|

“Эрдэнэс Монгол”-ыг дэлхийд гаргах стратегийн шинэчлэл эхэлжээ

saikhnaa 2016/08/19 631 0

“Эрдэнэс Монгол”-ыг дэлхийд гаргах стратегийн шинэчлэл эхэлжээ

 

-"Эрдэнэс Монгол”-ыг удирдаж буй мэргэжлийн баг компаниа 10 тэрбум долларын хөрөнгөтэй болгох зорилт тавьсан байна-

Стратегийн томоохон ордуудад үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниудын толгой компани болох "Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн Удирдах зөвлөл өчигдөр ээлжит хуралдаанаа хийжээ. Уг хуралдаанаар 2015 оны санхүүгийн аудитын тайлан, 2015-2017 онд хэрэгжүүлэхээр баталсан Стратегийн шинэчлэлийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хэлэлцсэн байна. "Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан ТУЗ-ийн хурлынхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийж Стратегийн шинэчлэлийн хөтөлбөрийнхөө үйл явц болон цаашдын зорилтынхоо талаар танилцууллаа. Одоогийн байдлаар тус компани нь Засгийн газрыг төлөөлөн "Эрдэнэс-Оюутолгой”, "Эрдэнэс-Тавантолгой”, Гашуунсухайтын авто замыг 100 хувь эзэмшиж байгаагаас гадна Багануурын уурхайн 51, Шивээ-Овоогийн уурхайн 90, Оюутолгойн 34 хувийг эзэмшиж байгаа юм. "Эрдэнэс-Монгол” компани охин компаниудтайгаа нийлээд өнгөрсөн онд хамгийн их татвар төлөгч болжээ. Өнөөдрийн байдлаар тус компанийн охин болон харьяа компаниудад 10 мянга гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд үүгээрээ хамгийн том ажил олгогчид тооцогдох юм байна.

2007 онд байгуулагдсан "Эрдэнэс Монгол” компани сүүлийн жилүүдэд үйл ажиллагаандаа олон улсын стандарт, туршлагад тулгуурласан бизнесийн ёс зүй, компанийн засаглалын ил тод зарчмыг баримталж ажиллаж байгаа гэдгийг Б.Бямбасайхан захирал онцолж байлаа. Тодруулбал, "Темасек” холдинг, "Женерал Электрик”, "Рио Тинто”, "Би Эч Пи Биллитон” зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компаниудын стратеги, үйл ажиллагааны загваруудад суурилж компанийнхаа Стратегийн шинэчлэлийн хөтөлбөрийг 2015 оноос үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр олон улсын зах зээлтэй шууд нэг долгионоор харилцаж хөрөнгө босгох, төслүүдээ хэрэгжүүлэх, цаашлаад уул уурхайгаасаа хальж эрчим хүч, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломжтой болно гэж үзжээ. Ийнхүү томоохон зорилт тавин ажилласныг нь Азийн хөгжлийн банк өндөрөөр үнэлж компанийн засаглалаа сайжруулахад нь зориулж 15 жилийн хугацаатай 35 сая ам.долларын зээл олгосон байна. Тус банк Монгол Улсын томоохон төслүүдийг хэрэгжүүлэгч суурь нэгж нь "Эрдэнэс Монгол” компани юм байна гэж үнэлжээ.

Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр "Эрдэнэс Монгол” болон охин компаниудынхаа үйл ажиллагааг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, алдагдлыг багасгаж ашигтай ажиллуулах, үйл ажиллагааны менежментийг чадавхжуулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг төслийг хэрэгжүүлснээр нэгдэл компанийн хэмжээнд нэгдсэн санхүүгийн удирдлага, ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалтын болон төслийн менежментийг бүхэлд нь хамарсан цогц удирдлагын систем бий болно гэдгийг Б.Бямбасайхан захирал хэллээ. Ийнхүү олон улсын санхүүгийн тайлангийн стандартыг нэвтрүүлснээр гадаад зах зээлээс хөрөнгө татах боломжтой болж байгаа юм байна.

