|

Давхар иргэншил гэж юу вэ

saikhnaa 2016/12/27 789 0

Давхар иргэншил гэж юу вэ

 

Улс орнуудын иргэний буюу харъяатын хуулиудын зөрөөний улмаас нэг хүн хоёр юмуу түүнээс дээш улсын харьяалалтай болох явдал гардаг.


Жишээлэхэд "цусны" зарчим үйлчилдэг улсын эцэг, эхээс "хөрсний" зарчим бүхий улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхэд хоёр улсын харьяалалтай болно. Эмэгтэй хүн гадаад иргэнтэй гэрлэх, өөр улсын иргэн болох зэрэгт өөрийн харьяаллаа алдахгүй бол мөн хоёрдмол харьяалалтай болно.


Хоёрдмол харьяалал нь хувь хүн болон холбогдох улсын хувьд хүндрэлтэй асуудал бий болгодог. Иргэн хүн иргэнийхээ эрхийг бүрэн хэмжээгээр эдлэх шаардлагыг холбогдох хоёр улсын өмнө тавьж болно. Мөн нөгөө талаар, цэргийн алба хаах зэрэг иргэнийхээ үүргийг биелүүлэхийг хоёр улс иргэнээсээ шаардах эрхтэй. Ийм ч учраас Монгол Улсын Харьяатын тухай хуульд хоёрдмол харьяаллыг хүлээн зөвшөөрөхгүй байх тухай заасан байдаг бөгөөд Монгол улсын хүн ам, удмын сангийн-үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын бодлогын хүрээнд хамаарах асуудал юм.

 

Олон улсын харилцаанд


Олон улсын практикт хоёрдмол харьяалалтай хүмүүсийг голчлон оршин суугаа юмуу байнгын холбоотой байдаг улсынх нь иргэн хэмээн үздэг.


Олон улсын хамтын ажиллагаа хоёрдмол харьяалалтай хүмүүсийг цөөлөх, шинээр хоёрдмол харьяалал бий болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр явагдаж байна.  Жишээ нь, БНМАУ 1975 онд ЗХУ-тай хоёрдмол харьяалал үүсэх тохиолдлыг арилгах тухай олон улсын гэрээг байгуулж байсан. Мөн дээрх зорилгоор байгуулсан монгол улсын хоёр талт олон улсын гэрээ, хэлэлцээрүүд байдаг ба эдүгээ ч хүчин төгөлдөр байна. 


НҮБ-аас хоёрдмол харьяаллыг цөөрүүлэх, ирээдүйд үгүй болгох тухай хоёр ч конвенцын төсөл боловсруулжээ. Гэвч уг асуудлыг шийдвэрлэх талаар улс гүрний байр суурь ихээхэн зөрөөтэй байсан учраас энэ талаарх ажиллагаагаа түр зогсоосон байна. Ялангуяа зарим том гүрэн хоёрдмол харьяалалтай байхыг зөвшөөрөх хандлага байгаа.


Хоёрдмол харъяаллыг хүлээн зөвшөөрдөг зарим орны туршлагыг судалж үзвэл, Чех улс 2014 оноос эхлэн чөлөөт иргэншлийг зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл өөрийн орны болон бусад хэдэн ч улс орны иргэншилтэй байж болно гэсэн үг. Өнөөгийн дэлхий ертөнцөд Австрали, Барбадос, Бельги, Бангладеш, Канад, Кипр, АНУ, Их Британи, Швейцарь, Өмнөд Солонгос, Өмнөд Африк, Египед, Ирак, Итали, Израйль, Ирланд, Унгар, Швед, Словен, Сири, Серби, Армен, Ливан, Мальт, Испани ,Тонга, Филипини, Румын, Сьерра Леон, Шри Ланк, Пакистан,(16 улсаас бусад орныг) Португал, Турк зэрэг орнууд давхар иргэншлийг зөвшөөрдөг ч зарим нь тухайлан улс орны нэр заадаг байна. 


