|

Архинд донтсон иргэддээ туслах төрийн бодлого үгүйлэгдэж байна А.Цогцэцэг сайд аа!!!

saikhnaa 2017/01/20 1783 0

Архинд донтсон иргэддээ туслах төрийн бодлого үгүйлэгдэж байна А.Цогцэцэг сайд аа!!!

 

Монгол улсын хүн амын дунд 2014 онд хийсэн судалгаагаар 5 хүн тутмын 1, 45 наснаас дээш 2 хүн тутмын 1 хүнд ямар нэгэн өвчний 3-аас дээш эрсдэл нүүрлэж байгааг тогтоосон байдаг. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 39.7%, эмэгтэйчүүдийн 15.1% нь архийг хэтрүүлэн хэрэглэж эрүүл мэнддээ хохирол учруулдаг гэсэн тоо баримт бүртгэгджээ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг хүний тоо ийм өндөр хэмжээнд байгаа нь архидалт тэр хирээрээ их байна гэсэн үг. Архинд орсон хүн нэг л уугаад эхэлсэн бол зогсдоггүй. Өөрийн мэдэлгүй үргэлжлүүлсээрархаг болох замд ордог. Архинд донтосон хүн бүрийг буруутгаж болохгүй. Учир нь дэлхийн эрүүл мэндийн байгууллага архи хэтрүүлэн хэрэглэх нь донтох өвчин гэдгийг баталчихсан. Өнөөгийн нийгэмд тэмдэглэлт баярууд, олон төрлийн арга хэмжээн дээр согтууруулах ундаагүйгээр тэмдэглэх нь ховрын үзэгдэл болсон цаг. Энэ мэт зан үйлээс шалтгаалж архидалт нь нийгмийн хавтгайрсан үзэгдэл болсон гэвэл нэг их хилсэдэхгүй болов уу.

Нийслэлийн хэмжээнд жилд 70.000 орчим хүн архидан согтуурч нийгмийн хэв журам зөрчсөний улмаас эрүүлжүүлэгддэг, тэдгээр хүмүүсийн 6% нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ авдаг гэсэн албан бус тоо баримт байдаг юм билээ.

Монгол хүний "зүй бусын хорогдол”-ыг бодохооор за ер нь эмч, эмнэлэг гэж байгаад хэрэг байгаа юмуу даа гэж бодогдох үе ч гарах юм. Хүн амын "зүй бусын хорогдол” бол эмч эмнэлгийн ажилтанаас төдийлөн хамаарахгүй төр, засаг зохицуулах ёстой үүрэгт ажлынх нь нэг шүү дээ. Архидалт түүнээс үүдэлтэйосол аваарь, бусдын гарт амь үрэгдэх, тахир дутуу болох, амиа хорлох, осгох, хөлдөх зэрэг шалтгаанууд нь хорт хавдараар нас барахтай тоон үзүүлэлт нь зэрэгцэн орж ирж нас баралтын шалтгааны 2, 3-р байрын төлөө өрсөлдөж байна.

Манай улсад архинаас гаргах эмчилгээ явуулдаг ЭМСЯ-ны харьяа улсын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Хуульзүйн яамны харьяа архины албадан эмчилгээний газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлэг гээд төрийн том эмнэлгүүд олон. Үүний зэрэгцээ Нийслэлийн засаг даргын дэргэдэх архаг архичидыг хоног төөрүүлдэг Амьдрах ухаан сургалтын төв, Албадан саатуулах байр, баривчлах байр зэрэг байгууллагууд, архинаас гаргана гэх төрийн бус байгууллагууд борооны дараах мөөг шиг олон байгаа ч архинд орсон хүмүүст нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тусламжийг үзүүлж чадахгүй байсаар байна. Түүнчлэн албадан эмчилгээнээс бусад улсын дээрх эмнэлгүүд бүгд төлбөртэйгээр архинд орсон хүнд эмчилгээ хийнэ. Гэтэл үүний цаана олон мянган хүн архинаас гаргах эмчилгээний туслалцаа авч чадахгүйд хүрч байгаа юм. Архинд орсон иргэдээс эмчилгээний ор хоногийн төлбөр гэж дунджаар 32,000-300,000 төгрөг авдаг гэх юм билээ. Архинд донтсон иргэдийг эмнэлэгт очихоор согтуу хүн хүлээж авахгүй гээд буцаах нь бас их. Дээр нь эрүүл мэндийн даатгал, бас бус бичиг баримт шаарддаг гэх. Ингээд эдгээр хүндэрлүүдээс шалтгаалж хэвтэн эмчлүүлэх боломжгүйд хүрдэг аж. Архины хордлогын улмаас нас барсан иргэдийг голдуу элэг, зүрхний өвчнөөр нас баралтад бүртгэх нь их. Нөгөө талаар архинд донтох өвчнөөр бус дотор эрхтний өвчлөлөөр эмнэлэгт бүртгэлд хамруулах нь их байдаг учир бодит тоо тэр бүр үнэн гардаггүй.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй орос эмчтэй эмнэлгээс өөр архинаас гаргах дорвитой үйл ажиллагаа явуулж буй хувийн эмнэлэг алга, сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлж буй газар ч алга. Уг нь энэ бүхний өмнө Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар л бодлогоор зангидаж зохицуулмаар.