Гадаадын хөрөнгө оруулагчид олон улсын санхүүгийн стандартыг нэвтрүүлсэн байхаас гадна дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн аудитын компаниар аудит хийлгэсэн байхыг шаарддаг. Тиймээс дэлхийн дөрвөн том аудитын компанийн нэгд тооцогддог "Эрнст энд Янг” компаниар "Эрдэнэс Монгол” болон охин компаниуддаа аудит хийлгэсэн байна. Ингэснээр охин компаниудын үйл ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр санхүүжилт босгох бэлтгэл хангаджээ. Мөн олон улсын хэмжээнд компанийнхаа зээлжих зэрэглэлийг тогтоолгохоор ажиллаж байгаа юм байна.

"Эрдэнэс Монгол” компани одоогийн байдлаар нэг тэрбум ам.долларын хөрөнгийг удирдаж байгаа бөгөөд цаашдаа хэд дахин өсөх боломжтой юм. Энэ талаар Б.Бямбасайхан захирал хэлэхдээ "Стратегийн шинэчлэлийн хөтөлбөрөө хэрэгжүүлснээр энэ хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх боломжтой. Хэрвээ улс төрийн нөлөөлөл аль болох бага байж бизнесийн зарчмаараа ажиллаж чадвал "Эрдэнэс Монгол” "Рио Тинто”, "BHB Billi­ton”, "Temasek”, "CAMPVK” шиг дэлхийн жишигт хүрсэн шилдэг корпорац болно” гэв. Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу олсон орлогоо тус санд тушааж, түүнийг нь сонгуулийн амлалтад зарцуулдаг байсан үеийг бодвол улс төрийн нөлөөллөөс жаахан ч гэсэн холджээ.

Учир нь, өнгөрсөн онд Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар тус компани зөвхөн Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон байна. Одоо тогтвортой үйл ажиллагаа явуулан төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж үр дүнг нь үзэх л үлджээ. Тодорхой хувийг нь эзэмшиж буй төслүүдээ амжилттай хэрэгжүүлэх юм бол хурдан хугацаанд үр дүнг нь үзэх боломжтой юм. Үүний нэг жишээ нь Оюутолгой. Тус уурхайд одоо 7600 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд гүний уурхайн бүтээн байгуулалтаа эхлүүлснээс хойш 1000 гаруй хүнийг шинээр ажилд авчээ.

"Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-"Эрдэнэс Монгол” цаашдаа үндэсний брэнд компани болох юм байна гэж ойлголоо. Та Оюутолгойн гүний уурхайн санхүүжилтийн хэлэлцээрийг амжилттай хийсэн. Гадаадын хөрөнгө оруулагчид биднээс юу шаардаж, ямар асуудалд илүү анхаарлаа хандуулж байна вэ?

-Оюутолгойн хувьд Монголд үнэхээр жишиг болсон хэлэлцээр. Гүний уурхайн бүтээн байгуулалтад зориулсан төслийн санхүүжилтийн хэлцэл дэлхийн хоёр, гурван газарт шилдэг хэлцлээр шалгарсан. Банк санхүүгийн байгууллага талаасаа ч, зээлийг авч буй компанийн эдийн засаг талаасаа ч их үр ашигтай юм байна гэж үзсэн байна лээ. Бид энэ процессыг явуулахдаа Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд ажилласан. Энэ төсөл хэрэгжиж урагшаа явснаар Монгол Улсын хүртэх өгөөж дөрвөн тэрбум ам.доллараар нэмэгдсэн. Оюутолгойг дагаад бусад банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах боломж нээгдэж байгаа. Хамгийн түрүүнд бид хөрөнгөө ашиглаад санхүүжилт босгож бизнесээ өргөтгөх, шинэ төслүүдээ хэрэгжүүлье гэсэн зорилготой ажиллаж байна. Нэг тэрбум ам.долларын хөрөнгөтэй компанийг алдагдалгүй болгож, эрсдэлээ зөв тооцоод явах юм бол бид 6-9 сарын хугацаанд олон улсын зах зээлээс санхүүжилт босгох боломжтой. Үүний тулд Стратегийн шинэчлэлийн хөтөлбөрөө тасралтгүй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