Дээрхээс үзэхэд олон улсын хүрээнд хоёрдмол харъяаллыг цөөлөх /хүлээн зөвшөрсөн ч зарим хязгаарлалт тогтоох, жишээ нь улс орныг нь заах, өндөр шаардлага тавих гэх мэт/, шинээр бий болохоос сэргийлэх замаар цаашид үгүй болгох чиг хандлагыг баримталж байгаа юм.

 

Монгол Улсын хувьд


Монгол улсын хувьд хоёрдмол харъяаллыг хүлээн зөвшөөрөх нь үндэсний аюулгүй байдлын түвшинд яригдах сэдэв болохоос гадна дээр нэрлэн дурдсан Монгол улсын нэгдэн орсон буюу соёрхон баталсан олон улсын гэрээ, конвенцүүдийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай . Уг үр дагаврыг даван туулахын тулд Монгол улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу эрх зүйн эх сурвалжийг хэрэглэх эрэмбийн дагуу Монгол улсын үндсэн хууль, Олон улсын гэрээ, хууль, хэм хэмжээний акт гэсэн дарааллаар дагаж мөрдөж, иргэний нэг харъяаллыг дэмжих үндсэн хуулийн үзэл баримтлалаа үргэлжлүүлэх, эсхүл Үндсэн хууль болон Олон улсын гэрээ, конвенцүүдээс гарах буюу өөрчлөлт оруулах замаар хоёрдмол харъяаллыг хүлээн зөвшөөрөх гэсэн арга замуудаас сонгох болно.

 

Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь


Давхар иргэншил нь манай улсын үндэсний аюулгүй байдалд маш олон хэлбэрээр хор хүргэнэ. Үүнээс голлох хэдийг тоймловол:

 

  • Давхар иргэншлийг ямар нэг байдлаар хүлээн зөвшөөрөхдөө хүрвэл үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд өөрчлөлт оруулна. Холбогдох албаныхан ньхязгаарлагдмал хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэж болно гэж байгаа ч хоёрдмол харьяалаллыг хориглосон үндсэн бодлогыг өөрчилснөөр дараагийн удаад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хялбар өөрчлөх боломжыг бий болгоно гэсэн үг.

 

  • Хүчирхэг улсууд давхар иргэншилтэй эсэхээс нь үл хамаарч иргэдийнхээ эрхийг хамгаалах талаар шийдвэртэй алхам хийдэг. Сүүлийн үеийн хамгийн том жишээ бол Крым. "Иргэнийхээ эрхийг хамгаалах" нь хүчирхэг улсуудын хувьд бусад улсын дотоод хэрэгт оролцох сайн "халхавч" мөн.

 

  • Монгол Улс нь Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гарсан бусад хууль тогтоомжоороо иргэн хүний эдлэх эрхийг хуульчилсан байдаг. Эдгээрээс сонгууль өгөх, газар өмчлөх, төрийн албанд ажиллах зэрэг эрх нь онцгой эрхүүд юм. Төрийн эрх баригчдыг сонгодог, улсын үндэс болсон газрыг өмчилдөг, төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд гардан оролцдог, улсын нууцтай танилцах эрх олж авдгаараа дээрх эрхүүд нь зөвхөн монголын иргэнд хамаарахаар хуульчилсан. Харин давхар иргэншлийг албан ёсоор зөвшөөрвөл өөр улсын иргэнд дээрх эрхүүдийг эдлүүлэхээс аргагүйд хүрэх юм. Давхар иргэншил нь тагнуулын ажлын сайн суурь, боломж болдог гэдгийг дурьдах нь зөв байх. Хоёр эх оронтой хүнд "урвах" гэсэн сэтгэлзүйн асуудал бараг байдаггүй гэдэг.

 

  • Зарим нэг улстай, тухайлбал АНУ-тай тусгайлан гэрээ байгуулж болно гэж мэтгэгсдийн хувьд америк үндэстэн гэж байдаггүй гэдгийг сануулмаар байгаа юм. 2010 оны байдлаар цагаачдыг оролцуулалгүйгээр 3.8 сая америкийн иргэн хятад хүн, 3.1 сая америкийн иргэн орос хүн амьдарч байна.

