|

“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа

zulaa 2015/03/30 2618 489

“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа

 

Байгуулагдаад 37 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ч Эрдэнэт үйлдвэрийн удирдлага хоёр дахь жилдээ л тайлангийн хурал зохион байгууллаа. Үйлдвэрийн хэвлэл мэдээллийн албанаас тайлангийн хуралдаа төвийн буюу Улаанбаатарын сэтгүүлчдийг өнгөрсөн онд өргөн бүрэлдэхүүнээр урьж оролцуулсан юм. Энэ удаад Улаанбаатараас телевиз, сонин, сэтгүүлч, сайтын 40 сэтгүүлч болон МСНЭ-ийн удирдлагууд тайлангийн хуралд оролцлоо.

Манай үйлдвэрээс их хэмжээний зардал гарч байгаа. Лондонгийн арбитрын шүүх дээр маргалдаж байна. Ирэх долдугаар сард шүүхийн эцсийн шийдвэр гарах ёстой.

Тайлангийн хурлыг нээн үг хэлсэн үйлдвэрийн дарга Ц.Даваацэрэн өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийнхэн ямар томоохон ажлууд хийснийг товч танилцуулахад

  • 39000 тууш метр өрөмдлөг хийн, үйлдвэрийн түүхэнд өрөмдлөгийн дээд амжилт тогтоосон.
  • Анх удаа олон нийтэд ил тод байдлаар тайлангаа танилцуулсан.
  • Монголын хамгийн урт буюу 5,6 км урт дугуйн замыг Эрдэнэт хотод барьсан.
  • Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийг эхлүүлсэн.    
  • Бүх төлөвлөгөөгөө 100 хувь давуулан биелүүлж, УЗ-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

Ингээд "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд болон сэтгүүлчдийн уулзалтын тэмдэглэлийг хүргэе.  

Өдрийн сонин: "Эрдэнэт” үйлдвэрийг ил тод, нээлттэй болгож байгаа Ц.Даваацэрэн даргад талархахаас өөр аргагүй. Бид 10 жил нэхээд энэ тайланг авч чаддаггүй байлаа. Оросын талын хөрөнгө оруулагчид Эрдэнэт үйлдвэрийг хэрхэн дүгнэж байна вэ?

Ц.Даваасүрэн: Оросын талын 49 хувийг 100 хувь төрийн өмчит Ростехнологи корпораци эзэмшихээр болсон. Энэ талаар Оросын талаас албан ёсоор мэдэгдэн, манай Засгийн газар, парламентаар хэлэлцүүлсэн.

Аист Монголиа телевиз: Монгол Улс болон ОХУ-ын аудитын дээд байгууллагуудын хамтарсан аудитын дүнгийн хуралдаан Гадаад хэргийн яаманд болсон. Ямар санал, зөвлөмжийг та бүхэнд өгөв?   

Ц.Даваасүрэн: ОХУ-ын Үндэсний аудитын газар манай аудитын газартай хамтран өнгөрсөн арван нэгдүгээр сараас шалгалтаа эхлэн, өнгөрсөн 7 хоногт дууслаа. Тэд "Эрдэнэт” үйлдвэрийн ноогдол ашиг хуваарилах бодлогыг өөрчлөх цаг болсон гэдэг дүгнэлт гаргасан. Үйлдвэрийн эдийн засгийн байдал хүнд, өр авлага их байна. Нийт ашгийн 70-аас дээш хувийг ноогдол ашиг хэмээн хоёр тал авчихдаг. Иймд бид техникээ шинэчлэх, өргөтгөлөө хийх боломжгүй болж, санхүүгийн эх үүсвэргүй хоцордог. Бид шинэчлэл, өргөтгөлөө дандаа банкны зээлээр хийдгээс өр хуримтлагдсан.          

Аист Монголиа телевиз: ноогдол ашиг хуваарилалтын бодлогоо ингэж өөрчилье гэдэг төлөвлөгөө боловсруулсан уу?

