|

АН-ынхан ЭМС-ын сайдад УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Одонтуяа нарын нэгийг томилохоор тохирчээ

saikhnaa 2016/03/25 1001 0

АН-ынхан ЭМС-ын сайдад УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Одонтуяа нарын нэгийг томилохоор тохирчээ

 

Нэгэн цагт Шадар сайдад "сойгдож" явсан МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр дахин "аавын хаалга" татах уу, үгүй юу гэдэг дээрээ тулж ирлээ. АТГ-аас өнгөрсөн мягмар гарагт албан бичиг хүргэж өгч, түүнийг нь МАХН-ынхан буруугаар ойлгож баахан сүржигнэсэн.

Бичгийн утгийг сийрүүлбэл, байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах тухай. Гол агуулга нь "иргэн Н.Энхбаяр таны байгаа газарт очиж мэдүүлэг авъя" гэсэн утгатай аж. Хариуд нь Н.Энхбаяр нь АТГ-т эргүүлэн "гэр бүлээрээ оролдуулахгүй" гэж даналзсаар үйл явдлын эрч нь суларч байх шиг байна.

Тэгвэл энэ хооронд АН-ын удирдлагууд улс төрийн эрс шийдвэр гаргахаар яриа, тохироогоо хийж асуудлыг нам дотроо шийдсэн байна. Тэрхүү тохироо нь эзгүйрээд дөрвөн сарын нүүрийг үзээд буй Эрүүл мэнд, спортын яамтай холбоотой юм. Бүр тодруулбал, Хэл амны бай болоод буй Эрүүл мэндийн салбарын квотыг МАХН-д өгөхгүйгээр АН-ынхан өөрсдөө авахаар шийдсэн байна. Ингээд Н.Энхбаярын Шадар сайд болох мөрөөдөл нь талаар болж "өдрийн бодол, шөнийн зүүд" хэвээр үлдэх бололтой. Анх Г.Шийлэгдамба сайдыг албан тушаалаа өгсний С.Ламбаа тэргүүтэй АН-ын зарим гишүүд ЭМС-ын салбарыг манайх өөрсдөө авъя гэх яриаг гаргаж байсан. Харин МАХН-ынхан засгийг задлахаас болгоомжилсон Ерөнхий сайд МАХН-аас өөрсдийн квот дээрээ хүн санал болгох хүсэлтийг өнгөрсөн арваннэгдүгээр сард явуулсан байдаг. МАХН хариуд нь Л.Жамбалжавыг санал болгосон ч Ерөнхий сайд татгалзсан хариу илгээсэн. Үүний дараа МАХН даргаа Шадар сайдад томилуулж, Шадар сайд Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайдад томилох санал хүргүүлсэн ч мөн л өдийг хүртэл амжилт олсонгүй. Н.Энхбаяр аргаа барахдаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах ажиллагааг өрнүүлсэн ч өөрөө Ерөнхий сайдтай ам тохироо хийснээсээ болж "ар далаараа цэвэр тавиулсан". Н.Энхбаяр ч өөрөө тохироон дээрээ "хулихдуулсан" гэдгээ хүлээн зөвшөөрч яваа гэж зарим эх сурвалжууд өгүүлж байсныг энд сануулах нь зөв байх.

Тэгвэл шинээр томилогдох ЭМС-ын сайдад АН-ынхан нөгөө л парламент дотроосоо тавина гэдэг байр суурийг баримталж байгаа бөгөөд эмэгтэй гишүүдээсээ нэгийг нь томилохоор ярилцжээ. Тодруулбал, ЭМС-ын сайдад С.Одонтуяа болон М.Батчимэг нарын нэгийг нь томилохоор болсон байна. АН-ынхан дээрх хоёр гишүүнийхээ аль тойргоос нэр дэвшихийг нь сайдад томилох гэнэ. М.Батчимэг гишүүн Эрдэнэтээс нэр дэвших нь бараг л ойлгомжтой болсон. Тэрбээр аль хэдийнээ сонгуулийнхаа бэлтгэл ажлыг базаагаад эхэлсэн. Харин С.Одонтуяа гишүүн бүлгийн дэд даргынхаа хувиар ирэх сонгуульд намын жагсаалтад бичигдэх хүсэлтэй яваа. Гэвч сайдаар томилно гэвэл Баянголоосоо нэр дэвших ч бодолтой байгаа гэнэ.

Ямартаа ч ЭМС-ын сайдыг АН дотроосоо томилохоор болсон байна. Хэрэв ийм зүйл болвол МАХН засгаас гарч Ч.Сайханбилэгийн Шийдлийн гэх тодотголтой Засгийн газрыг "онхолдуулах" болно. АН-ынхан хариуд нь ИЗНН, МҮАН-тай хамтарч хагарсан дугуйгаа нөхөөд ирэх сонгууль хүртэл явах төлөвлөгөөтэй байгаа бололтой. Ер нь МАХН болон АН гэсэн хоёр нам ирэх сонгуульд "нэгэн дээвэр" дор оролцохгүй нь тодорхой учраас эртхэн бууриа орхисон нь дээр байх. З.Энхболд тэргүүтэй АН-ынхан ч МАХН-ыг ирэх сонгууль болтол сульдааж, тамирдуулах бодлого бариад эхэлсэн.

Г.Лхагваа

Санал болгох

Сэтгэгдэл

top