|

Ялын дээд хэмжээ сонссон Ц.Амгаланбаатарыг хоёр ”Сайн ах” эмнэлэгт хэвтүүлсний учир юу байв!

saikhnaa 2017/01/17 942 0

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн сард болж, шүүхээс Орхон аймгийн харъяат малчин Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт ялын дээд хэмжээ оноосон. Харин тэдний ар гэрийнхэн эл хэргийн талаар "С.Зоригийн хэрэгт гэмгүй хүмүүсийг буруутган хэлмэгдүүлж, жинхэнэ захиалагч, алуурчид нь нууц хэвээр үлдэх гэж байна” хэмээн удаа дараа мэдээлж, хууль хүчний байгууллагаас эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл хандаад байгаа. Тэгвэл өчигдөр Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын ар гэрийнхэн мэдээлэл хийж, тэднийг "Үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд дөрвөн хүний амь насыг шатааж хохироосон” хэмээн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Б.Амгаланбаатарын хэлсэн үгийг няцааж, дээрх галын хэрэг нь цахилгааны утаснаас болсон хэрэг гэсэн галын нотломж гарсан гэх шинэ баримтыг дэлгэсэн. Энэ үеэр анхан шатны шүүхээс ялын дээд хэмжээ сонсоод буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын ар гэрийнхнээс зарим нэгэн таавар хэвээр байгаа зүйлийн талаар тодруулснаа сийрүүлье.

 

Ц.Гансүрэн: Ц.Амгаланбаатар 2 жилийн өмнө хоёр сайн ах намайг эмнэлэгт хэвтүүлсэн гэж ярьж байсан

-Та бүхэн Ц.Амгаланбаатарыг ойр дотно өссөн хүмүүсээ эл хэрэгт буруутган татаж байна хэмээн үзэж байгаа. Яагаад ингэж ойлгож байгаа талаараа тодруулаач?

-Ц.Амгаланбаатар бид хоёр нэг айлын өргөмөл эгч, дүүс. Уг нь Ц.Амгаланбаатар хүн амины хэргээр 25 жилийн ял сонссон ч эдлэх ялынхаа 10 жилийг суучихсан. Одоо 15 жил гэдэг залуу хүний хувьд гайгүй хугацаа шүү дээ. Гэтэл яагаад өөрийгөө яллаад давхар эдгээр хүмүүсийг яллуулж байгаа нь үнэхээр гайхаж, эргэлзээ төрүүлж байна. Харин чанга дэглэмтэй хорих газарт байсан хүн ямар бодолтой ингэж байгааг нь бодоод ч олохгүй юм. Гэхдээ ямар нэгэн шалтгаан байгаа байх л даа. Ц.Амгаланбаатар ял аваад явсныхаа дараа надтай утсаар холбогддог байсан. Нэг удаа "Намайг Улаанбаатар хотын дамжин өнгөрүүлэх төвд хоёр хүн авч ирж, эмнэлэгт хэвтүүлсэн. Надад санаа зовох хэрэггүй” гэж 94965934 гэсэн дугаарын утаснаас ярьсан. Үүнээс хойш 2 жил хаана байгаа нь мэдэгдэхгүй болчихсон.

-Тэгэхээр та Ц.Амгаланбаатарыг ч эл хэрэгт холбоогүй гэж хэлэх гээд байна уу?

-Тийм ээ. Би Ц.Амгаланбаатарыг ч энэ хэргийг хийгээгүй гэж бодож байгаа. С.Зоригийн хэргийг гарах үед энэ хүн чинь 16 настай, хээр морио унаад л явж байдаг хүүхэд байсан юм шүү дээ. Юун тэр С.Зориг гэдэг хүнийг таниж, алах. Харин эрх мэдэлтэй хүмүүс Ц.Амгаланбаатарыг жүжгийнхээ гол дүрд тоглуулчихаад жинхэнэ эзэд нь олдохгүй үлдэж байна даа л гэж бодож байна.  

-Ц.Амгаланбаатар багадаа хэр хурц ааштай хүүхэд байсан бол. Таксины жолоочийг мөчилж хөнөөсөн гэхээр?

-Багадаа хөдөлгөөнтэй сэргэлэн л хүүхэд байсан болохоос ширүүн дорвиун ааштай хүүхэд байгаагүй. Харин 2000 оноос л хойш жаахан ааш нь эвдрээд байх шиг санагддаг байсан юм. Таксины жолоочийг хөнөөсөн талаар би юу ч мэдээгүй байж байгаад баривчлагдаад явсных нь дараа л мэдсэн.

-Ц.Амгаланбаатартай хамгийн сүүлд хэзээ холбогдсон бэ?