Ц.Даваасүрэн: Дөрөвдүгээр сард манай УЗ хуралдана. Энэ хурлаар дээрх асуудлыг хэлэлцэнэ. Бид бэлтгэл базааж байна. Одоо бид цэвэр ашгийнхаа 30 хувийг нь акционерууддаа өгөхөөр төлөвлөж байна. Хэрэв энэ янзаар 3-4 жил үргэлжилбэл үйлдвэрийн эдийн засгийн чадавхи бэхжинэ.      

UBS TV: Та бүхэн ирэх тавдугаар сард 1000 инженерийн гурав дахь хурлаа хийх гэж байгаа юм байна. Инновацийн ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ. Охин компаниудын байдал ямар байна?

Ц.Даваасүрэн: "Эрдэнэт” үйлдвэр барилга засварын завод болон нэг оёдлын үйлдвэртэй. Аль аль нь ашигтай ажиллаж байна. Цаашид эдгээрийг охин компани хэвээр нь үлээх үү эсвэл үйлдвэртээ нэгтгэх үү гэдгийг УЗ шийднэ.   

Инновацийг дэмжих гол хөшүүрэг нь урамшууллын систем. Шилдэг санаа, санаачилгыг бид маш хурдан үнэлээд, үр дагаврыг нь тооцон, үнэлэх ёстой. Ингэвэл шинээ санаа гаргах сонирхол бий болно. Үр дүнд нь үйлдвэр хөгжих, шилдэг санаа гаргагчдын бодит орлого нэмэгдэх учиртай. Хоёр талдаа харилцан ашигтайгаар туршлагатай мэргэжилтнүүдийнхээ оюуныг үнэлэх ёстой. Өнгөрсөн жил бид Инновацийн журмаа баталсан. Монгол Улс Инновацийн тухай болон Оюуны өмчийн тухай хуультай. Бид явцын дунд урамшууллын системээ сайжруулна.       

Info.mn: Ростхнологи компанийн асуудлыг хэзээ ЗГ, УИХ-аар хэлэлцсэн юм бэ. Бидэнд энэ талаар хангалттай мэдээлэл алга. Хоёр улсын ЗГ хоорондын комиссоор хэлэлцсэн юм уу. Өмнөх удирдлагатай холбоотой асуудал болох Өмнөд Африкийн Стандарт Пүүрс банкинд олон сая ам.долларын  барьцаанд Эрдэнэт үйлдвэрийг тавьсан шүүхийн маргаан юу болсон бэ. Энэ маргаан үйлдвэрийн үйл ажиллагаанд ямар нэг байдлаар саад болж байна уу. "Эрдэнэт” үйлдвэр өөр авлагатай ААН-үүдийнхээ нэрсийг өнгөрсөн онд олон нийт зарласан. Тэдгээр ААН-үүд өрөө барагдуулсан уу. Өмнөх захирлуудын үеэс хуримтлагдсаар ирсэн, шахааны бизнестэй холбоотой дуулиан юу болсон бэ?         

Ц.Даваасүрэн: Өмнө нь ОХУ-ын Төрийн өмчийн хороо "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байгаад Засгийн газрынх нь шийдвэрээр Ростехнологи корпорацид шилжүүлсэн. Өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн гарын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн, дэмжсэн.  Дараа нь УИХ-аар мөн хэлэлцэн дэмжээд оросын талд нот бичгээр хариу мэдэгдсэн. Энэ бичгийг дахин баталгаажуулах шаардлагатай.

Жаст групп, Олон улсын стандарт банктай холбоотой маргаан одоог хүртэл үргэлжилж байна. Манайхаас гаргасан баталгаа нь хуурамч гарын үсэгтэй гэж бид үздэг. Манай үйлдвэрээс их хэмжээний зардал гарч байгаа. Лондонгийн арбитрын шүүх дээр маргалдаж байна. Ирэх долдугаар сард шүүхийн эцсийн шийдвэр гарах ёстой.

