Улсын комиссын өнөөдрийн хуралдаанаар үндсэн найман асуудал хэлэлцлээ. Хуралдаанд Зам тээвэр хөгжлийн яам, ХХААХҮ-ийн яам, Эрүүл мэндийн яамд болон холбогдох албан байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгч, Шадар сайд У.Хүрэлсүх үүрэг чиглэл өгсөн юм. Хуралдаанаар ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв байдал, болон Нийслэлийн өвөлжилтийн нөхцөл байдал, Цөмийн болон цацрагийн болзошгүй осол, агаарын хөлгийн осол, сүйрлийн үед эрэн хайх, аврах ажиллагааг зохицуулах хороо байгуулах тухай зэрэг асуудлыг хурлаар хэлэлцлээ.
Хуралдааны үеэр Шадар сайд У.Хүрэлсүх "Одоогоор улсын хэмжээнд өвөлжийн бэлтгэл ажил 87-90 хувьд хүрсэн байна. Нийслэлийн хэмжээнд 96 хувьд хүрэв. Өнөөдрийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлаа урьдчилсан байдлаар мэдээллээ сонсож, холбогдох асуудлууд дээр саналаа нэгтгэж байна. Өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудад Шадар сайдын тушаалаар тусгай ажлын хоёр хэсэг гарч, газар дээр нь ажиллах юм” гэж онцоллоо.
Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин ирэх сарын цаг агаарын нөхцөл байдлын талаарх мэдээллэхдээ "Энэ сарын 16-наас хойд туйлын хүйтэн агаар Сибирийн хойд хэсгээс Монголын баруун хойд хэсэг рүү орж ирснээс Сибирийн их даралтын орон хүчтэй эрчимжин, 17-25-ныг хүртэлх хугацаанд манай орны нутаг дээр байрлана. Энэ нь сүүлийн 10 гаруй жилд арваннэгдүгээр сард ажиглагдаагүй онцгой хүйтрэлт болох төлөвтэй байна" гэв. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-18-нд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдах аюултай тул хээр, хөдөө аль болох зорчихгүй байхыг анхаарууллаа. Мөн энэ сарын 17-нд нутгийн хойд хэсэг цаашдаа нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгороор -42-оос -47 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -30-аас -40 хэм хүрч малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч, дулааны хангамжид хүндрэл учруулах цаг агаарын онцгой нөхцөл бүрдэж буйг анхааруулав.
Д.Ганбат: Замын засвар, арчлалтын өвөлжилтийн бэлтгэлийг 94.4 хувьтай хангасан
Хуралдааны үеэр Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат замын засвар, арчлалтын өвөлжилтийн бэлтгэлийг 94.4 хувьтай хангаад байна хэмээн мэдээллээ. Улсын хэмжээнд улсын чанартай нийт 32 чиглэлийн 12646.7 км авто зам, 278 ширхэг гүүрийг жилийн туршид ашиглалтын болон байнгын бэлэн байдлыг хангах үүрэг бүхий төрийн өмчит 20, хувийн хэвшлийн 8 компанитай Зам хариуцагчийн гэрээ байгуулан авто зам, гүүрийн засвар арчлалтын ажлыг гүйцэтгүүлж байгаа аж. Мөн зам, тээврийн осол, техникийн болон цаг агаарын саатал гарсан үед ажиллах салбарын хэмжээний Мэдээлэл шуурхай дамжуулах бүдүүвч гаргажээ. Энэ хүрээнд цаг агаарын хүндрэлтэй үед улсын чанартай авто зам, даваан дээр ажиллах шуурхай ажлын хэсгийг энэ сарын нэгнээс 19 цэгт гарч ажиллаж эхлээд байгаа бөгөөд ирэх сарын нэгнээс 28 цэгт гарч ажиллуулах аж.
Түүнчлэн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллаж буй тээврийн хэрэгслийг техникийн саатлаас унтарч зогссон тохиолдолд чирэх зориулалтын чирэгч, техникийн түргэн тусламжийн автомашиныг МУБИС-ийн орчим, Баруун 4 зам,Саппорагийн автобусны зогсоолд тогтмол бэлэн байлган ажиллуулах болжээ. Үүний зэрэгцээ тэрбээр төмөр зам, агаарын тээвэр, усан тээвэр зэрэг хариуцсан салбарын хүрээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа. Төлөвлөгөөний биелэлт хангалттай байгаа гэж тодотгосон юм.
П.Сэргэлэн: Хүнсний буудай дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн улсын Онцгой комиссийн хуралдааны үеэр ургац хураалтын тойм мэдээллийг өглөө. Салбарын сайдын өгч буй мэдээллээр энэ онд 475.8 мянган тонн үр тариа, үүнээс 460.7 мянган тонн буудай, 153.7 мянган тонн төмс, 93.5 мянган тонн хүнсний ногоо, 19.6 мянган тонн тосны ургамал, 50.6 мянган тонн тэжээлийн ургамал буюу нэгжээс 14.0 цн улаанбуудай, 105.0 цн төмс, 112.1 цн хүнсний ногоо, 17.3 цн тэжээлийн ургамал, 3.1 цн тосны ургамал тус тус хураан аваад байгаа аж. Хураан авсан үр тариа цэвэр жингээр 431.9 мянган тн бөгөөд, үүнээс: дараа онд тариалах үрэнд 43.9 мянган тн, улсын үрийн нөөцөд 1.6 мянган тн, тэжээл үйлдвэрлэлд 14.2 мянган тн, спиртийн үйлдвэрт 10.9 мянган тн, ТЭДС-д 64.9 мянган тн, гурилын үйлдвэрт 258.3 мянган тн, борлуулалтын шатандаа 37.9 мянган тн байгаа юм.