-2013 оны 10 дугаар сард л дээрх зүйлийг яриад түүнээс хойш холбогдоогүй. Харин 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тагнуулынхан надтай уулзуулсан. Тэр үед би "Миний дүү даанч яав даа. Ах дүү хамаатан садан, таньдаг хүмүүсээ ийм муухай зүйлд гүтгэдэг нь яаж байгаа юм бэ" гэж асуухад надтай үнэхээр аймаар харьцсан. Намайг ална хядна гээд нүд ам нь аймаар болоод байсан. Би гарах гэтэл тагнуулын тэр хоёр халх хувцастай хүн уулз гээд намайг зөндөө дарамтлуулсан. Харин би дараа тэр тагнуулын хүмүүсээс яагаад ингэж намайг дарамтлуулж байгаа юм бэ гэж асуухад "Шоронд байгаа 25 жилийн ял сонссон хүмүүс угаасаа ийм араншинтай болчихдог юм. Та энэ тухай ямар нэгэн хүн, хэвлэл мэдээлэл яривал төрийн нууц задруулсан хэрэгт орно. Эл хэрэг чинь төрийн нууцын зэрэглэлтэй болохоор та нэг ч хүнд хэлж болохгүй гэсэн”. Тиймээс ч би 1 жил 5 сар хэнд ч юу ч хэлэлгүй шаналаад л явсан хүн шүү дээ.

-Та Ц.Амгаланбаатарыг шоронд орсноос нь хойш эргэж тойрч байсан уу. Танд ямар нэгэн байдлаар өс санах шалтгаан байсан юм болов уу?

-Уг нь үгүй л баймаар юм. Би шоронд орсноос нь хойш зөндөө л олон удаа эргэж, тойрч холбоотой байсан.

-Ц.Амгаланбаатарын тухайд өргөмөл хүүхэд байсан гэсэн. Түүний төрүүлсэн аав ээжтэй нь та ямар нэгэн холбоотой байдаг уу?

-Ц.Амгаланбаатарын төрүүлсэн ээжийг нь би огт харж байгаагүй. Харин аав нь энх тунх Эрдэнэтдээ амьдарч байгаа. Би төрүүлсэн аавд нь энэ тухай хэлсэн. Тэр хүн даанч яав даа л гэж халаглаж сууна лээ.

-Ц.Амгаланбаатар хашаандаа цогцос авч ирсэн гэх мэдээлэл сүүлийн үед гараад байгаа. Танд энэ талаар мэдэж байгаа зүйл байгаа болов уу?

-Үүнийг би ташаа мэдээлэл гэж бодож байна. Ц.Амгаланбаатар хашаандаа цогцос авч ирсэн биш. Манай дүү Бямбадоржийн хашаанд нэгэн цогцос оруулаад хаячихсан байсан юм. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаад тогтоосон зүйл байх аа.

Л.Жавзмаа: Манайхан арга ядсан хэн нэгнээс мөнгө аваад хүний аминд хүрчих хүмүүс биш

-С.Зоригийн хэрэгт яагаад танай хүү холбогдчихвоо. Та бүхэн удаа дараа мэдээлэл хийлээ?

-С.Зоригийн хэрэг гэдэг чинь улс төрийн л хэрэг байсан биз дээ. Гэтэл энгийн номхон иргэдээр энэ хэргийг хаалгаж, улс төрчдийгөө нуун дарагдуулах гэсэн шалтаг байна л гэж би бодож байгаа. 25 жилийн ял авсан Ц.Амгаланбаатарыг л бамбай болгож байна шүү дээ. Түүнээс биш жирийн малчин, ногоочин хүүхэд яах гэж тэр хүний аминд хүрсэн байх вэ дээ. Тэр 22-хон настай хүүхэд улс төрч хүний албан тушаал, эд хөрөнгийг нь авах гэж алсан байна гэж байхгүй биз дээ. 

-Улсын Ерөнхий прокурор Б.Содномдаржаа нарыг "Үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд дөрвөн хүний амь насыг шатааж хохироосон” хэмээсэн. Энэ талаар?

-Улсын Ерөнхий прокурор Амгаланбатаар гэдэг хүнд сая Ц.Элбэгдорж том албан тушаалд томилсон байна лээ. Гэтэл тэр хүн төрийн том индэр дээрээс "Энэ хүмүүс С.Зоригийг алчихаад мөрөө баллахын тулд айл шатаасан гээд хэлээд сууж байгаа юм. Тэр хүн яаж чадаж байна. С.Зоригийн хэргээс хойш 8 сар 10 хоногийн хугацааны дараа болсон хэргийг мөрөө баллахын тулд гэж яаж хэлж чадаж байна вэ. Үүнийг би бүгд хуйвалдаан гэж үзэж байна. Би тэр хүнд хандаж, "Та ёстой болиорой. Энэ сайхан төрийн дээд индэр дээрээс ард түмний сэтгэл санааг үймүүлж худал хэлэхээ болиоч. Ингэж хэлснийхээ төлөө дахиад өндөр албан тушаалд очих уу” гэж хэлж, асуумаар байна. Үнэхээр гомдож байна.

-Галын хэрэг цахилгааны утаснаас болсон гэдэг нотломж гарсан юм байна?

