|

1072 хувьцааны үлгэр

saikhnaa 2016/03/15 756 0

1072 хувьцааны үлгэр

 

УИХ-ын даргаасаа авахуулаад хамаг л улстөрчид Тавантолгойн 1072 хувьцааны талаар хий сурталдсаар удаж байгаа. Бид ч иймэрхүү ярианд дасал болчихож. Харамсалтай нь, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд иргэдийн нэр дээр бичигдсэн гэх хоосон бүртгэлээс өөр ямар ч бодитой хувьцаа бидэнд байхгүй. Хувьцаа бол зах зээлийн зүй тогтлоор, мэргэжлийн нарийн арга аргачлалаар үнэ цэнэ нь тогтдог зүйл. Гэтэл үүнийг цэвэр улстөрийн зорилгоор зохиож гаргасан учраас өнөөдөр хувьцааны үнэ цэнэ гэж хүлээхэд дэндүү утгагүй болжээ. Ерөөс "Алаагүй баавгайн арьсыг 10 хувааж зарав” гэгчийн үлгэр дотроо бид төөрч суугаа нь энэ. Төрийн өмчит Эрдэнэс Тавантолгойн хувьцаа гадаад, дотоодын аль ч бирж дээр гараагүй, арилжигдаагүй, бүртгэлгүй. 1072 хувьцааны бичилт энэ компанийн тайлан, баланс дээр ч тусгагдаагүй. Ийм байтал 1 сая төгрөгийн хувьцаа хүн бүрийн халаасанд яваа мэтээр ярих нь анхнаасаа далий суурьтай байшинг босгох гэж улам дээш нь өрсөөр, хэзээ мөдгүй нураахад бэлдэж байгаатай ялгаа алга. Ингэхэд Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаа гэж яг юу билээ? Яаж яваад бид хувьцаа эзэмшигч нэр зүүгээд, хэзээ, хэрхэн ашиг ирэх бол гэж улстөрчдийн амыг ширтэн сууна вэ?
Хувьцааны нэрлэсэн үнийг зохиомлоор тогтоосон нь
Тавантолгой ордын лиценз эзэмшигч Эрдэнэс Тавантолгойн хувьцааг иргэн бүрт олгох "мэргэн” санаа 2008 оны сонгуулийн амлалтаас эхтэйг уншигчид мэдэх биз. Тухайн үед улстөрийн намуудаас өгнө гэж амласан 1 ба 1.5 сая төгрөг нь яван явсаар эх орны хишиг, эрдэнийн хувь болж "баяжигдсаар” адаг сүүлдээ 1072 хувьцаа болсон. Улсынхөө төсвөөс давсан, биелэгдэшгүй, бодит бус амлалт өгөхийн хор уршиг хэтэрхий их байсныг энэ удаад ярихаа болиод, хувьцааныхаа асуудал дээр төвлөрье. Иргэдэд амласан 1.5 сая төгрөгийн бэлэн мөнгийг олгохын тулд Засгийн газраас сар бүрийн 21,000, хүүхдийн мөнгө гэхчлэн элдвийн халамж гаргасан ч 1.5 саяас 500,000 нь л чүү чамай барагдаж, цаана нь 1 сая төгрөгийн амлалт "сох” дутав. Энийг биелүүлэхийн тулд 2012 оны 4-р сард Засгийн газраас шинээр тогтоол гаргаж, Эрдэнэс Тавантолгойн нийт хувьцааны 20%-ийг иргэдэд тараана гэснээр нэг хүнд 1072 хувьцаа гэгч зүйл гарч ирлээ. Ингэхдээ амлалтын 1 сая төгрөгийг 1072 ширхэгтээ хуваагаад (уншигч та одоо ч тооны машин дээр хуваагаад үзэж болно) хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөг гэж хүчлэн тогтоосон түүхтэй. Амлалтын мөнгө 2 сая байсан бол 1072 хувьцааны нийт үнэлгээг 2 саяар, 10 сая байсан бол 10 саяар тогтоох байж л дээ. Зах зээлийн нарийн зохицуулалтаар тогтдог хувьцааны үнийг хүчээр зохиосон нь энэ. Хувьцааны үнийг сонгуулийн амлалтанд тааруулж зохиосон тохиолдол дэлхийн түүхэнд үүнээс өөр байхгүй гэж найдья. Бас 1072 хувьцааны оронд 1 сая төгрөгөө бэлнээр нь авах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлсэн. Хамгийн сүүлийн мэдээллээр, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудаас бүрдсэн 770 мянга орчим иргэн 1 сая төгрөгөндөө дүйцэх халамж авсан. Харин цаана нь 2.2 сая иргэний хувьцаа, бэлэн мөнгөний асуудал наашаа ч үгүй, цаашаа ч үгүй таг болжээ.