-Оюутолгойн гүний уурхайн санхүүжилтийн хэлэлцээрийг хийхэд хэр их ачаалалтай ажилласан бэ. 20 банктай гэрээ хэлэлцээр хийсэн гэхээр нэлээд олон хүнтэй уулзсан байж таарна.

-Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг босгох хэлэлцээрийг хийхэд Да.Ганболд бид хоёр нэлээд ачаалалтай ажилласан. Лав л 56 цаг унтахгүй ажилласнаа санаж байна. Яагаад гэхээр, бидний харилцаж байгаа хүмүүс Нью-Йорк, Лондон гээд өөр өөр газар байсан. Санхүүжилт авах гэж байгаа хүмүүс нь бид учраас тэдний цагаар ажиллахаас өөр арга байгаагүй. Гадаадын хөрөнгө оруулагчидтай ажиллана гэдэг бол цагийн зөрүүнээс шалтгаалж шөнө хийдэг л ажил шүү дээ. Бид л эдийн засгийнхаа өнөөдрийн нөхцөл байдал, боломжийг тэр улсуудад ойлгуулахгүй бол хэн ч ойлгуулахгүй ш дээ. Бид өөрсдийнхөө хийж байгаа ажилд итгэл үнэмшилтэй байж бусдад итгэл төрүүлэхгүй бол гадаадынхан хэзээ ч итгэхгүй. Хамгийн гол хийсэн ажил нь гэвэл бид санхүүгийн модель бий болгосон. Санхүүгийн модель дээрээ тооцоо хийж үзээд "Энэ асуудал дээр бид ингэж хандаад ийм тохиролцоо хийх юм бол манай үр өгөөжийм байх юм байна” гэж тооцдог. Тодорхой тооцоотойгоор бизнесийнхээ шийдвэрийг гаргадаг гэсэн үг.

-"Эрдэнэс Монгол” цаашдаа хязгаарлагдмал хувьцаат компани хэлбэрээрээ ажиллах, корпорац болж өргөжих хоёрын хооронд ямар ялгаа байгаа вэ?

-Манай компани бол бусад компаниудын адил зохион байгуулалттай хязгаарлагдмал хувьцаат компани. Эзэн нь Засгийн газар өөрөө. Бид засаглалынхаа тогтолцоог Компанийн тухай хуулийн дагуу хийчих юм бол энэ компани зах зээлээс хувийн компаниудтай адил хөрөнгө босгох чадвартай болно. Засгийн газрын эзэмшлийн томоохон уурхайнууд олон жил өндөр зардалтай ажиллаж ирсэн. Энэ зардлыг нь бууруулах бүрэн боломжтой гэж харж байгаа. Үйл ажиллагааг нь зөвхөн бизнесийн зарчмаар нь явуулахад л болно. Корпорацийн зарчмаар ажиллана гэдэг нь бизнесийн зарчмаар ажиллахаа л хэлээд байгаа юм.

