|

Өргөст хэмх, улаан лоолийн импортод цэг тавья

saikhnaa 2017/06/28 1134 0

Өргөст хэмх, улаан лоолийн импортод цэг тавья

Монгол Улс махнаас бусад хүнсний бараа бүтээгдэхүүнээ гаднаас импортолдог, түүгээр зогсохгүй хэн дуртай нь импортолж болдог, оруулж ирснийгээ хаа дуртай газраа зарж борлуулж, ашиг олдог цөөн улсын нэг байх. Эсвэл цорын ганц нь ч байж мэднэ. Тэр дундаатөмс, хүнсний ногоо импортолдог. Сахарын элсэн цөлд амьдардаг бол тийм байхаас ч өөр аргагүй.

Гэтэл хөрс шороо минь онгон дагшнаараа шахам, хад чулуу багатай л бол хаана ч хамаагүй сонгинын хар үр цацчихад хэдхэн хоноод л цоор нь цухуйх, нэг томоохон төмсийг тав хуваагаад булсан байхад ургаж л орхих тийм л оронд та бид амьдардаг атлаа төмс, хүнс, нарийн ногоогоо гаднаас импортлон тэрбум, тэрбумаар нь мөнгөө гадагш урсгасаар ирсэн. Өдгөө ч ургасаар байгаа.

Уг нь бидэнд тэгэх шаардлага байхгүй. Ногоочдын маань тарьсан байцаа, сонгино мэтийн жилдээ хоёр хурааж авдаг хүнсний ногоонууд эхнээсээ болж, наадмын маргаашаас л зах зээлд нийлүүлэгддэг. Дээр нь 370 аж ахуйн нэгж төмс, хүнсний ногоо тариалдаг. Мөн хангайн бүсийн ихэнх аймгийн иргэд хашаандаа өөрийн хэрэгцээг хангахуйц ногоог тариалдаг.

Түүнчлэн өнгөрсөн намар 165.2 мянган тонн төмс, 72.7 мянган тонн хүнсний ногоо хураан авсан бол өнөөдрийн байдлаар газар тариалангийн бүс нутаг гэгддэг Сэлэнгэ аймаг 85 мянган га талбайд төмс, Орхон аймаг 380 мянган га-д төмс, 348 мянган га-д хүнсний ногоо тариалсан байх жишээтэй. Нарийн ногооны тухайд 150 гаруй аж ахуйн нэгж хүлэмжийн аж ахуй эрхлэн өргөст хэмх, улаан лооль, сармис, бууцай, цэцэгт байцаа, яншуй, шанцай мэтийн нарийн ногоо тариалаад зогсохгүй гүзээлзгэнэ болоод жимс жимсгэнийг тариалах болсон.

Хүлэмжид тариалсан өргөст хэмх, улаан лооль эхнээсээ зах зээлд худалдаалагдаад эхэлсэн ч үнэ нь өндөр, олдоц нь ховор байгаа учраас иргэд мөнөөх л импортын хүнсний ногоогоо хэрэглэсээр байгаа юм. Үнэн хэрэгтээ өнгөрсөн намар хураасан, хатуу хэлэхэд үхэр ч тоож идэхгүй болтлоо илүүдээд байсан төмс, хүнсний ногоогоо зөв хадгалж, зөв тээвэрлэх аваас гурван сая иргэний хэрэгцээг өлхөн хангачих байлтай. Гэтэл үгүй юм аа.

Зооринд хадгалсан ногооны нөөц багасах тусам импортлогчдын царайд баярын мишээл тодрон, урд хөршийнхний химийн бордоогоор бордож бордож ургуулсан, эсийн өөрчлөлттэй хүнсний ногоог тонн тонноор нь оруулж ирэн зах зээлд шахах нь бий. Улсын их баяр наадам дөхөх тусам хэрэглээ нь нэмэгддэг лууван, төмс, сонгино, салатны навч, улаан лооль, өргөст хэмхийн үнэ тэнгэрт хадаж, кг төмс 2,100-2,500 төг болтлоо өсдөг. 

Үүнээс анзаарахад, ногоочид л хамгийн сайхан амьдармаар. Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ. Хаврын хавсарганаар тариалалтдаа гарсан ногоочид зунжингаа халуун наранд шарагдан зэрлэгтэй ноцолдсоор намрын сартай золгон, нуруугаа тэнийлгэх үед импортлогчид маш хямд өртөг бүхий ногоог импортоор оруулж ирэх эс бөгөөс газар дээрээс нь байцааг тонн-ыг нь 5-8 мянган төгрөгөөр худалдаж авч, тэдний хөдөлмөрийг үнэгүйдүүлж орхидог.

Тэгсэн мөртөө нийслэлийн иргэдэд наймдугаар сарын нэгнээс есдүгээр сарын 10 хүртэл тэнгэрт хадсан үнээр, тодруулбал, кг байцаа 3,000, төмс 1,800, монгол үрийн сонгино 2,500, лууван 2,200 төгрөгөөр худалдаалах жишээний. Намрын дунд cap гараад ч Улаанбаатар 1 хотод ногооны үнэ 500 төгрөгөөр буурдаг атлаа газар тариалангийн бүс нутагт кг 250-500 болдог гэж байгаа. 

Өнгөрсөн жил хур их орсны улмаас төмс төдийлөн ургаагүйн улмаас зах зээлд төмсний үнэ тэнгэрт хадсан хэвээр зуны дунд сартай золгоод байгаа. Наймаачид ч эл байдлыг далимдуулан буриад шар төмс, хятад шар төмсийг маш их хэмжээгээр импортлон зах зээл дээр шороонд өнхрүүлэн гадна талыг нь халтартуулж аваад "жавхлантын”, "борнуурын”, "шаамарын”, "орхоны” гэхчлэн монгол аж ахуйн нэгжүүдийн нэрийг худалдаалдаг нь нууц биш.

Иргэд ч түүнийг нь мэдсээр байж авч идсээр. Учир иймээс холбогдох яамныхан эрт ургацын ногоо зах зээлд нийлүүлэгдэхтэй зэрэгцээд импортын төмс, хүнсний ногоонд хориг тавьдаг болбол яасан юм бэ. Эдийн засаг хямарч, үрийн зээлээ төлж чадахгүйд хүрээд байгаа ногоочдын маань амьдрал жаахан ч болов сэв хийгээд авна гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэддэг байлтай. Импортын хүнсний ногоонд цэг тавьж, үндэсний ногоочдоо төр боддогоор дэмжээд өгвөл ногоочдын төдийгүй бидний ч амьдрал өндийнө дөө.

Санал болгох

Сэтгэгдэл

top