|

Ц.Амгаланбаатарын бичсэн аймшигтай мессежүүдийг дэлгэлээ

munkhbat 2017/03/31 1506 0

Ц.Амгаланбаатарын бичсэн аймшигтай мессежүүдийг дэлгэлээ

 

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж С.Зориг агсны хэргийг шүүхээр шийдсэнтэй холбогдуулан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Түүний хэвлэлийн хурлын үеэр ярьсан мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

"С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван хүн 24-25 жилийн ялаар шийтгүүлсэн. Шүүх хурлын дараа прокурорууд зарим баримтыг задалж мэдээлэл хийсэн. Үүний дараа би ярилцлага өгсөн. Байдал их ээдрээтэй, эвгүй байгаа учраас хэдийгээр миний хариуцах ажил биш ч гэсэн шүүх, хүний эрх, эрх чөлөө зэрэг олон асуудал хөндөгдөж байгаа учраас мэдээлэл хийж байна. Энэ хэрэгт холбогдож голлон ярьж байгаа Ц.Амгаланбаатар гэж хүн 2007 онд үерхэж байсан найзаа зодсон хэргээр цагдаад шалгагдаж эхэлсэн байдаг. Үүнээс хойш 4 хүний амийг хөнөөсөн гэж худлаа мэдүүлэг өгч байсан юм байна. Нэг хэрэгт өөр хүнийг гүтгэж жил шахам хорьж  байгаад тэр хүн нь суллагдсан байдаг.

Эхнийх нь 2004 онд Өлзийсайхан гэдэг хүнийг Эрдэнэтэд Ишнүүр хочит Эрдэнэбаатар хохироосон гэж хоригдож байхдаа мэдүүлэг өгсөн. Сүүлдээ энэ хэргийг өөрөө үйлдсэн болох нь батлагдаж, хэргийн эд зүйл нуусан газраа зааж өгч  2009 онд цаазаар авах ял шийтгүүлсэн. Түүний цаазаар авах ялыг Ерөнхийлөгч уучилж 5 жилийг гянданд 25 жилийг чанга дэглэмтэй ангид эдлэхээр болсон. Энэ үедээ "Надад үйлдсэн бас нэг хэрэг байгаа. Та нар надад эргэлт оруул” гэсэн. Тэгээд самарт яваад Ганбат гэдэг хүнийг зүрхэн тус газар нь хутгалаад нуусан гэдэг. Амгаланбаатарын мэдүүлэг нотлогдоогүй учир Ганбат нас барсан хэргийг түдгэлзүүлсэн. Ингэж Амгаланбаатар хуурамчаар хэрэг хүлээж баахан бужигнуулсан. Эрдэнэбаатар нь Амгаланбаатартай багаасаа найзалж байсан, бараг цорын ганц найз нь. Хойд талынх нь хашаанд амьдардаг байсан хүн юм байна. Ганбат гэдэг хүнийг амийг хөнөөсөн хэрэгт хойд эцгийнхээ таньдаг хүмүүсийг гэрчээр татсан. Ийм зүйл хийсэн.

Үүний дараа Ц.Амгаланбаатар ял эдэлж байхдаа 2003 онд Архангай аймагт иргэн Ж, Т, М гэдэг 3 хүний аминд халдсан гэж ярьсан. Үүнийг Эрүүгийн цагдаагийн газрынхан шалгаад мөн тогтоогдоогүй учир хэрэгсэхгүй болгосон байдаг. 2014 оны 3- сараас Содномдаржаа, 7-р сараас Чимгээ рүү тодорхой гар утаснаас мессеж бичээд эхэлсэн байдаг. Ингээд 2015 оны 5 сарын 13-нд Чимгээгийн хашаан дотор шөнө нь нас барсан хүний цогцос аваачиж тавьсан байна лээ. Нас бараад  6 сараас жилийн хугацаа өнгөрсөн байж болох цогцос байсан гэдэг дүгнэлт гарсан.