Хүнсний буудай нөөц 360.3 мянган тн бөгөөд гурилын хэрэгцээнд шаардагдах нь 320.0 мянган тн буюу дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гэдгийг онцоллоо. Ургац хураалтын дүнгээр гурилын үйлдвэрүүдэд шилжсэн 258.3 мянган тн улаан буудайгаар 180.8 мянган тн гурил, 69.7 мянган тн хүчит тэжээл үйлдвэрлэгдэхээр байгаа тул өвөлжилтийн бэлтгэл хангах явцад хангалтгүй бэлтгэгдсэн үйлдвэрийн тэжээлийг нөхөн бүрдүүлэх нөөц байна гэж үзэж байна. Ургац хураалтын ажилд оюутан залуучуудыг оролцуулах зорилгоор нийтэд хандсан урилга гаргасан. Нийт 2500 гаруй цэргийн алба хаагч, оюутан залуучууд гэрээгээр ажиллаж ургац хураалтын ажилд томоохон дэмжлэг үзүүлжээ.
А.Цогцэцэг: 99 сумын эмнэлгийн машиныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Төрийн ордонд болсон Улсын онцгой комиссын хуралдаанд оролцох үеэрээ "Нормын хугацаа дууссан 99 сумын эмнэлгийн машиныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна" хэмээв. Эрүүл мэндийн сайдын багцад 2016 онд түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлд төсөв тусгагдаагүй тул хуучин автомашинуудаа засварлан өвөлжилтөд бэлтгэсэн байна. Нормын хугацаа дууссан дээрх 99 сумын эмнэлгийн машинаас эвдрээд зогссон машин 5 байгаа бөгөөд сумын бусад төсвийн байгууллагуудын автомашинаар тусламж үйлчилгээг үзүүлж байгаа аж. Харин ирэх онд түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлд 4.2 тэрбум төгрөг тусгагдсан тул худалдан авалтийг эрт зохион байгуулна гэдгээ салбарын сайд хэллээ.
Аймгуудын Эрүүл мэндийн газраас ирүүлсэн тайлан, судалгаанаас үзэхэд энэ оны 11 сарын байдлаар ихэнх аймгийн нутаг дэвсгэрийн бүх хэсэгт цасан бүрхүүл тогтож өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, нийт малчин иргэдийн нэлээд хувь нь отор нүүдэл хийж эхэлсэн байна. Отроор нүүдэллэж буй иргэдийн хувьд ихэвчлэн хаа хүрэх нь тодорхой бус, өрх гэр нь сургуулийн хүүхдээ харах, хөдөө гэрээ харах, отроор явах гэхчлэн 2-3 хуваагдаад байгаа тул малчдын хувьд сэтгэлзүйн асуудал, мөн эдийн засгийн хүндрэл их гарч байгаа гэлээ.
Нүүдэллэж буй иргэдэд хувийн бэлтгэлийг хэрхэн хангах, хөлдөлт, осголтоос хэрхэн сэргийлэх, болж өгвөл 0-5 насны хүүхэд, жирэмсэн, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч явахгүй байх, хаана нүүдэллэж яваагаа мэдээлж байх тал дээр зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх постуудыг онцгой шаардлагатай газруудад гаргаж эмч, эмнэлгийн ажиллагсад ээлжлэн хуваарь гарган ажиллаж байгаа юм. Энэ сарын 10-ны байдлаар томуу, томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байгаа. Нийт дүнгээр нь авч үзвэл тус яам өвөлжилтийн бэлтгэлээ 85 хувьтай хангасан байна.