Цагдаагийн албаны шинэчлэл нэрийн дор эрүүлжүүлэх байрыг эмнэлэгт шилжүүлсэн ч эмнэлэгт согтуу иргэд эрүүл мэндийн тусламжийг бүрэн утгаар нь авч чадахгүйд хүрсэн.

Энэ хууль батлагдаж согтуурсан иргэдийг эмнэлгийн байранд хүлээж авдаг болсоноос хойш эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасгууд эмнэлэг үү, эрүүлжүүлэх үү гэдэг нь ялгагдахаа больжээ. Үүний гол будлианы эзэд нь Эрүүл мэндийн яамны өмнөх удирдлагууд болох сайд Н.Удвал, дэд сайд Ж. Амарсанаа нар байсан. Учир нь Эрүүл мэндийн сайд асан Н.Удвалын хэлснээр "элэгний С вирусын эсрэг үйлчилгээтэй эмийг түгээхийн тулд дэд сайд Ж.Амарсанаа элэгний С вирустэй хүмүүсийг өөрийн өрөөндөө бүртгэж, хувийн эмнэлэгтээ ажиллаж байгаа мэтээр аашилж байна” хэмээн шүүмжилсэн. Ингээд сайд, дэд сайд нарын хоорондын маргаан 2014 оны сүүлээр үүсч эхлэх энэ үед 2014 оны 1-р сараас хэрэгжиж эхлэх ёстой байсан хуулийг эрүүл мэндийн яам хойшлуулж байв. Харин энэ үеэр нь Согтууруулах ундаа хэтрүүлсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Уг нь Х.Тэмүүжин гишүүний санаачилсан хуулийн дагуу согтуу иргэдийг тусгай байранд хүлээж авна гээд заасныг дүүргийн эмнэлгүүд согтуу иргэдийг хүлээж гээд өмнөх эрүүл мэндийн яамны дээрх удирдлагууд заачихсан. Үүний улмаас согтуу иргэд эмнэлэг цагдаагийн дунд туйлдсан гэхэд болно. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн хэрэгжилтэнд Нийслэлийн эрүүл мэндийн газар ч хариуцлагагүй хандаж байгаа.

Гэтэл экс ерөнхий сайд Н. Алтанхуяг 200-аад сая төгрөгийг архигүй баар нээж байна гээд үрэн таран хийж байгуулсан тэр баар нь одоо Зурагт нэртэй зах болсон. Иймэрхүү замаар архинаас гаргах олон нийтийн тэмцэл замхарч байгааг хэн бүхэн сүүлийн жилүүдэд ярих болсон. Архинаас гаргана гэсэн уриатай төрийн бус байгууллагууд сургалт явуулна гэж архи тамхины онцгой албан татварын мөнгийг авчихаад ажлаа гүйцэт хийгээгүй тухай аудитын тайлан гарч байсан ч ямар ч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн. Энэ мэтээр архинд донтсон иргэдийг эмчлэх төрийн бодлогын сулрал даамжирсаар байна.

Эмчилгээ гүйцэт хийдэггүй тухайлбал Наркологийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн ихэнх хувь нь хордлогоо тайлуулаад гараад явдаг. Тэнд хэвтэн эмчлүүлэгчид голдуу архины эсрэг эмээ ууддаггүй гэж хүмүүс ярьдаг. Тухайн хүн дунджаар 8-10 хоног хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байдаг. Мөн тэнд эмчлүүлэгчдийн ихэнх нь давтан хэвтэлтийн хүмүүс байдаг байна. Архины албадан эмчилгээний газарт хэвтсэн хүмүүс эмчлүүлж гараад ямар ч хяналт байхгүй. Тэнд мэргэжлийн эмч нар ажилдаггүй. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлэхэд өндөр төлбөртэй учир бүрэн гүйцэт эмчилгээ хийлгэхэд учир дутагдалтай байдаг гэж хүмүүс учирладаг.

Иймээс дорвитой бодлого явуулж архинд орсон иргэдээ хорын донгоос нь салгах бодлого боловсруулах хэрэгтэй байна. Архинд донтох эмгэгтэй иргэдийн эмчилгээний чанарыг дээшлүүлэхийн тулд тэдгээр иргэдийг даатгалд хамруулах, олон давхардал ихтэй эмнэлгүүдийг нэг тийш нь нэгтгэж нэг удирдлагатай болгож, нэг стандартаар эмчлэх. Архинаас гаргах хувийн хэвшлийн эмнэлгийг бодлогоор дэмжих. Архины хорын эсрэг явуулж буй төрийн бус байгууллагуудын үр дүнгүй сургалт сурталчилгааны мөнгийг эмчилгээний чанарт зориулах ёстой.

Энэ байдлаараа үргэлжилбэл удахгүй нас баралтын шалтгааны эхний байранд архидан согтуурсанаас үүдэлтэй"зүй бусын хорогдол” орох төлөвтэй байна. Иймээс архинд орсон иргэддээ туслах төрийн бодлого үгүйлэгдэж байна. Архинаас гаргах нэртэй үйлчилгээ үзүүлдэг энэ олон эмнэлгүүд байсаар байх атал архинд орсон хүний тоо буурахгүй байна.

Нийгэм судлаач В.Оюунчимэг

Санал болгох

Сэтгэгдэл

top