Цогцос аваачиж хаясны маргааш 2014 оны 7-р сараас хэргээ хүлээ гээд мессеж бичээд байсан байгаа юм. Үнэхээр аймшигтай мессеж бичсэн байдаг. Чимгээ рүү 95983670 гэсэн утаснаас "Ямар хүн алсанаа мэдэж байгаа биз дээ. Чи, Жаагий /Содномдаржаа/ та хэд хоёр алаа биз дээ. Паарыг мэдэж байна уу/ Гэртээ эхнэр хүүхэдтэйгээ шатаж нас барсан залуу/ Шаазан ваарны үйлдвэрийг санаж байна уу. 98. Намайг эргэж ирэхээрээ 5 сая төгрөг өг. Жаагий мөнгөтэй байгаа биз дээ. Өгөхгүй бол хэргийг чинь гаргалаа. Та нар ямар том хүн алчихаад нуугаад яваад хэр удах вэ. Чимгээ улстөрийн хэрэг хийснээ санахгүй байна уу, шаазан ваарны үйлдвэрийн байрыг санахгүй байна уу, Та нар дээшээ ороо биз дээ, Би цагдаагийн газарт хэллээ. Хэрэг хийсэн захиалсан хүнээ ярь Чимгээ, Би орцонд та нарыг хараад байж байсан биз дээ. Та нар дээшээ айл руу орж хүн алаа биз дээ. Чимгээг хийсэн хэргээ хүлээхгүй бол Дөлгөөнийг/ Чимгээгийн хүүхэд/ чинь ална шүү" гэх зэргээр аймшигтай мессежүүд бичсэн.

5-сарын 13 буюу Чимгээгийн хашаанд цогцос хаядаг өдөр цагдаагийнхан Содномдаржаагаас тайлбар авсан байх юм. Яахлаараа энэ өдөр ч авсан юм. Тэр өдөр Содномдаржаа цагдаагийнханд "2014 оны 3-р сард Амгаланбаатар дарамталсан. Хэсэг чимээгүй байж 9-10-р сарын үед дахин мессеж бичсэн” гэсэн байдаг. Тэр үед Содномдаржаа хоригдоогүй байсан. Мөн 99284696 дугаараас загнасан, айлган сүрдүүлсэн 102 удаа мессеж бичсэн. Эдгээр мессеж дотор "Зааны тугал та хоёр Зоригийг алсан. Хэргийг олон жил дарлаа даа. Бүгдийг чинь самарнаа” гэсэн байсан. Зааны тугал гэдэг нь тэр үед ажиллаж байсан цагдаагийн дэд хурандаа хүн. Содномдаржаа дарамталсан мессеж бичээд байхаар нь цагдаагийн дэд хурандааг таньдаг байсан болохоор гуйж байгаад нэг удаа уулзчихсан юм шиг байгаа юм. "Чи яах гэж Зоригийг алсан бэ, зааны тугал та хоёр барахгүй шүү. Зоригийг алсан хэрэг чинь шатаасан хэрэгтэй чинь нийлээд алуулна. Зоригийг алсан хутга чинь надад байгаа. Зоригийг та нар яаж аллаа. Би олон жил нуусан нь буруудаа юу. Би Зоригийг хэлсэн алуурчин та нарыг хэлж шоронд оруулнаа. Зааны тугал та хоёр Зоригийг алсан алуурчид шүү, Паарыг гэр бүлээр нь шатааж алаа биз дээ. Дөрвөн хүний аминд хамт унанаа. Чамайг паарыг алсныг гэрчлэх хоёр амьд гэрч байгаа шүү. Паарыг ямар зорилгоор шатааж алснаа санаж байна уу” гэх мэтээр бичсэн байдаг.

Эдгээр мессежнүүдийг уншаад байхаар Содномдаржаагийн хүүхдүүдийнх нь хувцасны өнгө, байр байшингийнх нь байдал, шөнө гэрлээ унтраасан, асаасан гээд бүх л зүйлийг харж байгаа мэтээр бичсэн байдаг. Ингэж мессежүүд бичсэний дараа юу болсон гэхээр 2015 оны 3-р сарын 21- нд хуулийн байгууллагын нэг ажилтан Эрдэнэтэд очоод Содномдаржаатай таарч маргаан үүсгэсэн байдаг. Бага зэргийн зодоон болж 3-р сарын 31-нд Содномдаржаад эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. Үүнээс хоёр сарын дараа Чимгээгийн нөхөр Бямбасүрэнгийг ээж Сэрсмаагийн хашаан, үнээс хойш 3 сарын дараа Чимгээ, Содномдаржаа нарыг баривчилсан байна. Ийм л зүйл болж.

