|

Монголын эдийн засаг 10 жилийн өмнөөс хараагджээ

saikhnaa 2016/06/13 685 0

Монголын эдийн засаг 10 жилийн өмнөөс хараагджээ

 


Монголын эдийн засаг улстөрийн бодлогогүй шийдвэрүүдээс болж хэдийнэ намаг балчигтаа шигдсэн гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Учир мэдэх хүмүүсийн гаргасан дүгнэлтээр бол 10 жилийн өмнөөс Монголын эдийн засаг хараагджээ. Нэг ёсондоо бид баялгийн хараалд бүрэн нэрвэгдэх зам руугаа явж байна л гэсэн үг юм. Өнгөрсөн жилүүдэд  эдийн засгаа солонгоруулж, төрөлжилтийг нь нэмэгдүүлье, ганц уул уурхайгаас хамаарч урагш зүтгэхээ больё гэж яриад байгаа нь нутагшаад удсан Голланд өвчнийг бүр үгдрээж,  байгалийн баялаг ихтэй улс орнуудад байнга ажиглагддаг "баялгийн хараал”-ын дороос өндийж дийлэхээргүй байдалд орчих вий гэсэндээ юм.  Гаднынхны нүдээр бол бид  "байгалийн баялгийн хараал” хэмээх үзэгдлийг төдийлөн анхаарч үздэггүй гэсэн. Дэлхийн банкнаас бидэнд "Байгалийн баялаг ихтэй байх нь хөгжлийн зайлшгүй ч нөхцөл  биш, хангалттай ч нөхцөл биш. Байгалийн баялаг нь хөгжлийг түргэтгэх увдистай ч, хараал болох бас чадвартай” гэсэн агуулгатай зүйлийг хэлээд л байдаг. Уг нь байгалийн баялаг хөгжиж байгаа улс орнуудад эдийн засгийн хөгжлийг авчрах асар их боломжийг дагуулдаг аж. Учир нь уул уурхайн салбараас олсон орлогоор төрийн үндсэн үйлчилгээ болон боловсрол, эрүүл мэнд, бодит дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх зэрэг нь тогтвортой хөгжлийг дэмжих, мөн ядуурлыг бууруулахад чиглэгдсэн нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломжтой байдаг. Гэтэл бодит байдал дээр нөхцөл байдал өөр байх нь олонтаа аж. Байгалийн баялгийн хараалын зарчмын үүднээс авч үзвэл байгалийн баялгаар хомс улс орнуудтай харьцуулахад баялаг ихтэй орнууд ихэнх тохиолдолд хурдацтай хөгжиж чаддаггүйгээс гадна хүний хөгжлийн үзүүлэлтүүдээрээ дорвитой ахиц гаргадаггүй нь нэгэнт тодорхой болжээ.

Байгалийн арвин баялаг нь эдийн засаг, нийгмийн хөгжилд хэрхэн сөргөөр нөлөөлж болох тухай өөр хоорондоо харилцан уялдаа бүхий хоёр ойлголт байдаг аж. Эхнийх нь богино-дунд хугацаа буюу 5 хүртэлх жилийн хугацааг хамаарах "Голланд өвчин”. Харин хоёр дах нь 5-аас дээш жил буюу дундаас-урт хугацааг хамардаг "Байгалийн баялгийн хараал” хэмээх ойлголт аж.

Эдийн засагчид баялгийн хараалын гол шалтгаан тухайн орнууд байгалийн баялгаа хуримтлал болгож чаддаггүйд оршиж байна гэж үздэг. Харин хуримтлал үүсгэж чаддаггүй нь  эдийн засгийн, улс төрийн гэсэн хоёр хүчин зүйлсээс хамаардаг аж.  Байгалийн баялаг ихтэй орнууд гэнэт амар хялбар баяжих боломжоос болж нийгэмд хэт цатгалдсан байдал, авилгал, тэгш бус хөгжил зэрэг гаж үзэгдлүүд нүүрлэдэг ба үүнийг эдийн засагчид байгалийн баялгийн хараал гэж нэрлэх нь элбэг аж. Гэтэл Япон, Сингапур, Өмнөд Солонгос зэрэг Азийн олон орнууд ач холбогдол өгөхүйц  байгалийн баялаггүй хэрнээ хөгжиж өндөр  стандарттай нийгэм байгуулж чадсан байдаг. Ерөнхийдөө хөгжлийн стратегийг байгалийн баялагтай байх аз завшаанд тулгуурлаж болохгүй гэдгийг л бидэнд зөвлөөд байгаа юм.