-Тийм ээ. Бүхэл бүтэн албаны хүний галын шалтгаан нь цахилгааны утаснаас болсон гэдэг нотломж гарсан байхад яаж ингэж хэлж чадаж байна вэ. Гал гарсан айлын хүмүүс хүртэл үнэхээр цахилгааны утаснаас болсон. Олон жил болсон утас байсан гэж хэлсээр байхад яагаад ингэж хэргийг жирийн хүмүүст тохох гээд байгаа нь үнэхээр гайхаж байна. Өнөөдөр хуулийн байгууллага гэж үнэхээр хачин болчихсон, шударга шүүх гэж байхгүй болчихсон юм байна гэж бодож байна.

-Та бүхэн шүүх хурлаас хойш ямар нэгэн байгууллага, хүмүүст хандсан уу?

-Бид шүүх хурлын дараа Эрдэнэтэд тайван жагсаал зохион байгуулсан. Өөрсдийн хөлөө хүрэх газар хүртэл явж, хандаж байна. Хамгийн гол нь ард түмэн хүүхдүүдийг минь буруугүй гэж харж, бидэнд сэтгэлийн дэм өгч байгаад нь туйлын их баярлаж байна. Үнэн мөн олдох байх аа.

- Б.Содномдаржаа хувь хүнийхээ хувьд ямар хүүхэд байсан юм бэ?

-Миний хүү их өрөвч, хүнд тусархуу хүүхэд байсан. Хүү маань Эрдэнэтэд 8 дугаар анги төгсөөд ТМС-д сурч төгссөн гагнуурчин мэргэжилтэй хүн. Харин багаасаа аав ээждээ туслаад л ногооны талбай, малын фермд ажиллаж өссөн хөдөлмөрч хүүхэд байгаа юм. Хамгийн гол нь зүрх муутай зөөлөн хүн болохоор л хүний дарамт шахалтанд ороод л элдэв зүйл дээр гарын үсэг зурчихсан байх вий дээ л гэж айж байна.

-Уучлаарай нэгэн таагүй гэмээр зүйл асуух гэсэн юм. Танайх амьдралын хувьд хэр боломжийн амьдралтай айл вэ. Зарим хүмүүс эдгээр хүмүүс их хэмжээний мөнгө аваад эл хэргийг үйлдсэн байж болох гэх хардлагатай байх шиг байна?

-Манайх ер нь хэдэн үеэрээ боломжийн амьдралтай, хөдөлмөрч хүмүүс байсан. 50 тарлан үнээтэй түүнийхээ сүүг зарж борлуулдаг, 10 га газар ногоо тарьж, Эрдэнэтийн ард түмнийхээ хүнсний хэрэгцээг хангадаг айл. Эрдэнэтийн хөдөлмөрчин олон, удирдах албан тушаалтангууд гээд бүгд мэднэ дээ. Манайхан арга ядсан хэн нэгнээс мөнгө аваад хүний аминд хүрчих хүмүүс биш.

-Б.Содномдаржаа Ц.Амгаланбаатарыг таксины жолоочийг хөнөөсөн гэх хэргийг нь илчилсэн болохоор өс санаж эл хэрэгт татаж байна гэх мэдээлэл байсан. Үүнийг та хэр сайн мэдэх вэ?

-Би нарийн учрыг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ манай Эрдэнэт хотын мөрдөн байцаагч Эрдэнэбат гэдэг хүнтэй хүү маань найз байсан юм. Тэгээд л дуулж сонссон зүйлээ хэлснээс болсон байх магадлалтай. Энэ талаар яг өөрөөс нь сонсоогүй ээ. Харин хамгийн гол нь эргэж тойрч байгаагүй болохоор л өс санаж, дарамталж, элдэв мессеж бичиж, эцэстээ шоронд орууллаа л гэж бодож байна.

-Та шүүх хурлын дараа Б.Содномдаржаатай уулзсан уу. Юу гэж байх юм?

-Шүүх хурлын дараа 15 минут уулзсан. Тэр үед хүү маань "Ээжээ хүү нь үнэхээр энэ хэргийг хийгээгүй шүү. Шүүхийг ийм шийдвэр гаргана гэж үнэхээр бодсонгүй” гээд хоолоо ч идэхгүй уйлж байсан. Хүү маань эхнээсээ л их дарамтлуулж байсан. Одоо ч дарамтлуулж байгаа нь ойлгомжтой.   

-Та бүхэн шүүх, хуулийн байгууллагад ямар нэгэн гомдол гаргасан уу. Тухайлбал Б.Содномдаржаад элдэв дарамталсан мессеж ирдэг байсан гэсэн?

-Бид хуулийн байгууллагад гомдол гаргахаар огт авч хэлэлцдэггүй. Мессежний тухайд энэ нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд л хэрэгсэхгүй болгочихсон.   

Эх сурвалж: 24tsag.mn

http://www.24tsag.mn/content/144955.shtml

Санал болгох

Сэтгэгдэл

top