Энэ тухай мэдээллийг та бүхэнд өгөе гэж бодсон юм. Мессеж бичсэн байдлаар л энэ хэргийг шалгах үйл ажиллагаа дууссан. Яахлаараа хуулийн байгууллагын ажилтан нь Содномдаржаатай Эрдэнэтэд таарч маргаан үүсгээд зодоон хийчихдэг юм. Шүүх хурлыг яагаад хаалттай хийв, юуг нь нуудаг юм. Яагаад прокурор нь үндэсний телевизээр мэдээлэл хийдэг юм. Энэ хэрэгт холбогдсон хүмүүсийн амьдрал сүйрч байна. Чимгээ гэдэг нь тэр хэрэг гарах үед 1,3-р ангийн хүүхэдтэй 2 настай хүүхэдтэй 27 настай байсан. Тэр гурван хүүхдийн нэг нь хоригдож байх хугацаанд нас барсан. Ээж нь болох 75 настай хөгшин Дорноговь аймагт амьдардаг. Тэр хүн надад хандсан. Булган гэдэг ганц гэрчийг бүтэн жил хорьчихоод гэрч , хохирогч биш болгочихсон. Тэгсэн хэрнээ тэр хүний ам зургаар ял өгөөд байдаг.


УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж  ийнхүү  ярьлаа. Мэдээлэл өгсний дараа  сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
 
Ц.Нямдорж: 25 жилийн дараа гол хүмүүс нь бурханы оронд очсон байх болно 

-Таны мэдээллээс   хуулийн байгууллагынхан захиалгаар ажиллаж байна гэж хардаж байгаа гэж ойлголоо. Цагдаа хүчний байгууллагуудад хэний захиалгаар ажилласан байж таарах вэ?

-Би яаж мэдэх юм. Миний ярьсан зүйлүүд бол тухайн үедээ тухайн бүр шалгагдаж байсан зүйл шүү. Амгаланбаатар худал мэдээлэл өгч, бусдыг гүтгэж яланд унагадаг гэдэг нь илэрхий ойлгогдож байна. Амгаланбаатарын ярьснаар бол зургаан хүний амь насыг хохироосон болж таараад байна шүү дээ. Надад жилийн өмнөөс цөхөрсөн ядарсан хүмүүс өргөдөл ирүүлсэн. Энэ үед хуулийн байгууллагын дарга нартай нь уулзаад "Алдаа гарах магалал их байна шүү” гээд надад иргэдээс ирүүлсэн өргөдлийг нууцын журмаар шилжүүлж байсан. Гэвч авч хэлэлцээгүй.

-Та Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа энэ хэргийг яагаад илрүүлээгүй юм бэ? 

-Хууль зүйн сайд байхад энэ хэрэг дээр ажлын хэсэг гараад ажиллаж байсан. Хуульзүйн сайд хэрэг бзртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд хөндлөнгөөс оролцож болдоггүй. 2003 онд 500 сая төгрөгийн урамшуулал өгнө гэдэг Засгийн газры тогтоол гаргаад Ажлын хэсэгт нь дэм болох гээд бүтээгүй юм.

-Шүүх, прокуророос ял сонссон хүмүүсийн гэм бурууг нотолсон гэдэг?

-Хэн нотолсон юм. Нотолсон юм бол яагаад шүүх хурлыг нээлттэй хийдэггүй юм. Яагаад хохирогчийнх нь амыг хаачихдаг юм. Би мөрдөн байцаагч биш. 61 хавтаст хэрэг байна гэж дуулдсан. Би түүнээс нэг хавтсыг нь ч үзээгүй. Би өнөөдөр 8- сарын 30-нд Содномдаржаа, Чимгээ нарыг баривчлах хүртэлх хугацаанд юу болсныг ярьж байна. Гэхдээ би баримтгүй зүйл яриагүй. Чимгээд бичсэн мессеж дотор 6-р сарын 21-нд 18.47 цагт гэрт чинь орой хүмүүс очно, хүйс тэмтэрнэ. Гичий минь надад цаазын ял дуулгасныг чи мэдэж байна уу”. Ийм зүйл цаад талд нь байна.