Арга ч үгүй юм. Төрийн Эрдэнэс Тавантолгойн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид гаргаж, хувьцааг нь "амилуулна” гэж 2011 оноос хойш ярьсаар 5 жил өнгөрсөн. Энэ зуур нүүрсний зах зээл ч муудаж, Эрдэнэс Тавантолгойн түүхий нүүрсний экспорт ч явцгүй болж, өр ширэнд баригдаж дуусав. Хөрөнгийн зах зээлийн зохицуулалтыг "алгассан” компанийг хаанахын, ямар ч бирж бүртгэж авахад хэцүү гэдгийг эдийн засаг гадарладаг хүн бүр мэднэ. Дээр нь хөрөнгийн биржийн шаардлагыг хангана гэдэг тийм ч амар эд биш.
Компанийн ба орд газрын үнэлгээ
Дэлхийн хөрөнгийн зах зээлд нийт 70 орчим их наяд ам.доллар эргэлддэг гэх багцаа тоо бий. 2009 оноос өмнө АНУ-ын хөрөнгийн биржүүд хамгийн чансаатайд тооцогддог байсан бол сүүлийн жилүүдэд Азийн биржүүд хүч түрэх болсон. 2015 онд БНХАУ-ын Шанхай, Шеньженийн хөрөнгийн биржүүдэд нийт 219 удаагийн IPO болж, ойролцоогоор 25 тэрбум ам.доллартай дүйцэхүйц хөрөнгө босголт хийгдсэн бол Хонконгийн бирж 35 тэрбум орчим ам.доллараар дэлхийд тэргүүлж, АНУ-ын Нью-Йорк, Насдакийн биржүүд 34.1 тэрбум орчим долларын хөрөнгө босголтоор удаалж. Энэ мөнгөнөөс савныхаа хэрээр утгаж авч чадах эсэх нь тухайн улс, тухайн компаниас өөрөөс нь л шалтгаалдаг. Харамсалтай нь 2011 оноос хойш Монголын компаниуд олон улсын биржид IPO хийж, гадаад зах зээлээс хөрөнгө татаж чадаагүй л байна.
Эрдэнэс Тавантолгойн хувьцааг гадаад, дотоодын зах зээлд гарган хөрөнгө босгож, хувьцааных нь бодит үнэлгээг тогтоож болох уу гэвэл болох байсан. Гагцхүү хувьцааных нь үнийг улстөрийн аргаар зохиож, уруу нь харуулсан мод шиг болгосноос мордохын хазгай гэгч нүүрлэсэн. Дээр нь олон улсын хөрөнгийн зах зээлийн шаардлагыг хангана гэдэг манай улстөрчдийн ярьдаг шиг амархан зүйл мөн билүү?
Тавантолгойн газар дор байгаа 6 тэрбум тонн нүүрсний нөөц (үүний тодорхой хувь нь л коксжих нүүрс)-ийг тонн тутмын үнээр үржүүлж бодоод, компанийн үнэлгээг тогтоочихлоо гэж эндүүрч яригчид олон бий. Гэтэл ямар орд газар эзэмшдэг нь тухайн компанийн үнэлгээг тогтооход харгалздаг нэг л хүчин зүйл болохоос гол цөм үзүүлэлт огтоос биш гэдгийг захын судлаач андахгүй. Хөрөнгө оруулагчид аливаа компанийн хувьцааг худалдаж авах эсэх шийдвэр гаргахдаа орлого, зарлага, мөнгөн урсгалыг нь дор хаяж 30 жилээр тооцож үздэг. Энэ компани дунджаар 30 жилийн хугацаанд хэр ашиг олж чадах вэ, түүнд шаардлагатай борлуулалт хийх менежментээ бүрдүүлж чадсан уу, зах зээлдээ хүрэх дэд бүтэц нь байна уу гэж хардаг. Том орд газар л байхад бүх зүйл "ок” байсан бол Эрдэнэс Тавантолгой маань өнөөдөр дэлхийн лут биржүүд дээр хэдэн тэрбумаар үнэлэгдэж байх байлгүй дээ? Дээр нь нүүрсээ угааж, баяжуулж, дэлхийн стандартад нийцүүлж байна уу, орд газраа сайнтай, саартай нь сорчлолгүй ашигладаг уу, орчин үеийн технологи нэвтрүүлсэн үү гээд маш олон үзүүлэлтийг харж байж шийддэг. Гэтэл хөөрхий Эрдэнэс Тавантолгой өнөө хэр уурхайн аман дээрээс нүүрсээ түүхийгээр нь зарсаар. Түүнийг нь Хятадын зууч компаниуд маш хямдаар авч цааш дамладаг, зарсан нүүрс нь орлого болох биш Чалкогийн өрөнд явдаг гээд олон асуудал бий. Цаашлаад нүүрсний үнэ сүүлийн 10 жилийн доод ёроолдоо хүртэл уначихаад байгаа үед Эрдэнэс Тавантолгойн хувьцаа "амилна” гэх магадлал байна уу? Ийм байдалтай компани олон улсын шаардлагыг хангаж, хөрөнгийн биржид гарч чадах уу?
