт зах зээлийн зарчимаар бус хөрш улсын хэт давуу байдлаар үнэ нь тогтоогддог гэдгийг бас хаа хаанаа санах хэрэгтэй. Тэгэхээр Эрдэнэс Тавантолгойн IPO-г хойшлуулсан шалтгааныг зөвхөн нүүрсний үнийн уналттай холбож үзвэл, тэгээд бүрэн тийм гэж хүлээн зөвшөөрөх юм бол IPO ер нь хэзээ хийгдэх нь эргэлзээтэй. Гэхдээ энэ бол асуудлын нэг тал. Ер нь "Эрдэнэс Тавантолгой” –н IPO гаргахад зайлшгүй шаардлагатай асуудлууд юу байв гэдгийг тухайлан авч үзэх хэрэгтэй болж байна.

Бид бүгдээрээ "Эрдэнэс Тавантолгой”-н жижигхэн хувьцаа эзэмшигчид гэдгийг эхэнд хэлсэн. Тэрчлэн "Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна” гээд хуульчилчихсан тул  ямар ч тохиолдолд 20 хувийг эзэмшигч 2.7 сая иргэдийн төлөөллийг хангасан эрхмүүд нь хараат бус гишүүд л байхаар харагдаж байгаа. Гэтэл өнөөдрийн тухайд энэ компанийн хараат бус гишүүд нь албан ёсоор бүрдээгүй л байна. Энэ нь ч "Эрдэнэс Тавантолгой”–н  IPO-г гацааж байгаа олон шалтгаануудын нэг болж байгааг ч албаны эрхэм хэлж байсан. Түүнчлэн Хонконг болон Лондоны биржээс тавьсан  шаардлагуудыг  монголын "Эрдэнэс Тавантолгой” биелүүлэхэд хүндрэлтэй асуудлууд  байгааг ч эх сурвалжууд хэлдэг байсан. Хүндрэл үүсгэж  ирсэн тэдгээр асуудал  нь юу болохыг дуулгахаасаа өмнө IPO гаргана гэдэг нь энгийнээр хэлэхэд хувьцаагаар буюу хамгийн бага зардлаар хөрөнгө босгохыг хэлээд байгааг  тодотгох нь зөв биз. Харин Эрдэнэс Тавантолгой компани бага зардлаар 3 тэрбум ам.долларын хөрөнгө босгохын  тулд засаглалын үзүүлэлтүүдээ сайжруулах ёстой. Хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулалт татах л гэж байгаа бол  компанийн засаглалаа сайжруулахгүйгээр амжилтанд хүрч чадахгүй. Хамгийн наад зах нь компанийн ил тод нээлттэй байдал сайн байх ёстой гэсэн шалгуурын өмнө Эрдэнэс Тавантолгой нүүр бардам зогсож дийлэхгүй хэвээрээ л байна.

Гэхдээ яахав компанийн үйл ажиллагааг Гүйцэтгэх удирдлага дээр бус ТУЗ дээр төвлөрүүлэхийн тулд, төрөөс хамааралгүй, том хувьцаа эзэмшигчээс хамааралгүй,  гүйцэтгэх удирдлагаас хамааралгүй ТУЗ-ийн хараат бус гишүүдийг ёсоор нь бүрдүүлэхийн тулд, компанийн үйл ажиллагаа, менежментийн талаар мэдлэгтэй хүмүүсийг томилохын тулд, бас компанийн бичиг баримтаа зөв болгож боловсруулахын тулд, ерөөс компанийн засаглалын үзүүлэлтүүдээ сайжруулахын тулд засгаас "Эрдэнэс Тавантолгой” компанидаа Дэлхийн банкны төслийг хэрэгжүүлж  байгаа гэсэн мэдээлэл бий. Түүнчлэн компанийн хоёр орлогч захирлаар гадаад эрхмүүдийг томилсон нь хөрөнгө оруулагчийн итгэлийг татахад чиглэж байгаа гэж байсан. Гэхдээ Б.Энэбишийн оронд  Я.Батсуурь даргаар очлоо гээд Эрдэнэс Тавантолгой өнөөдрийг хүртэлх хугацаанд толгой компанийнхаа веб хуудсаар нөмөр хийж яваа, албан ёсны мэдээллүүдээ гаргадаг веб хуудас ч үгүй, үйл ажиллагааны ил тод байдал гэдэг асуудал дээр  хаалттай хэвээрээ л байгаа билээ.