-Охин компаниудынхаа алдагдлыг бууруулах чиглэлд ямар ажил хийсэн бэ. Мөн цаашид ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Хамгийн түрүүнд зардлаа буулах тал дээр ажиллаж байна. Мөн техник технологийг нь шинэчлэх шаардлагатай байгаа юм. Ялангуяа Багануур, Шивээ-Овоогийн уурхай 30, 40 жил үйл ажиллагаа явуулчихлаа шүү дээ. Манай харьяанд ирэхээсээ өмнө дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүй байсан. Мөн Засгийн газраас тодорхой хэмжээний зээлийг бланс дээр нь орхичихсон байсан. Эхний ээлжинд блансыг нь цэвэрлэх хэрэгтэй. Үүнийхээ дараа санхүүжилт босгож технологийн шинэчлэл хийнэ. Дээрээс нь санхүүгийн нэгдсэн системээрээ дамжуулж санхүүгийн сахилга батыг бий болгох хэрэгтэй. Стратегийн шинэчлэлийн хөтөлбөр болоод Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төслийнхөө хүрээнд үүнийг хийнэ. Компаниуд дээрээ санхүүгийн сахилга бат гэдэг ойлголтыг нэвтрүүлэхгүй бол үеийн үед ашиггүй ажилладаг байсан хандлагаасаа салахгүй юм байна. Ямартай ч өнгөрсөн онд бага зэрэг ашигтай ажилласан. Цаашдаа үр ашгийг нь улам нэмэгдүүлэх тал дээр ажиллана. Стратегийн шинэчлэлийн хөтөлбөр болон Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төслийнхөө хүрээнд ойрын зургаан жилд компаниудынхаа үр ашгийг 10-15 хувиар нэмэгдүүлнэ гэсэн зорилго тавиад ажиллаж байгаа.

-Олон улсын бизнесийн стандартыг нэвтрүүлсэн гэж байсан. Үүнийхээ ач холбогдлыг арай дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?

-Хамгийн гол нь бид Нью-Йоркт байгаа хүнтэй нэг "хэл”-ээр ярьдаг болсон явдал. Манайд дотооддоо хэрэглэдэг олон стандартууд байдаг. Энэ нь дотоодынхоо эдийн засгийн хүрээнд болоод байдаг. Харин гаднаас хөрөнгө оруулалт татах гэхээр болдоггүй. Гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцдаг манай хувийн томоохон аж ахуйн нэгжүүд 10-аад жилийн өмнөөс олон улсын санхүү, нягтлан бодохын стандарт руу шилчихсэн, хүлээн зөвшөөрөгдсөн аудитын компаниар аудит хийлгэчихсэн байгаа. Бид үүнийг л дагаж байгаа юм. Ерөөсөө л дэлхийн зах зээлтэй нэг "хэл”-ээр ярих тухай асуудал.

-Ирэх онд ашигтай ажиллах боломжтой гэж үзэж байгаа юу?

-Нүүрсний үнэ өсөхгүй байгаа нь хэцүү байна. "Эрдэнэс-Тавантолгой” компанийн "Чалько”-той байгуулсан гэрээний өр төлбөр дуусаагүй байгаа. Энэ гэрээний нэг сул тал нь бид нүүрснийхээ маркетингийг зөв зарчмаар хийж болдоггүй. Яагаад гэвэл, гэрээнд заасан тодорхой үнийн хүрээнд л борлуулалт хийдэг. Уг нь бид үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ зах зээл дээрх үнийг өөрсдөө тогтоох ёстой. Нэгтгэлийнхээ хүрээнд өнгөрсөн жил алдагдалтай ажилласан. Энэ "Эрдэнэс-Тавантолгой” компаниас ихээхэн хамаарсан. Яг одоо дараа жилийнхээ төсөв, бизнесийн төлөвлөгөөг боловсруулж байна. Зардлаа бууруулах нь л хамгийн чухал байгаа. Ингэснээр Тавантолгой дээр бизнесийн зөв моделийг сонгох боломжтой. Гэхдээ энэ бүгдийг хийхийн тулд бид "Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчийнхээ бүрэн эрхийг баталгаажуулах шаардлагатай байгаа. Өнөөдрийн байдлаар манай компани "Эрдэнэс-Тавантолгой”-н ТУЗ-д төлөөлөлгүй байгаа. Өөрөөр хэлбэл, засаглалыг нь зөв болгох хэрэгтэй. Засаглал буруу байгаа тохиолдолд тухайн компани ашиггүй ажилладаг юм.

 

 

 

Eagle.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top