-Нууц биш бол ямар хэмжээний зардал гаргасан бэ?

-Эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Б.Алтанхуяг: Хоёр (Энэ үеэр Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч И.В.Рой эрс хориглосон тул тэрээр цааш тодорхой хариулт өгсөнгүй) Өмгөөлөлтэй холбоотой нууц мэдээлэл учраас надад сануулж, дэлгэрэнгүй мэдээлэх шаардлагагүй гэж байна.    

Ц.Даваасүрэн: Лондонд олон улсын арбитрын шүүхэд маргалдаж байгаа тул Лондоны өмгөөлөгчийг хөлсөлсөн. Өмгөөллийн зардал гарч байна. Энэ нь бидний хооорнд байгуулсан гэрээнд зааснаар нууц байх ёстой. Аяндаа шүүх хурал эцэслэхээр бид гарсан зардлаа нөгөө талаас нэхэмжлэх эрхтэй. Тэр үед албан ёсоор зардлаа тайлагнана.

2013 онд бид 105 ААН-ийг хар дансанд бүртгэсэн. Манайд их хэмжээний өр авлага үүссэн, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй ААН-үүдийг зарласан юм. Итгэлгүй компани гэдэг үүднээс зарласан. Манай өр барагдуулах албаныхан 48 компаниас 11,7 тэрбум төгрөгийн өр барагдуулсан.     

-2015 оны хүлээлт ямар байгаа вэ. Борлуулалт ямар байхаар байна?

Агуулах дахь бараа цэгцэрсэн. Агуулахын нормативт үлдэгдэл гэж байдаг. Тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрт шаардлагатай бараа материалаа бид нормативын дагуу цэгцэлж байна. Үйлдвэрт ашиглахгүй 8 тэрбум төгрөгийн бараа, сэлбэг байсан. Үүнээс хоёр тэрбум төгрөгийн барааг нь нээлттэй дуудлага худалдаагаар борлуулсан. Ашиглах боломжгүй хоёр тэрбум төгрөгийн барааг устгалд оруулсан.

Ийгл телевиз: "Эрдэнэс Монгол” компанитай "Эрдэнэт” үйлдвэрийг нэгтгэх асуудал юу болсон бэ. Мөн зэс үйлдвэрлэх өөрийн өртөг хэд байгаа вэ?

Ц.Даваасүрэн: 2013 оны гуравдугаар сард гарсан Засгийн газрын тогтоолоор "Эрдэнэс Монгол” компаид Багануурын уурхай, Шивээгийн уурхай, "Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг эзэмшүүлэхээр заасан. Үйлдвэрийн үйл ажиллагааг ОХУ-Монгол Улс хоорондын Засгийн газрын хэлэлцээрээр зохицуулсан байдаг. Ганц манай Засгийн газрын тогтоолоор эзэмшигчийг өөрчлөх боломжгүй. Оросын тал Ростехнологид 49 хувиа шилжүүлэх шийдвэр жилийн өмнө гарсан ч нэг сарын өмнө л манай тал баталлаа. Монголын талын эзэмшигчийг өөрчлөх бол мөн л хоёр талын парламентаар заавал хэлэлцэнэ.     

-Эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Б.Алтанхуяг: 2011 оноос хойш зэсийн үнэ байнга унаж байна. Нэг тонн зэс 8800 ам.долларт хүрч байснаа өнөөдрийн байдлаар дөнгөж 6000 ам.доллар давж байна. Бид жил бүр өртөг зардлаа тооцдог. Зэсийн өөрийн өртөг өндөр байсан бол ашигтай ажиллах хэцүү. Бүсээ чангалан, ханцуйгаа шамлаж, хэмнэлтийн бодлого явууллаа. Байж болох бүх зардлаа бууруулсан. Олборлолтооо нэмэн, баяжмалын чанараа сайжруулж, ашиг олж болох бүх гарцыг эрэлхийлсэн. Өмнө нь бараг тоодоггүй байсан өр авлагаа ч авдаг боллоо. Гэрээний үүргээ биелүүлээгүй бол торгууль тооцдоггүй байсан бол одоо тооцдог боллоо. Бид өнгөрсөн онд нэг тонн зэсийн баяжмалын өөрийн өртөг 6098 ам.доллар байхаар төлөвлөсөн. Бодит амьдрал дээр 5364 ам.доллар болгон бууруулж чадлаа. Үр дүнд нь бүх төлөвлөгөө биелсэн. 2013 оны улсын төсөвт нэг тонн зэсийн өртөг 6625 ам.доллар байхаар төлөвлөсөн байсан.        

Ц.Даваасүрэн: Би хямралыг даван туулах хөтөлбөр боловсруулан ажилласан. Ямар зардлаа царцаах уу гэх мэтчилэн нарийн төлөвлөсөн.

Зууны мэдээ: "Эрдэнэт” үйлдвэр дахин 30-40 жил ажиллана гэж байна. Гэтэл хүдрийн агуулга дахь зэс, молибдений хэмжээ улам буурч байна.

Ц.Даваасүрэн: Геологийн нөөцөөр манайд 930 гаруй сая тонн хүдэр бий. 905 хүртэлх түвшинд ил уурхайг ажиллуулахад 42 жил уурхай ажиллана. Хүчин чадлаа 6 тонноор нэмбэл 30 орчим жилийн нөөц бий. Одоо бид 905-аас доош түвшинд хайгуулын ажил хийж байна. Үр дүнд нь нөөц өснө. Мөн Төвийн орд, Завсрын орд, Шандын ордод хүдрийн биет урагшилж байна. Энд хайгуулын ажил хийн, нөөцөө нэмэх боломжтой.

Gogo.mn: Сүүлийн саруудад ОХУ-д эдийн засгийн нөхцөл байдал нь муудаж байна. Үүнтэй холбогдуулан оросын талын "Эрдэнэт” үйлдвэрт баримтлах бодлого болон зарчимд өөрчлөлт орсон уу. Шилэн дансны тухай хууль хэрэгжээд 3 сар өнгөрлөө. Гэтэл танай компанийн худалдан авалт нээлттэй биш л байна. Гуравдугаарт, устгалд оруулсан 2 тэрбум төгрөгийн барааны талаар тодруулахгүй юу.

Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч И.В.Рой: Бид өнөөдөр энд "Эрдэнэт” үйлдвэрийн талаар ярьж байна. Ростехнологи корпорацийн бодлогод ямар нэг өөрчлөлт ороогүй.

Ц.Даваасүрэн: Шилэн дансны тухай хуулийн хүрээнд ямар асуудлуудаа ил тод болгох вэ гэдэг саналаа бид ТӨХ-нд хүргүүлсэн. "Эрдэнэт” хамтарсан үйлдвэр учраас бид энэ асуудлыг УЗ-өөрөө баталгаажуулна. Ер нь бол бидэнд нуух зүйл байхгүй. Зарчмын хувьд боломжтой бүх зүйлээ та бүхний өмнө ил тод хэлэлцүүлж байна. Манайх ганц төсвийн байгууллага биш бизнес компани. Бид дэлхийн зах зээлд өрсөлдөж байгаа учраас компанийн нууцад зарим зүйлийг ил тод болгож болохгүй. Зах зээл дээр өрсөлөх чадвартай байх үүднээсээ юм.

-Эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Б.Алтанхуяг: Хоёр зүйлийг ялгаж салгаж ойлгоорой. Бид өөрсдөө орлогоо бүрдүүлдэг. Харин улсын байгууллагууд улсын төсвөөс олгосон мөнгийг зориулалтынх нь дагуу ашигласан эсэх бүх тайлангаа танилцуулах ёстой. Бид бол бизнесийн, аж ахуйн байгууллага. Татвар төлөгчдийн мөнгийг зөв зүйтэй зарцуулах шаардлагыг төсвийн байгууллагуудад тавих нь зөв. Бид төрийн өмчийн оролцоотой, хамтарсан үйлдвэр. Иймд төрөөс бидэнд тодорхой хэмжээний хяналт, шаардлага тавьдаг. Бидний орлого бол төсвийн байгууллагынхаас огт өөр, тэмээ ямаа шиг ялгаатай. Тэрбум гээд сонсчихоор та бүгд эмзэглэх нь аргагүй. Нуух юм бөайхгүй. Манай нэг нэртэй нийтлэлч Эрдэнтийн агуулахад 100 мянган бэлгэвч байна гээд зарлачихсан. Огт хэрэггүй зүйл агуулахад нь байна гээд ёчлоод хэлснийг олон нийт буруу ойлгочихсон. Уг нь бол хувийн хэрэгцээний зүйлсийг аж ахуйн байгууллага авах нь эрүүл хүний ухаанд багтахгүй асуудал. Цаг үеэс хоцорсон, бичгийн машины, Зилл-130-ын сэлбэг бараа материалыг бид устгалд оруулсан. Принтерийн хор гэхэд л их хурдан солигдож байна. Энэ бараанууд нэг жилд хуримтлагдаагүй. Өмнө нь Оросоос бүх юмыг нь бэлдээд өгчихдөг нэгдсэн хангамж гэж байсан.  Тэр үеэс үлдсэн эд зүйлс ч бий. Агуулахын талбай эзэлж байсан тул акталсан. Хэрэглэж болох байсан бол хэрэглэнэ шүү дээ. Устгаж байна гээд хог дээр гаргаж хаяхгүй. Төмрийг нь хайлуулаад металл ган болгоод хэрэглэсэн. Түлээ мод бол ажилчиддаа өгсөн.           

МСНЭ: Энэ онд болон ойрын жилүүдэд Эрдэнэт үйлдвэрийнхэн ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

Ц.Даваасүрэн: Хаалт хөгжлийн бодлого дотор олон зүйл ордог. Нөхөн сэргээх, дүйцүүлэн сэргээх ажил байна. Уулын үндсэн малталтыг аюулгүй болгох ёстой. Уул уурхайн хөрөнгө оруулатын явцад бий болсон дэд бүтэц, бүтээн байгуулалтыг цааш нь зөв ашиглах ёстой. Эдгээр дээр тулгаарлан Эрдэнэт хот хөгжих ёстой. Манай уурхай цаашид зөвхөн зэсээс хамааралтай байх ёсгүй.

Оюутолгой орчин үеийн үйлдвэр. Шинэ, дэвшилтэт  технологи ашигладаг. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тал дээр тэд маш сайн туршлагатай. Энэ тал дээр тэднээс сурах зүйл бий.

Цаашид бид шинжлэх ухаан технологийн их сургуулиа өргөтгөнө. Геологи, уул уурхайн том төв болох ёстой. Саяхан бид лабораториудаа нэгтгэн, судалгааны төв болгосон. Хагас үйлдвэрлэлийг туршилт хийх боломж олгоё гэж байгаа юм. Эн төв шинжлэх ухааны паркийн суурь болно.

Маш хүчтэй суурь машинуудтай, хайлах үйлдвэртэй Засвар механикийн заводыг түшиглэн энд хийж болдог, Монголд хэрэгцээтэй бүх зүйлийг хийнэ. Энд үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжөө олон тоогоор үйлдвэрлэнэ.

