|

УИХ-ын даргад хэнийг томилохыг өнөөдөр шийдвэрлэж, наадмаас өмнө Ерөнхий сайдаа томилно

marsbold 2016/07/04 662 0

Монголчууд эрхээ эдэлж УИХ-ын сонгуулиа өнгөрсөн долоо хоногт амжилттай явуулж дууссан. Алдаа онооны дэнсэн дээр хөвөрч өнгөрсөн дөрвөн жилийн ажлыг нь бид өөр өөрсдийнхөө үнэлэмжээр үнэлэж, дор бүрнээ дүнгээ тавив. Ингэхдээ олонх болж засгийн эрхийг барих намаар МАН-ыг сонгож, нийт  65 суудал өгөв.

Одоо МАН-ынханд маш том хариуцлага ирсэн. Энэ хариуцлагыг даасан шиг даахгүй бол ард түмэн дөрвөн жилийн дараа хатуухан дүн тавьдаг гэдгийг энэ удаагийн сонгууль хангалттай харууллаа. Ямартаа ч шинэ ажил эхлэх гэж байна. Монгол Улс ирэх жилүүдэд хэцүүхэн он жилүүдийг даван туулах ёстой. Эдийн засгийн хямралтай байдлаас гадна гадаад дотоодын өр зээлүүдийн эргэн төлөлт эхэлнэ. Тиймээс шинэ парламент цаг алдалгүй ажилдаа орж наадмын дараагаар намрын их ажилд бэлтгэх нь зүйтэй байх.

Ерөнхийлөгч шинэ парламентын анхдугаар чуулганыг маргааш хуралдуулахаар зарлиг буулгасан. Уламжлал ёсоор морин цагт УИХ-ын чуулган хуралдаж эхэлнэ. Маргаашийн чуулганаар хоёр чухал асуудлыг шийдвэрлэнэ. Эхний асуудал нь мэдээж шинээр сонгогдсон 76 гишүүн тангарагаа өргөх юм. Хоёрдугаар асуудал болох УИХ-ын даргын томилгоо улс төрийн хүрээнийхэн дунд маш их яригдаж бас сонирхолыг нь татаж байна. УИХ-ын даргад одоогоор Д.Лүндээжанцан, С.Бямбацогт зэрэг хэд хэдэн хүний нэр яригдаж байгаа талаар зарим хэвлэлүүд бичиж эхлээд байна. Тэгвэл өнөөдөр МАН-ынхан хуралдаж бүх асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөөд байгаа юм. Мэдээж энэ парламентад байгаа цөөн хэдэн туршлагатай, ноён нуруутай гишүүдийн нэг бол Д.Лүндээжанцан гишүүн. Гэхдээ тэрбээр өмнө УИХ-ын даргын албан тушаалыг хашиж явсан нэгэн учраас энэ удаад С.Бямбацогтод боломж илүү байхыг үгүйсгэхгүй. С.Бямбацогт гишүүн өнгөрсөн дөрвөн жилд сөрөг хүчний бүлгийн даргыг тун ч чадварлаг гүйцэтгэсэн. Аливаа асуудалд намын нөхдөө тэргүүлэн оролцож, сөрөг хүчнийхээ дуу хоолойг хүргэж ирсэн. Тийм ч учраас С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвших магадлалтай.

Ямартаа ч өнөөөдөр МАН хуралдаж УИХ-ын даргад хэнийг томилохоос шалтгаалж маргааш бид УИХ-ын шинэ даргатай "танилцана". Харин дараагийн нэг чухал асуудал болох Ерөнхий сайдын томилгоо энэ долоо хоногийн пүрэв гарагт багтаж хийхээр төлөвлөж байгаа талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын даргаа томилчихоод лхагва гарагт МАН-ын бага хурал хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулна. Ингээд УИХ-ын шинэхэн дарга анхныхаа чуулганыг зарлан хуралдуулж Ерөнхий сайдаа томилно. Одоогоор Ерөнхий сайдад М.Энхболд даргын нэр яригдаж байна. Мөн түүнээс өөр ганц нэг хүнийг Ерөнхий сайдад илгээх магадлалтай гэж үзэж байгаа ч гэсэн хамгийн найдвартай сонголт бол намаа ялалтад хүргэсэн М.Энхболд юм.

Ингээд УИХ-ын дарга болон Ерөнхий сайдаа томилсонор энэ долоо хоногийн парламент дахь томилгоо дуусгавар болох бөгөөд наадмын дараанаас шинэ сайдуудыг томилж Засгийн газрыг бүтэц бүрэдхүүнийг бүрдүүлэх юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top