Хуралдааны төгсгөлд Шадар сайд холбогдох яамд, агентлагийн удирдлагуудад дараахи үүрэг чиглэлийг өгсөн юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн П.Сэргэлэнд:
-Сүүлийн 2 жил дараалан мал, амьтны гоц халдварт хонины цэцэг өвчинтэй тэмцэж байна. Тодорхой үр дүн гарахгүй байна. Иймд хонины цэцэг өвчинтэй тэмцэх ажлын менежментийг өөрчлөх шаардлагатай. Малын масс вакцинжуулалтыг зохион байгуулах
-Малын цэцэг өвчний голомт Булган, Сэлэнгэ, Өмнөговь аймагт шинээр бий болж, хуучин голомт дахин дэгдэж байгаатай холбогдуулан аймаг, сумдын Засаг дарга, мал эмнэлэгтэй хамтран гарал үүслийн бичиг олголт, малчдын хариуцлагыг дээшлүүлэх талаар дорвитой ажил зохион байгуулах
-Малын эмч нарын үйлчилгээний хөлс, бусад шаардлагатай хөрөнгийн асуудлуудаар холбогдох яамдын саналыг авч Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх
-Малын хөдөлгөөнийг хязгаарлах, орон нутгийн малчдын отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, бүртгэлтэй болгох талаар аймаг, сумдын Засаг дарга нартай хамтран ажиллах
-Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх, орон нутгийн өвс, тэжээлийн байршлыг оновчтой хийх, шуурхай хариу арга хэмжээ авах тактик ажиллагааны заавраар нутгийн захиргааны байгууллагыг хангах
-Мал, амьтны гоц халдварт өвчинтэйтэмцэх талаар мэргэжлийн заавар, зөвлөгөө өгч, мэргэжлийн боловсон хүчний чадварыг сайжруулж, тулгамдсан асуудлуудыг орон нутгийн удирдлагуудтай хамтран шуурхай шийдвэрлэх
-Малчид байгалийн гэнэтийн аюулт үзэгдлийн улмаас эдхөрөнгө, мал сүргээ олноор нь алдаж, улмаар нөхөн төлбөр авч чадахгүй байгаа тул даатгуулах ажлыг эрчимтэй сурталчилах;
Эрчим хүчний сайд, Улсын онцгой комиссын гишүүн П.Ганхүүд:
-Эрчим хүчний салбарт тохиолдож болзошгүй гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж, зөрчил дутагдлыг арилгуулж, аваар, ослын үед ажиллах хувилбар төлөвлөгөө гаргах
-Төв, суурин газрыг эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагааг хангаж, байгалийн аюулт үзэгдлийн нөлөөллөөс үүсэх эрсдэлийг урьдчилан тооцож, шаардлагатай сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэх
-Ослын үед өөрсдийн нөөц боломжоор тогтвортой байдлыг хангах, шаардлагатай тохиолдолд Улсын онцгой комисст хандаж шийдвэрлүүлэх,
Эрүүл мэндийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн А.Цогцэцэгт:
-Ханиад, томууны дэгдэлтээс ард иргэд, бага насны хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэргэжлийн эмчийн зөвлөгөө, сэрэмжлүүлгийг тогтмол явуулах;
- Аймаг, сум, дүүрэг, багийн төвөөс алслагдмал, тээврийн хэрэгсэл очиход хүндрэлтэй газар өвөлжиж, амьдарч буй айл, өрх, бага насны хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, тахир дутуу болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг гаргах,эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тээврийн хэрэгсэл,шатахууны бэлэн байдлыг хангуулж, эм тарианы нөөц бэлтгэж,удирдлага зохион байгуулалтаар хангах;
Зам, тээврийн хөгжлийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн Д.Ганбатад
-Өвлийн улиралд цасанд боогддог, улсын болон орон нутгийн зам, давааг байнгын нээлттэй, бэлэн байдалд байлгах, тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх ажлыг цаг тухайд нь холбогдох мэргэжлийн байгууллагууд, АЗЗА-ын компаниуд, аймаг, нийслэлийн удирдлагуудтай хамтран зохион байгуулах;
-Цас ихээр орж, хүчтэй цасан шуурга шуурснаас замын нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд холбогдох хууль, тогтоомж, журманд заасны дагуу Улсын онцгой комиссын Ажлын албатай хамтран замын хөдөлгөөнийг хэсэгчлэн болон түр хугацаагаар хязгаарлах, зайлшгүй тохиолдолд зогсоох хүртэлх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, оролцогч талуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангах, агаарын хөлгийн осол, сүйрлийн үед авах арга хэмжээний шуурхай байдлыг хангах үүрэг бүхий "Иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны бэлтгэл төлөвлөлтийг зохицуулах хороо”-г байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах;
Аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт:
-Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 65 дугаар тэмдэглэл, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан "Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-д заасны дагуу гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаатай холбоотой зардлыг эхний ээлжинд Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулах,
-Аймаг, нийслэлийн Засаг дарга нар сум, дүүргийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгч, хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, гамшгийн үеийн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах,
-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд шаардлагатай өвс, тэжээлээ нөөцлөх, өөрсдийн дотоод бололцоогоо ашиглан худалдан авах, уг ажлын хүрээнд хангалтгүй ажилласан холбогдох байгууллагууд, шат шатны албан тушаалтнуудад хариуцлага тооцох;
-Отрын бүс нутагт өвөлжиж буй малчдаас орон нутгийн иргэд малын хөлийн татвар нэхэх, дарамтлах явдлаас урьдчилан сэргийлж, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэх;
-Цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээг малчид, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад шуурхай хүргэх үүднээс орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр анхааруулга, сэрэмжлүүлгийг тогтмол явуулах, байгалийн аюулт үзэгдлийг хохирол багатай даван туулах арга хэмжээг Гамшгаас хамгаалах улсын албадтай хамтран зохион байгуулах;
-Мал, амьтны гоц халдварт өвчин гарсан тохиолдолд малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгах;
Ж.МЯДАГБАДАМ
Эх сурвалжийн линк: http://www.medee.mn/main.php?eid=85698