 

  • Гадаад харилцааны яамны мэдэгдэж байснаар 1998 оноос хилийн чанадад төрсөн 2181 хүүхдэд хамааралтайгаар уг асуудлыг хуульчилж болно гэж үзэж байгаа бололтой. Аль нэгийг нь сонгох болвол Америк болон бусад улсыг сонгоод, бидний хувьд хоёр дох сонголт болоод байгаа болохоор хуулиа өөрчлөөд зөвшөөрчихөе гэсэн байр сууриа илэрхийлээд байгаа. 

 

  • Энэ судалгаанд Казакстан улсад оршин суугаа монгол улсын иргэний харьяалалтай хичнээн иргэн байгаа нь огт тусгагдаагүй. 1990 оноос хойш 100,000 орчим казах үндэстэн Казахстан Улсын харьяат болсон бөгөөд Тус улсад 1991 оны 12 дугаар сарын 20-нд батлагдсан БНКУ-ын Иргэний харъяаллын тухай хуулиар "БНКУ-ын иргэний харъяалалтай хүний хувьд өөр улсын иргэний харъяаллыг хүлээн зөвшөөрдөггүй (Энэ нь тус улсад иргэний хоёрдмол харъяаллыг de jure хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн илрэл) хэдий ч манай иргэний харьяаллаас гараагүй байхад нь "нүдээ аниж" байгаад давхар иргэншилтэй болгодог хуульчлагдаагүй жишиг тогтоосон. Энэ талаар манай улсаас тавьсан хүсэлтэд ч тоомжиргүй ханддаг. Казахстан болон ОХУ-аар казахстаны паспорттой зорчоод, Бээжинрүү монголын паспорт өвөртлөөд явдаг давхар иргэншилтэй иргэд хэд байгааг албан ёсоор хэн ч мэдэхгүй. Нийгмийн халамж авах, газар өмчлөх зэрэг асуудал тулгарахаар иргэний бүртгэл, харьяатын албанд хаддаг ийм "тэлээ" иргэдийн тоо эдүгээ албан ёсоор 3000 гаран байна. Тэр байтугай монголын иргэний харьяаллаас хасагдчихсан мөртлөө 845 хүн иргэний цахим үнэмлэх авчихсан нь тогтоогдсон (2014 оны байдлаар). Харин албаныхны таамгаар ингэж хандах хэрэгцээ гараагүй 30 мянга орчим давхар иргэншилтэй казах хүн байгаа аж. Заншил, шашны хувьд үр хөндөлт хийлгэдэггүй үндэснийх нь онцлогыг тооцоолбол энэ 30 орчим мянган хүн 1998 оноос хойш 18 жилийн хугацаанд хичнээн хүүхдээр бүл нэмснийг багцаалдах аргагүй юм. 10 мянга нь тус бүр 3 хүүхэдтэй болсон гэвэл лалын шашинт, монгол хэлээр ярьж чаддаггүй 30 мянган хүүхдийн асуудал яригдана. Америкийн нутагт төрсөн болохоор давхар иргэншил өгч болдог, Казахстаны нутагт төрсөн бол өгч болохгүй гэж адилхан монгол улсын иргэдийн хүүхдийг ялгаварлах боломж олон улсын эрх зүйн хүрээнд болон манай Үндсэн хуулийн хүрээнд огт байхгүй. Энэ фактаар казах үндэстнүүдийг монголын иргэн байж болохгүй гэж хэлэх гээгүй ч монгол төр генерал цол өгөөд төрийн тусгай албаа удирдуулж, ард түмэн нь хууль тогтоох дээд байгууллагадаа сонгож байсан Х.Жекей эдүгээ Казахстаны тагнуулын албанд ажиллаж байгааг сануулья.