Мөн 2012 оны сонгуулиас өмнө угаасаа хувьцаа гаргаж болохооргүй гацааж байсан нэг шалтгаан бол  "Хувьцаа эзэмшигчид нь 6 сарын дотор ямар нэг хөдөлгөөн хийгээгүй байх ёстой” гэсэн хөрөнгийн биржийн  шалгуурыг хангаж чадахгүй асуудал байсан юм. Учир нь УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу иргэдэд хувьцаа очсон.

Түүнээс гадна 39 дүгээр тогтоолд  "Эрдэнэс Тавантолгой” компанийн 29 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр худалдаална гэж заасан байгаа. Иргэд, аж ахуй нэгжид нийт хувьцааны 30 хувийг өгөхөөр шийдвэрлэсэн төрийн нөхдүүд, дээрх тогтоолын заалтаа мөрдөөд 29 хувийг нь гадаад дотоодын биржүүдэд гаргана гэж тооцвол Төрийн мэдэлд 51 бус 41 хувь үлдэж таарах уу гэдэг асуудал бас байсан.

Мөн Хонконгийн бирж рүү гарахад гацаа болж байсан нэг зүйл нь тэдний талаас тавьсан нэг шаардлагыг манай тал биелүүлж чадахгүй байсан. "ТУЗ-ийн гишүүдээс хоёроос доошгүй нь Хонконгийн харьяат байна” гэсэн шаардлагыг тэдний талаас тавьсан бөгөөд манай компани тэрийг нь дагаж чадахгүй учраас Хонконгд гарч чаддаггүй юм аа гэхэд Лондон руу аль боломжит хэлбэрээр  гарах гарц үлдсэн. Гэсэн ч Тавантолгой ордын нөөцийг бүрэн шинэчлэн тогтоож амжаагүй, зүүн цанхийн нөөцийг л JORC стандартаар тогтоосон байсан нь  бас л нэг шалгуурыг хангаж дийлэхгүй гацаа болж байв. Учир нь олон улсын санхүүгийн хянах байгууллагууд   эрсдлээс сэргийлэх үүднээс хөрөнгө оруулах гэж буй төсөлд хэд хэдэн  баталгаа шаарддагийн нэг нь орд газрын нөөцийг JORC ба NI 43-101 стандарт, журмын дагуу тогтоосон байх ёстой байдаг билээ.

Түүнчлэн Монгол дахь Эрдэнэс Тавантолгой Лондоны биржийн олон шалгуурыг хангаж дийлэхгүй байгаа учраас Лондонд төвтэй "Эрдэнэс Тавантолгой Пи Эль Си” гэдэг компанийг байгуулахаар шийдсэн ч, бас нэг цаасан дээрх компани болсон.

Уг нь  "Эрдэнэс Тавантолгойн хувьцааг FTSE индекст багтаахын тулд гэхээсээ илүүтэй биржийн шаардлагад нийцүүлэхийн тулд Лондонд төвтэй компани байгуулах тухай санал анх гарсан байдаг юм.

Ингээд аваад үзэхээр хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржид  арилжаалахад  гол зөвлөх, зохион байгуулагчаар Дойче банк,  Голдман Сакс  банкууд   хувьцааны борлуулалтын ажилд  БиЭнПи Париба,  Маквэари  банкууд,  хуулийн зөвлөхөөр  Hogan Lovells  компаниудтай зөвлөлдөн байж хийгдсэн ажлууд талаар болжээ. Зөвлөлдсөний үндсэн дээр компанийн үнэлгээ, хөрөнгийн зах зээлийн хандлага, стратегийн үүднээс хувьцааны тодорхой хувийг Монголын болон Лондон, Хонконгийн Хөрөнгийн биржид гурвалсан аргаар бүртгүүлэхээр боллоо л гэсэн. Гурван Хөрөнгийн биржид гарснаар өргөн хүрээтэй хувьцааны илүү их эрэлт үүсгэх боломж нээгдэнэ л гэсэн. Гэвч манай улстөрчдийн тооцоолоод байсан шиг дардан замаар явсангүй.

Эх сурвалж: Э.Болор, Шуурхай.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top