|

Фэйсбүүк хэрэглэгчид цахим хэргийн хохирогч болох нь нэмэгджээ

saikhnaa 2016/09/13 790 0

Фэйсбүүк хэрэглэгчид цахим хэргийн хохирогч болох нь нэмэгджээ

 

ЦЕГ-ын цахим гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан энэ оны байдлаар интернэтэд бусдын эд хөрөнгийг авахаар сүрдүүлсэн, мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулсан болон садар самууныг сурталчилсан тус бүр хоёр, нийт 13 холбогдогчтой зургаан хэргийг илрүүлэн шалгажээ.
 
Эдгээр хэргээс цухас дурдвал, иргэн У нь фэйсбүүк орчинд "BDSM” төрлийн бэлгийн гаж урсгалыг сурталчлан садар самуун агууламжтай дүрс бичлэг, зураг зэргийг нийтлэн бусдад тараасан, насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн зүй бус үйлдэлд уруу татсан.
 
Иргэн Н нь фэйсбүүкт "Нууцхан Top secret” нэртэй нууц бүлгэмийг үүсгэн мөн адил гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлсэн байна. Мөн кино бүтээлийг олон нийтэд түгээх нь их байгааг эх сурвалж онцлов.
 
ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс "Зүрхээр наадагч”, "Миний ах атаман”, "Чонон сүлд”, "Аав” киног интернэтэд зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй олон нийтэд тараасан хэргийг шалгасан байна. Ийм гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэгт хамаарах садар самууныг сурталчлах, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчих зүйл ангиар хариуцлага тооцдог байна.
 
Сүүлийн үед олон улсад интернэт орчинд үйлдэх санхүүгийн луйврын гэмт хэрэгт манай улсын иргэд өртөх нь их болжээ. Тиймээс гадаадын иргэнтэй интернэтээр танилцах, таньж мэдэхгүй фэйсбүүк хэрэглэгчидтэй холбоо тогтоож, тэдэнтэй онлайнаар дотно харилцах, зураг, бичлэг зэрэг хувийн мэдээллээ гэмт этгээдүүдэд алдахаас сэргийлэхийг ЦЕГ-ын цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас сэрэмжлүүллээ. Дэлхий дахинд техник технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед хүн бүрийн амьдрал цахим ертөнцтэй салшгүй холбоотой болсон.
 
Интернэт хэрэглээ тэр дундаа фэйсбүүк, мессенжер, твиттэр, вичаат хүмүүсийн хэрэглээ, аж амьдралын салшгүй хэсэг болсон. Тэр хэрээр биднийг цахим гэмт хэргийн хар сүүдэр отож байгааг бид төдийлөн анзаардаггүй нь харамсалтай. Манай улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар фэйсбүүкийн нэг сая 280 мянган идэвхтэй хэрэглэгч байгаагийн дийлэнх нь 18-аас дээш насныхан гэсэн судалгаа гарчээ. Эдгээр хэрэглэгч хэт туйлшран өдөр тутмын амьдралын хэв маяг, хувийн мэдээллийг олон нийтэд ил болгосноор цахим гэмт хэргийн халдлагад ертөж хохирогч болох эрсдэл нэмэгдсэн байна.
 
Хэн нэгний хайхрамжгүй, гэнэн байдлыг далимдуулж мөнгө олох сонирхолтой хүн олон гэдгийг алхам тутамдаа санаж байвал зохистой. Найман настай балчраас наян настай буурай хүртэл фэйсбүүкийн хэрэглэгч болсон цаг. Цаашид цахим орчинд сэлгүүцсэн, томоогүй хүүхдүүд олширвол тэдний хүмүүжил төлөвшил, сэтгэхүй, зан суртахуунд ямар хор хөнөөл учрахыг бид эртнээс бодолцож энэ талаар хууль эрх зүйн орчныг нь сайжруулах цаг болжээ. Номын сангууд эзгүйрч, интернэтийн үйлчилгээ үзүүлдэг газар ачааллаа дийлэхгүй байгаа эмгэнэлтэй дүр зураг нийгэмд элбэг болсон нь үүнийг сануулж байна.
 
Ж.Жавцанпагма
Эх сурвалж: "Монголын үнэн” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top