 

  • 90-ээд оны сүүлээр тухайн үеийн паспортын хэлтэстэй холбоотой нэгэн хэрэг Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж байгаад, тухайн хэргийг мөрдөж байсан мөрдөн байцаагчийг гэнэт сольсоны дараа замхарч алга болсон юм. Тухайн үед их олон хэрэг "ууршиж" байсан тул төдийлөн дуулиан болоогүй энэ хэрэгт БНХАУ-ын иргэдэд хуурамч паспорт олгож байсан нэгэн албан тушаалтан холбогдсон. Хилийн шалган дээр монгол паспорт үзүүлээд гарсан хүн МИАТ-ын онгоцонд суусны дараа монголоор нэг ч үг ойлгохгүй хятадаар шулганасан тохиолдлоос үүдэн энэ хэрэг илэрсэн гэдэг. Хэрэг шалгах үеийн тооллогоор олон тооны паспортын бэлдэц дутсан гэх ба тэдгээр паспортын эзэд "эх орон нэгтнүүд" маань хаана цохиж явааг бурхан л мэдэх байх. Өнгөрсөн жилүүдэд гарсан авилгал, албан тушаалын хэргүүдийг ажиглавал түшмэдүүд маань хуулийн боломж л гарвал овжноор ашигладаг нь ард биднээ тодорхой болсон тул давхар иргэншлийн асуудлыг нээх л юм бол яаж ийгээд "гаргалгаа" олж, хуулийг завхруулна гэдэгт олон монгол хүн эргэлзэхгүй байгаа байх.

 

  • Давхар иргэншлийг зөвшөөрснөөр иргэдийнхээ тоог нэмэгдүүлнэ гэж байгаа нь өрөөсгөл. Олон монгол хүмүүс явж чадахгүйдээ биш, эх оронч сэтгэлдээ хөтлөгдөж утаатай, бухимдалтай энэ улсаа орхилгүйгээр ажиллаж амьдарч байна. Нэн ялангуяа үр хүүхдээ өөр улсын иргэн болоод тэндээ шингэхвий гэж болгоомжилдог. Харин давхар иргэншлийг зөвшөөрвөл гадагшаа чиглэсэн урсгал эрс нэмэгдэнэ. Жирэмсэн эмэгтэй болгон америк явж төрнө гэх болов уу. Хичнээн хязгаартайгаар хуульчилна гэж байгаа ч гадагш чиглэх урсгалыг зогсоох боломжгүй. 0-18 насны бүх хүүхдийн хувьд давхар иргэншил авах эрх нээгдэнэ. Хамгийн түрүүнд боловсролтой, ид хийж бүтээх насны залуус гадагшаа гарна. Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд монгол иргэдийн хүүхдүүд Монгол Улсын иргэн болох боломж одоо ч бүрэн нээлттэй байгаа. Манай гадаадын харьяатын алба өөр улсын иргэн болсон монголчууддаа оршин суух визийг ямар ч хүндрэлгүйгээр өгдөг.

 

  • Давхар иргэншилтэй иргэдийн эрүүгийн хариуцлагаас зугтдаг, илүү боломжтой байдаг нь хүндрэл учруулдаг. Нэн ялангуяа бидний хувьд эрүүгийн эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээгүй хичнээн улсад АНУ-ын паспорттай хүн зорчих боломжтой гэж санана. Тэгээд ч аливаа орон эрүүгийн хэрэгт мөрдөн шалгуулахаар иргэнээ өөр улсад шилжүүлж өгдөггүй тул авилгал, албан тушаалын хэрэгтнүүдийн нэг бамбай нь давхар иргэншил болдог юм.

 

Дээрх хүчин зүйл тус бүрээр судалгаа хийх шаардлагатай. Нөлөөллийг нь тооцох учиртай. Харвард төгссөн эрхэм сайдын дэргэд миний мэдлэг боловсрол гэж юухан байхав. Гэхдээ хэн аль нь энэ хөрс шороон дээр төрсөн, үндэстнийхээ язгуур эрх ашгийг нэн тэргүүнд бодох үүрэгтэй Монгол хүн билээ.

 

Жич: Энэ нийтлэл бичигдсэний дараа сайд Ц.Мөнх-Оргил хэвлэлийн хурал хийж давхар иргэншлийг онцгой тохиолдолд зөвшөөрдөг байх асуудлыг судалж буйгаа мэдэгдсэн бөгөөд дээрх үндэслэлүүдийг тооцоогүй, эсхүл тоогоогүй байна хэмээн би хувьдаа дүгнэсэн болно.

 

О.Алтангэрэл

http://www.shuud.mn/content/read/477664.htm

Санал болгох

Сэтгэгдэл

top