Монцамэ агентлаг: Танай хэмнэлтийн горим ханган нийлүүлэгчдэд яаж тусч байгаа вэ. Эрдэнэт хот 2000 ААН-тэй юм байна. Хэмнэлтийн горимд шилжсэнээр ханган нийлүүлэгчид буурсан уу. Хаалт хөгжлийн менежментийг хэрэгжүүлэхэд эрх зүйн орчин бүрдсэн уу?

Ц.Даваасүрэн: Хямралыг даван туулах хөтөлбөр хэрэгжиж байгаа өнөө үед агуулах дахь барааг нормативдаа л барина. Гэхдээ үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг хангана. Гэхдээ ханган нийлүүлэгчдийн тогтвортой загвар өөрчлөгдсөн. Зарим барааг урьдчилан авдаг байсан бол одоо тэр бүр авахгүй. Гэхдээ орон нутгийн ААН-үүдээ дэмжинэ. Монголдоо үйлдвэрлэл эрхэлдэг ААН-үүдийг бүр сайн дэмждэг. Өнгөрсөн онд түүхий рекин, лед гэрлийн, амны хаалт, уутны гэх мэт хэд хэдэн үйлдвэр бидэнтэй хамтран ажиллахаар үүдээ нээсэн. Бид тэдний зах зээлийг хангана. Ханган нийлүүлэгчид хямраад унах болгоомжлол харьцангуй бага.     

Хуулийн орчны тухайд Ашигт малтмалын тухай хуульд хаалтын менежментийн тухай заалт байдаг ч их ерөнхий. Ер нь аливаа ажил санхүүгүйгээр явдаггүй. Хаалтын бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Хаалтын сан гэж заавал байх ёстой. Австрали, АНУ зээг улсуудад уурхайг нээхдээ л хаах төлөвлөгөө батлан, сангаа байгуулдаг. Манай хуульд сангийн тухай ойлголт огт байхгүй. Уул уурхайн компанийн хүлээх үүрэгт үүнийг нэмэх ёстой юм. Ашигтай ажиллах үедээ Хаалтын сан бий болгочихдог.  

Ашигт малтмалын тухай хуульд үүсмэл ордын талаарх тайлбар байдаг. Гэхдээ үүсмэл ордыг хэн, яаж ашиглах вэ гэдэг нь байхгүй. Ийм учраас "Ачит эх” гээд гидро металлургийн үйлдвэр манай дэргэд баригдсан хэрнээ бид гэрээ байгуулж чадахгүй байна. Энэ асуудлыг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, М.Батчимэг болон Аж үйлдвэрийн сайд манай үйлдвэрт ирэхэд танилцуулсан.

Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Б.Намхайнямбуу: Манай урт  хугацааны бодлого 10, 10 жилээр явдаг. Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжсэнээр орон нутгийн татварын бааз суурь өргөсдөг. Мөн ажлын байр нэмэгддэг. Хэрэв дараагийн удирдлагууд гарч ирээд Ачит эх, Эрдмин (зэс утас үйлдвэрлэдэг) зэрэг шинэ үйлдвэрлүүдэд овоолшоо өгөхгүй гэвэл экспортын молибден гаргах энэ үйлдвэрүүд зогсоно. Амна хаалт, резин, ган бөмбөлгийн үйлдвэрүүдээс танай барааг авахгүй гэвэл тэд зогсоно. Ийм эмзэг нөхцөл бий. Иймд "Эрдэнэт”-ийг түшиж байгуулагдсан ААН-үүдийг дэмжих дархлааг яаж бий болгох вэ гэдэг нь чухал.       

Оюутолгойгоос бид юу сурах вэ гэхээр Оюутолгой орчин үеийн үйлдвэр. Шинэ, дэвшилтэт  технологи ашигладаг. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тал дээр тэд маш сайн туршлагатай. Энэ тал дээр тэднээс сурах зүйл бий. Худалдаан дээр бид өрсөлдөгчид байж болох юм. Гэхдээ өрсөлдөхөөс илүү хамтрах боломжууд бидэнд байна.   

Санал болгох

Сэтгэгдэл

top