|

Иргэд Тавантолгойн хувьцааны 30 хувийг зарах захиалгаа өгсөөр...

saikhnaa 2016/07/28 879 0

Иргэд Тавантолгойн хувьцааны 30 хувийг зарах захиалгаа өгсөөр...

 

Шинэ Засгийн газар анхны хуралдаанаа өчигдөр хийлээ. Тэд ирэх дөрвөн жилд эдийн засгаа хүндрэлээс гаргаж, ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлнэ гэж амласан. Гэвч шинэ Засгийн газар ажлаа бүрэн гүйцэд эхэлж ч амжаагүй байхад ноён долларын төгрөгтэй харьцах ханш чангараад эхлэв. Магадгүй энэ зөвхөн эхлэл ч байж болох. Эдийн засгийн хүндрэл, хямрал үүнээс цааш даамжирвал монгол төгрөг америк долларын өмнө ямар ч үнэгүй "цаас” мэт болох цаг ойрхон байна.

 

Өчигдрийн байдлаар албан ханш 2061 төгрөгтэй тэнцлээ. Банкууд 2065 төгрөгөөр зарж эхэллээ. Шинэ Засгийн газар, Төв банктайгаа хамтарч яаралтай арга хэжээ авахгүй бол ханш 2100-2200 руу үсрэхийг ч үгүйсгэхгүй.

Эдийн засаг муудна гэдэг үндсэндээ хүмүүсийн гар дээр буй бэлэн мөнгө багасч байна гэсэн үг. Дээр нь иргэдийн монгол төгрөгтөө итгэх итгэл муудсанаар төгрөгөө долларт шилжүүлэх эрэлт нэмэгдэж буй хэрэг. Иргэдийн энэ эрэлтийг өмнөх Засгийн газар "хувьцааны мөнгө” тарааснаар улам өдөөж өгсөн гэхэд болно. 2012 онд МАН-ын Засгийн газар сонгуулийн өмнө Чалкогоос зээл авч, иргэддээ 21000 төгрөг тараасан. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Тавантолгойн хувьцааных нь 500 мянган төгрөгийг өгч байлаа. Үүний үр дүнд сонгуулийн дараа өртэй, данс нь улайсан төрийн санг АН хүлээн авч байсан гэдэг.

Тэгвэл үүнтэй адилхан, магадгүй түүнээс ч хүнд байдалтай төр засгийг МАН-ынхан хүлээн аваад байна. Чингис бондын өртэй, дээр нь сонгуулийн өмнө иргэдэд Тавантолгойн хувьцааны 30 хувь болох 300 мянган төгрөгийг олгоод эхэлчихсэн. Одоо ч гэсэн иргэд Тавантолгойн хувьцааны 30 хувийг зарах захиалгаа өгсөөр. Харин шинэ Засгийн газар хувьцааны мөнгийг хэрхэн олгох вэ гэдгээ шийдээгүй байна.

Төсөв их хэмжээний алдагдал хүлээчихсэн, хэрхэн нөхөх, орлогоо хэрхэн бүрдүүлэх нь бас л тодорхойгүй. Иймэрхүү эдийн засгийн хүндрэл ханшийн реакцаар илэрч буй хэрэг. Мэдээж шинэ Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээг богино хугацаанд, шуурхай хэрэгжүүлж чадвал ханш ч бас буурна. Харин ямар арга хэмжээ авах бол. 

Хүндрэлийг даван туулахад хоёр арга зам бий. Нэг нь Олон улсын валютын сангийн "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах. Нөгөө нь гаднаас дахин хөрөнгө оруулалт татах буюу зээл авах. Оюутолгой, Тавантолгой зэрэг том төслүүдээ хөдөлгөснөөр хөрөнгө оруулалт татаж болох ч үүний үйлчлэл харьцангуй удаан. Тэгэхээр яаралтай арга хэмжээ авъя гэвэл ОУВС-ийн "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах, эсвэл Чингис бондтой адил дахин бонд гаргах гэсэн хоёр сонголт бий.

2012 онд яг ийм нөхцөл байдалтай, ханш чангарч байх үед Н.Алтанхуягийн Засгийн газар Чингис бондыг авч байлаа. Ингэснээр ханшийн чангаралыг бууруулж, цаашилбал эдийн засгийнхаа хөгжлийг түлхэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, зам барьж эхэлсэн. МАН-ын Засгийн газар дөнгөж ажлаа эхэлж байгаа энэ үед "Стэнд бай” хөтөлбөрийг авч, хөл гараа хүлүүлэхгүй байх. Тэгээд ч 2017 оноос төлөх их өрийг хэрхэн санхүүжүүлэх нь тодорхойгүй байна. Өмнөх засгийн үеэс л Чингис бондын өрийг дахин санхүүжүүлэх асуудал яригдаж байсан. Өөрөөр хэлбэл, зээлийг зээлээр төлнө гэсэн үг. Үүнийг МАН-ынхан сөрөг хүчин байхдаа эсэргүүцсээр ирсэн. Гэхдээ бодит байдалд МАН-ын Засгийн газарт ч бас дахин зээл авахаас өөр сонголт харагдахгүй байх шиг.

Тэгж байж, өдрөөс өдөрт чангарч буй ханшийг тогтворжуулах, цаашилбал төрийн албан хаагчдынхаа цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, Тавантолгойн хувьцааны мөнгө, хүүхдийн мөнгийг олгох зэрэг олон хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх болов уу.

Л.Энхдэлгэр

Эх сурвалж: Еagle.mn

Линк: http://eagle.mn/r/14513

Санал болгох

Сэтгэгдэл

top