Нүүрсний зах зээлийн уналтаас болж BHP Billiton, Peabody Energy-гээс аваад дэлхийн "акул” компаниуд бүгд алдагдал хүлээж, зах зээлийн үнэлгээ нь эрчтэй уруудсаар байгаа. Ройтерсын саяхны судалгаагаар дэлхийн нүүрсний салбарын 30 том компанийн хувьцааны ханш 2011-2012 оны оргил үетэй харьцуулахад 50-150 дахин унасан байна. Дэлхийн нүүрсний салбарын хамгийн том компани гэгддэг Peabody Energy дэлхийн 3 тивд нүүрсний 26 том орд эзэмшдэг боловч 2012 оноос хойш хувьцааных нь үнэ бараг 60 дахин унаж, өдгөө нэгж хувьцаа нь 2-3-хан ам.долларт хэлбэлзэж байна. Дэлхийд чансаагаараа тэргүүлэгчид ийм байдалтай байхад манай улстөрчид 2012 онд "бодож” олсон 1 сая төгрөгний үнэлгээгээ одоо ч хэвээр мэт ярьсаар байгааг юу гэж ойлгох вэ? Зохиомлоор гаргаж ирсэн 1 сая төгрөг байтугай тухайн үед зах зээл дээр бодитойгоор 1 сая төгрөгийн үнэ цэнэтэй байсан хувьцаануудын ханш ч өнөөдөр 100-150 дахин унаж, 5-10 мянган төгрөгтэй дүйцэхтэй үгүйтэй болоод байна.
"Одоо үнэ багатай байж болох ч ирээдүйд чулуу болно” гэх тайлбар бас сонсогдох юм. Хувьцааг хувьцаа утгаар нь албан ёсоор гаргаж бүртгүүлээд, зах зээлийнх нь жамаар явуулсан бол тийм цаг ирэхийг үгүйсгэхгүй. Харамсалтай нь анхнаасаа зохиосон үлгэрт Эрдэнэс Тавантолгойг хэтэрхий гүн шигтгэсэн. Адаглаад орд газраа сорчилж ухдаг, нүүрсээ түүхийгээр нь зардаг байдлаас татгалзаж, Чалкогийн өрийн гинжин хэлхээнээс ангижраад, дэд бүтэц, төмөр замтай болох, хөрөнгө оруулалт татах асуудлуудаа шийдэж байж хөрөнгийн зах зээлд гарах, хувьцаа нь "амь орох” гэхчлэн дараагийн алхмууд яригдах болов уу. Дээр нь 933 төгрөгний нэрлэсэн үнэ гэх зохиомол тоогоо зохиомол гэдгийг нь хүлээн зөвшөөрч, худал хуурмагийн тойргоосоо гараагүй цагт ямар ч хөрөнгийн бирж "улстөрийн” зохиомол хувьцаатай компанийг хүлээж авахгүй. 1,072 хувьцаанаасаа ашиг хүртэнэ гэж горьдсон хөөрхий иргэд арга буюу энд тэндэхийн брокерийн пүүсүүдэд ханддаг, нөгөөдүүл нь төр засгаас "хувьцаагаа ам оруулахыг” шаарддаг, улстөрчид нь "хувьцаа тэгэж байгаад амь орно” гэж худал тайлбарлан аргацаасан чөтгөрийн тойрог эргэлдсээр…. Улстөрийн энэ үлгэрийг зогсоож, хувьцаа, хувьцааны үнэлгээг зах зээлийнх нь жам ёсны зарчмаар явуулах алхмыг эхлүүлж, өмнөх алдаануудаа засч залруулахгүй бол дотоодын хөрөнгийн бирж ч урагш хөгжихгүй нь тодорхой байна. Худал зүйлийг үргэлжлүүлж яриад байвал сүүлдээ худлын тойргоос гарах гарцгүй ороогдож унадаг. Үүнтэй адилаар, Эрдэнэс Тавантолгойгоос үнэхээр л ирээдүйд ашиг хүртье гэж байгаа бол хувьцааны үлгэрээ эртхэн зогсоож, иргэдэд бодит мэдээлэл өгөх цаг нэгэнт болжээ.
Эцэст нь хэлэхэд, 1072 хувьцаанд найдсан бидэнд одоогоор Чалкогийн өрнөөс өөр юу ч ногдохгүйг сануулах нь илүүц биз.
Э.ЭНХЦЭЦЭГ

Санал болгох

Сэтгэгдэл

top