|

Монгол охидын зургийг зөвшөөрөлгүй нийтэлж болох уу?

saikhnaa 2016/05/13 1062 0
527-146302463857b300c44b12c40fac9eb7a1039d7afc_x3
Дэлхий нийтийн түгээмэл хэрэглээ болсон "Facebook” нь 1.3 тэрбум хэрэглэгчтэй болжээ. Түүний хэрэглэгчид нэг өдөрт 350 сая, 1 секунд тутамд 4,501 гэрэл зургийг нийтэлж байна.
Дэлхий нийтийн түгээмэл хэрэглээ болсон "Facebook” нь 1.3 тэрбум хэрэглэгчтэй болжээ. Түүний хэрэглэгчид нэг өдөрт 350 сая, 1 секунд тутамд 4,501 гэрэл зургийг нийтэлж байна.[1] Харин инстаграмын хувьд 182 сая хэрэглэгчтэй бөгөөд тэдгээр хэрэглэгч өдөрт дунджаар 58 сая зураг нийтлэж байна. [2] Тэдгээр хэрэглэгчийн 90% нь 35-аас доош насныхан байна.[3] Их тоо шүү.  Энэ давалгаа монгол охидод ч хамаатай.
Цахим орон зайд гэрэл зураг нийтлэх асуудал
Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Ийм эрхээ эдлэх хэлбэрийн нэг нь цахим хуудаст гэрэл зураг нийтлэх юм.
Мөн Үндсэн хууль, Зохиогчийн эрхийн хуульд зааснаар Монгол Улсын иргэний хувьд гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээлээ өөрийн болон зохиомол, нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтлэх эрхтэй.
Эрх зүйн зөрчил
Өнөөдөр монгол охидын гэрэл зургийг нийтэлдэг монгол хэл дээрх цахим хуудсын жагсаалт өргөжсөөр байна. Тэдгээр цахим хуудаст "Хэт халуун зурагнууд”, "Монгол охидын нүцгэн зурагнууд” гэсэн булан ч бий болжээ.
Ийм булан нь монгол охидын зургийг дээр дурдсан фэйсбүүк, инстаграмаас нь "хулгайлж” нийтэлсэн гомдол дагуулсаар байдаг бөгөөд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ч энэ талын зөрчил бүртгэгдсэн байдаг.
Эдгээр зөрчлийг дараах байдлаар ангилж болохоор байна.
Зохиогчийн эрхийн зөрчил
Компьютер, мэдээллийн сүлжээг ашиглах журам зөрчсөн, мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүй нэвтрэх зөрчил
Садар самууныг сурталчлах зөрчил
Доромжлох, гүтгэх зөрчил
Иргэний захидал, харилцааны нууцын халдашгүй байдлын эсрэг зөрчил.
Үүнийг тус бүрт нь авч үзэе.
1. Зохиогчийн эрхийн зөрчил
Зарим цахим хуудаст гэрэл зургийг "тамгалсан” буюу тухайн цахим хуудаст нийтлэгдсэн гэрэл зураг бүрт веб сайтынхаа нэр бүхий тэмдэглэгээг тавьсан байдаг. Тодорхой баримт, мэдээллээр бол веб сайт дахь гэрэл зургийн тэмдэглэгээ нь хууль ёсны, үнэн, зөв гэж үзэх боломжгүй байна.
Зохиогчийн эрхийн тухай хуульд зааснаар гэрэл зургийн аргаар туурвисан бүтээл нь зохиогчийн эрхээр хамгаалах бүтээл мөн бөгөөд түүнийг туурвисан хувь хүн нь бүтээл болон түүний нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа арга хэлбэрээр хувиргах, гажуудуулах, өөрчлөхийг хориглох, бүтээлийг нь бүхий л арга, хэлбэрээр ашиглах үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхтэй.
Тухайн веб хуудсанд зохиогчийн эрхийн зөрчлийн тухай мэдээллийг хүлээн авах нөхцлийг бүрдүүлээгүй, зохиогчийн эрхийн зөрчил гаргах нь гэрэл зураг бүхий цахим хуудсыг интернетийн үйлчилгээ түгээгчийн зүгээс хаах үүргийг Зохиогчийн эрхийн хуулиар хүлээлгэсэн байдаг.
2. Компьютер, мэдээллийн сүлжээг ашиглах журам зөрчсөн, мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүй нэвтрэх зөрчил
Монголын цахим хуудсууд уншигч-хэрэглэгчидээсээ гэрэл зургийг цахим шуудангаар хүлээн авах, зарим хуудасны хувьд хэрэглэгч нь гэрэл зургийг шууд нийтлэх боломжтой байгаа нь хэн нэгэнд компьютерийн мэдээллийн эргэлтийн хүрээг хууль бусаар ашиглаж хувь хүний гэрэл зургуудыг олж авч, дур мэдэн ашиглах шалтгаан, нөхцөл болж байна.
3. Садар самууныг сурталчлах зөрчил
Монгол хэл дээрх цахим хуудсуудад нийтлэгдсэн гэрэл зургууд нь хүний бэлэг эрхтнийг илтээр гэрэл зураг, дүрс, дуу авианы бичлэг болон бусад хэлбэрээр уншуулах, сонсгох, үзүүлэх нөхцөл болж байна.
4. Доромжлох, гүтгэх зөрчил
Цахим хуудас дахь гэрэл зургийн сэтгэгдлүүд нь тухайн зураг дахь хүнийг доромжилсон, гүтгэсэн шинжтэй байгаа бөгөөд устахгүй байрласаар байгаа нь гэрэл зурагт дүрслэгдсэн тухайн иргэнд гэм хор учруулах түвшинд байна. Гэрэл зураг бүхий нийтлэлд сэтгэгдэл бичих боломж нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй холбоотой. Харин сэтгэгдэл бичихдээ хүний эрхийг зөрчих, хуулийг сахихаас чөлөөлөгдөх эрх хэн нэгэнд хуулиар олгогдоогүй юм.
5. Иргэний захидал, харилцааны нууцын халдашгүй байдлын эсрэг зөрчил
Олон нийтийн харилцааны веб сайт буюу Social networking site нь түүний хэрэглэгчдийн хувийн орон зай, "цахим орон байр” гэж үзэх хандлага дэлхийн интернет хэрэглэгчдийн дунд төлөвшиж байна. Ийм цахим орон байр дахь гэрэл зураг, мэдээлэл нь задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ гэж тооцогдож байгаа юм.
Түүний хажуугаар social networking site-г "олон нийтийн газар” гэж үзэх сөрөг хандлага бас байгаа юм. Энэхүү хандлага нь facebook.com, myspace.com, flickr.com гэх мэт олон нийтийн харилцааны веб сайт-цахим хуудсууд дахь хувь хүний гэрэл зургуудыг олж авч, дур мэдэн ашиглаж байгаа үйлдлээр илэрч байна.
Дүгнэлт
Монгол охидын зургийг зөвшөөрөлгүй нийтлэх нь эрх зүйн зөрчил болж байна. Энэ зөрчлийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгөөр хохирол хүлээх охид нэмэгдэж байгаа таагүй үр дагавартай байна.
Ийм таагүй зүйлээс сэргийлэхийн тулд хүн бүр цахим орчинд гэрэл зургаа нийтлэх эсэх, ямар зураг нийтлэх, ямар хүнийг цахим орчны найзаа болгох тал дээр болгоомжтой байх, бусдадаа анхаарал тавих нь зүйтэй байна.
Нийтэлсэн: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Санал болгох

Сэтгэгдэл

top