|

Толгой ордуудаа хөдөлгөх эсэхийг ОУВС-аас асуух уу?

saikhnaa 2017/01/20 773 0

Толгой ордуудаа хөдөлгөх эсэхийг ОУВС-аас асуух уу?

 

ОУВС-ын төлөөлөгчид өнөөдөр Улаанбаатарт ирнэ гэсэн мэдээлэл байгаа юм. Өнгөрсөн оны аравдугаар  сарын эхээр  манай улсын Сангийн сайд,  Монголбанкны Ерөнхийлөгч нар Вашингтон хотноо болсон Олон улсын валютын сан, Дэлхийн банкны уулзалтад оролцохдоо Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцсон байдаг. Тэр уулзалтын дараа  ОУВС-ынхан манай улсад ажиллаад буцсан. Тэгээд одоо дахиад ирж байгаа нь энэ юм.

Монгол Улс цаашид эдийн засгийн хүндрэлтэй байдлыг хэрхэн давах вэ гэдэг асуултад эрх баригчдаас нийгэм хариулт нэхсэн өдрүүд үргэлжилсэн хэвээрээ байгаа.  Түүнчлэн УИХ, Засгийн газрын цаашид хийх ажил бол шинэ "Стэнд бай” хөтөлбөрийг Монголд нутагшуулах ажлыг мэдрэмжтэй гүйцэтгэх ёстой гэдэг асуудал яригдаж буй. Зарим эдийн засагчийн зүгээс хэлэхдээ нэгэнтээ "Стэнд бай”-д хамрагдахаар болж  байгаа бол өмнө нь 2009 онд уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан хүмүүсээсээ туршлага судалж, зөвлөгөө авахгүй бол хөрсөн дээр буулгаж чадахгүй болов уу гэж болгоомжилж байна гэж буйг энэ дашрамд өгүүлье.

"Стэнд бай”-тай зэрэгцэн анхаарал татсан байр суурийг Сангийн сайд илэрхийлсэн. Тэр хэлэхдээ  "Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа Тавантолгой, Гацууртын орд төслүүдийг хөдөлгөж, Оюутолгойн далд уурхайн ажлыг эрчимжүүлснээр эдийн засгийн өсөлтийг гурван хувьд хүргэхээр тооцсон” гэж хэлсэн. Тэгэхээр сангийн сайдын тооцоолол чуулганаар ороод гарахдаа хэрхэн өөрчлөгдөх нь бас анхаарал татсан л асуудал. Нэг зүйлийг энд хэлэхэд ОУВС-ийн "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахын нэг сул тал нь эрх баригчдын бодлого шийдвэрүүдэд тэдний нөлөөлөл хүссэн хүсээгүй орох болно. Тэгэхээр тэднээс мөнгө авч байгаа бид толгой ордуудаа эргэлтэд оруулах шийдвэрүүд болоод бусад асуудлуудаа ч тэдэнтэй ямар нэг хэмжээгээр зөвлөлдөх юм.

ОУВС-гаас хөтөлбөр өгөхдөө дагаад шаардлагуудыг тавьдаг гэдгийг бид мэднэ. Тухайлбал,  төлбөрийн балансын тэнцлийг хадгалах, өрийн хязгаарыг хангах, ДНБ-нд эзлэх төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжин ядуурлыг бууруулах, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх, инфляцыг бууруулах, зээл хумих, банкны хяналтыг чангатгах, баялгийн санг бий болгох, үйлдвэрлэлийг төрөлжүүлэх гэх зэрэг олон шаардлагуудын өмнө бид бэлэн байгаа юу гэдэг асуулт тавигдаж байгааг тодотгоё.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top