|

Аймгийн хэмжээнд 21 ААН, 600 өрх газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлжээ

saikhnaa 2016/11/04 956 0

Аймгийн хэмжээнд 21 ААН, 600 өрх газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлжээ

 

Жил бүр уламжлал болон явагддаг "Алтан намар” ургацын баяр энэ сарын 3-нд Жаргалант суманд болж өнгөрлөө. Ургацын баярт тус суманд төмс, хүнсний ногоо тариалдаг иргэн, ААН-үүдийн төлөөлөл 50 орчим хүн оролцсон юм. Тэд тарьж ургуулсан төмс, хүнсний ногоогоо ашиглаж  олон төрлийн салат, даршилсан ногоо зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэснээ дэлгэн тавьжээ. Түүнчлэн ногоочдын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан байна. 

     Энэ онд аймгийн хэмжээнд 21 ААН, 600 өрх газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж 4400 гаруй га талбайд тариалалт хийсэн гэж АЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн мэргэжилтний илтгэлд дурджээ. Энэ нь төмс, хүнсний ногооны тариалалт 80-100 га буюу 25 хувиар өссөн үзүүлэлт аж.  
 
    Үүнээс 7 ААН, 262 иргэн нь Жаргалант суманд тариалсан эрхэлж байгаа гэнэ. "Алтан намар” ургацын баярын үеэр нэг га талбайгаа өндөр ургац авсан Жаргалант сумын ногоочдод Засаг даргын тамгын газрын нэрэмжит шагналыг олгосон. Тухайлбал, Хүлэмждээ олон нэр төрлийн төмс, хүнсний ногоо тариалсан Н.Нэргүй, 80 тонн байцаа хурааж авсан С.Амартүвшин, 1 га талбайгаас 20 тонн төмс хурааж авсан Х.Сүхбаатар нарыг шагнаж урамшуулсан юм. Түүнчлэн 1 га талбайгаас 20 тонн манжин хураан авсан Б.Бямбажав, мөн хэмжээний талбайгаас 40 гаруй тонн лууван хураасан Б.Пүрэвдорж нар дээрх шагналыг хүртлээ.
   
   Төр захиргааны байгууллагын зүгээс аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үнсэн чиглэлд туссаны дагуу тариалалт хийж буй талбайд агрохимийн шинжилгээ хийсэн байна. Уг шинжилгээнд нийтдээ 4940 орчим га талбайг хамруулсан гэнэ. Ингэснээр хөрсний үржил шим сайжирч тариалалтын хувь, хэмжээ нэмэгдсэн гэж холбогдох албан тушаалтнууд нь онцлон хэллээ. Дашрамд дурдахад, Энэ онд манай аймаг төмс 3874.7, хүнсний ногоо 3578.7 тонныг тус тус хураан авсан. 
 
 
Хэвлэл, мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

Санал болгох

Сэтгэгдэл

top