-Прокурор шүүхийн байгууллага захиалгатай ажиллаж байгааг нотлох зүйл бий юу?  

-Шалгаж байж тэр талаар ярина шүү дээ. Би 10 жил хэрэг уншчихсан, 30 шахам жил энэ салбарт зүтгэж байгаа хүн. Хэргийн өнгө цаад учир, сүлжээ холбоог гадарлаад байдаг юм. Миний гэрт ийм зүйл болсон бол гэж та бүхэн нэг бодоод үзээрэй. Ийм хэлмэгдүүлэлт хэний ч гэрт орж ирэхэд бэлэн байна. Яахаараа Чимгээгийн хашаанд хүний цогцос аваачиж өгдөг юм. Бямбасүрэнтэй таарсан хүн гэрт нь архи ууж хонохдоо гар утсыг нь аваад явсан. Өглөө нь хашаанд нь цогцос байсан зэрэг ноцтой асуудлууд бий.

-Тэгвэл энэ хэрэг өнөөдрийг хүртэл яагаад илрээгүй юм бэ? 

-С.Зориг агсныг амийг хөнөөсөн хэрэг гарсан орой гэрээр нь 70 хүн орж гарсан байдаг. Ингээд л хэргийн бүх ул мөр алдагдсан. Хэргийн газарт олон хүн орж гарахад л бүх алдаа гардаг. Хэргийн газарт бурхан багшийг ч бүү оруул гэсэн үг бий. Харамсалтай нь улстөрчдөөс эхлээд цагдаагийн байгууллагын 70 хүн орж гарсан байдаг юм.

-Хэрэг хоёр шатны шүүхээр орлоо. Одоо хяналтын шатанд ямар шийдвэр гарах бол гэх хүлээлтэ ар гэрийнхэнд нь байгаа? 

-Би яагаад энэ талаар ярьж байна вэ гэхээр хоёр шатны шүүхийн шийдвэр гарсан учраас ярьж байгаа юм. Хуулиараа анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан бол шүүхийн тогтоол таслан сэргийлэх хугацаа хүчин төгөлдөр болсон гэж үздэг. Хэцүү дээ. 1990-ээд онд Барамсай гэдэг хүн "Шоронгоос өшөө авагчид” гэдэг захидал бичиж бөөн юм болж байсан. Тэр үед би улсын прокурорт ажиллаж байсан. Үүнтэй ижил үйл явдал энэ хэргийн эргэн тойронд болоод байна. Нарийндаа энэ хэрэг өмгөөлөгчгүй явж байгаа. Бүгдийг нь нууц задруулж болохгүй гээд гарын үсэг зуруулаад айлгачихсан.

-Хуулийн талаасаа ямар гарц байна вэ?

-УИХ дээр авч хэлэлцэх нэг гарц бий. Гэхдээ одоо хэлэхгүй. Ядаж нээлттэй тасалж, нотлох хэрэгтэй шүү дээ. 2015 оны 8-р сарын 31-нд Содномдаржаа Чимгээ нарыг баривчилсан. Бараг 2 жил болж байгаа хэрнээ яагаад захиалагчийг нь бариагүй юм. Захиалагчийг олсон гэж бодоё. Тэр үед энэ хүмүүст захиалга өгөөгүй гэвэл яах вэ. Хяналтын шатнаас өмнө хэргийг задлах боломжгүй. Ингээд хэргийг маш нууц зэрэглэлтэй гэж хав дараад дуусгах байх. 25 жилийн дараа гол хүмүүс нь бурханы оронд очсон байх болно.

-Хэргийг дахин задалж шалгахгүй юм бол  та мэдээлэл хийх хэрэг байна уу?

-Гол хэрэг хүлээгээд байгаа Амгаланбаатар өмнө нь ямар ямар хэрэг хүлээж байсан бэ гэдгийг олон нийтэд ил болгохыг зорьсон.
 







Б.Сондор 

Санал болгох

Сэтгэгдэл

top