|

Иргэд Цагдаагийн байгууллагад итгэдэг үү?

saikhnaa 2017/02/09 943 0

 

Иргэд Цагдаагийн байгууллагад итгэдэг үү?

 

Төр Иргэн Түншлэл ТББ Орхон аймгийн Цагдаагийн Газрын алба хаагчийн сахилга, ёс зүйн болон гэмт хэргийн шинжтэй байж болох үйлдэлд иргэд, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд мониторинг хийлээ. Мониторингийн төслийг 2016 оны 7 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 23-ныг хүртэл хэрэгжүүлсэн бөгөөд төслийн хүрээнд Цагдаагийн газарт 2014-2016 онд цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйн болон гэмт хэргийн шинжтэй байж болох үйлдэлд иргэд, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, шийдвэрлэлтийг судлан, үнэлэлт дүгнэлт өгч, иргэдийн сэтгэл ханамж, үйлчилгээний чанар хүртээмж, хүндрэл, бэрхшээлтэй асуудлын талаарх кейс жишээг цуглуулсан байна. Тодруулбал, 2014-2015, 2016 оны эхний 10 сарын байдлаар алба хаагчийн сахилга, ёс зүйн болон гэмт хэргийн шинжтэй байж болох үйлдэлд иргэд, байгууллагаас нийт 80 өргөдөл, гомдол гаргаснаас 73 өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэж, гэмт хэргийн шинжтэй 7 өргөдөл гомдлыг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн ажилласан аж.

    Мөн уг төслийн хүрээнд санал асуулга, фокус бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагад нийгмийн бүх давхаргын төлөөлөл болох 202 иргэн хамрагдсан. Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин, Уртбулаг, Эрдэнэ, Дэнж, Баянцагаан, Говил, Яргуйт, Даваат багийн иргэдийн төлөөллийг хамруулж, цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгатай холбоотой санал гомдол байгаа эсэх, түүний шийдвэрлэлтийн талаар хэр мэдээлэлтэй байдгийг тандан, 160 иргэнээр санал асуулга бөглүүлсэн байна. Асуулга бөглөсөн иргэдийн 31.9 хувь нь "Ажил үүргээ гүйцэтгэж байгаа Цагдаагийн алба хаагч зан, харилцаа муутай” гэж хариулжээ. Түүнчлэн иргэд Цагдаагийн Газар, алба хаагч нь зохих журмын дагуу, заагдсан хугацаанд, шаардлага хангасан үйл ажиллагааны тайлан тавьсан эсэхэд ямар ч мэдээлэлгүй байдаг учраас олон нийтийн Цагдаад итгэх итгэл, алба хаагчдад хүндэтгэлтэй хандах хандлага сул байдаг нь судалгаанаас ажиглагдсан аж. Иргэд цагдаад хэр итгэдэг вэ, тусламж хэрэгтэй үед шууд хандаж чадаж байгаа эсэхээс цагдаагийн байгууллага, алба хаагчдын үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр дүгнэж болох гэнэ. Мөн цагдаагийн газрын тайлан мэдээ, зарим иргэдийн санал бодолтой зөрөлдөж байгаа нь ажиглагдсан. Тиймээс Цагдаагийн байгууллага алба хаагчдынхаа үйл ажиллагаанд байнга хяналт тавьж, олон нийтэд ил тод, нээлттэй байлгах шаардлагатай хэмээн үзэж байна. Уг төсөл хэрэгжсэнээр Цагдаагийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж, иргэд өргөдөл, гомдол гаргах олон арга байдаг, хаана хэнд хандах зэргээ мэддэг болох олон талын ач холбогдолтой гэдгийг төслийн гүйцэтгэгчид онцолсон.

    Төр Иргэн Түншлэл ТББ аймгийн Цагдаагийн Газрын 2014-2016 онд иргэд байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг хэвийн гэж дүгнэсэн. Гэхдээ Цагдаагийн Газрын алба хаагчийн сахилга, ёс зүйн болон гэмт хэргийн шинжтэй байж болох үйлдэлд иргэд, байгууллагаас гаргасан өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэж хариу мэдэгддэггүйгээс иргэдийн сэтгэл ханамж дундуур байдаг байна. Орхон аймгийн хувьд хүн амын төвлөрөл ихтэй, гэмт хэргийн гаралт харьцангуй өндөр байдаг нь ЦГ-ын бүтэц, орон тооны жишиг нормативд заагдсан хэмжээнээс өндөр байдаг байна. Энэ нь цагдаагийн алба хаагчдын шуурхай ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг, өөрөөр хэлбэл орон тооны хомсдол, ажлын ачаалал ихтэйгээс өргөдөл, гомдол барагдуулалтын хувийг өсгөх боломжгүйг ч бас дурдаж байсан.

 
http://www.erdenetinfo.mn/post/6009

Санал болгох

Сэтгэгдэл

top