Голланд өвчин гэх ойлголтыг тухайлан авч үзвэл эдийн засгийн салбар дахь байгалийн баялгийн өсөлт, үйлдвэрлэлийн салбарын уналт хоёрын харьцаагаар тодорхойлогддог. Голланд улсад  1959 онд байгалийн хийн асар том орд нээгдсэний дараа зөвхөн энэ салбартаа өндөр ач холбогдол өгч, аль хэдийнэ хөгжчихөөд байсан аж үйлдвэрлэлийн салбараа унагаачихсан байдаг. Харин тус улсын Ерөнхий сайд үүний эсрэг арга хэмжээ авч, улмаар Засгийн газар нь  өөрөө өөрийнхөө гарыг хүлж, мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж, үрэлгэн бус тооцоотой, төлөвлөгөөтэй хандаж чадсанаар асуудлаа шийдэж чадсан нь өдгөө яг ийм зовлонг тойрохгүй дайрч байгаа бусад улс орнуудад буян болж байна.

 Эрдэс баялаг ихтэй орнуудад хуримтлал үүсч чаддаггүйн шалтгаан эдийн засаг талаасаа Голланд өвчин нэрээр алдаршсан эдийн засгийн сувгууд гэж үздэг аж. Уул уурхайн салбар үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг бусад салбараас татаж авдаг. Өндөр боловсролтой боловсон хүчин уул уурхайн салбар луу шилжих хөдөлгөөн хүчтэй  явагдаж бусад салбар нь чадвартай боловсон хүчний дутагдалд орон үйлдвэрлэлийн бүтээмж буурч, бүтээгдэхүүний дундаж чанар доошилдог байна.

Мөн уул уурхайгаас орж ирэх орлого нэмэгдсэнээр эдийн засаг дахь цалин болон үнийн түвшин  өсөх  дарамт болж улмаар өрсөлдөх чадварыг сулруулдаг. Бас уул уурхайн салбар эдийн засагт байгаа капитал болон хөдөлмөрийн хүчин зүйлсийг татсанаар нэг салбарын хэт давамгайлал бий болж түүхий эдийн үнийн хэт хамаарлыг бий болгодог. Мөн эдийн засгийн хүчин зүйлсээс гадна улс төрийн шийдлүүд юуны түрүүнд түүхий эдээс орж ирэх орлогын муу удирдлага нь нөхцөл  байдлыг улам даамжруулдаг гэхчлэн асуудлууд бий.

Ер нь бол уул уурхайн бүтээгдхүүний экспортод тулгуурласан эдийн засаг урт хугацаанд өсөлтийг үзүүлж чаддаггүйг судалгаанаас харж болох аж. 1970-2009 он хүртэлх улс орнуудын эдийн засгийг харахад Хятад, Энэтхэг, Турк, Бразил зэрэг байгалийн баялаг экспортлодоггүй орнуудын эдийн засгийн өсөлт өндөр байгаа бол Венесуэл,  Саудын Араб зэрэг үйлдвэрлэгч бус байгалийн баялгийнхаа тодорхой хэсгийг экспортлогч улсуудын эдийн засгийн өсөлт сул байжээ. Ер нь бол 2010 оноос өмнөх он жилүүдийг харахад дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ тийм ч өндөр байгаагүй. Тэрчлэн байгалийн баялгийг хэр их хэмжээгээр  экспортлоно, тэр чинээгээр эдийн засагт бодит өсөлт дагуулж чадахгүй байсан байна. Харин 2010 он гарснаас хойшхи хугацаанд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өссөн нь улс орнуудын эдийн засагт яах аргагүй өсөлтийг дагуулж байгаа нь, манай улсыг тойрохгүй бас дайрч байгаа харагдана. Түүнчлэн уул уурхайн цөөн бүтээгдхүүний экспортод л дулдуйдаж байгаа манай эдийн засаг хэврэг байна.

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын эдийн засагчийн хэлж байснаар бол манай эдийн засагт 2008 оноос эхлэн  Голланд өвчний шинж тэмдэг ажиглагджээ.

Ер нь бол уул уурхайгаас орж ирсэн гэнэтийн орлогоос хамаарч тухайн орны валютын ханш нь чангардаг. Учир нь гаднаас их хэмжээний  валют орж ирэхээр үндэсний валютын эрэлт  нэмэгдэж, чангарах үзэгдэл явагддаг. Улмаар хөрөнгө санхүүжилт үл хөдлөх хөрөнгө, барилгын салбар руу төвлөрч, аж үйлдвэрийн салбараа шахаж эхэлдэг байна. Хэрэв аж үйлдвэрийн салбар нь экспортод чиглэсэн байх юм бол үндэсний валют чангарчихаар дотоодын зардал нэмэгддэг. Тэгэхээр гадагшаа гаргах бүтээгдхүүний үнэ өндөр болж хувирдаг бөгөөд бусад оронтой өрсөлдөх чадварын хувьд муу болчихдог. Эндээс хамаарч аж үйлдвэрийн салбар улам саарч эхэлддэг. Хөрөнгө мөнгө үл хөдлөх хөрөнгө, барилгын салбар руу ороод эхлэхээр хөөсрөлт бий болж үнийн хөөрөгдөл бий болдог. Тэгээд инфляци өсөөд ирэхээр иргэдийн нуруун дээрхи ачаа л нэмэгдэж, нэрвээд эхэлдэг. Улстөрчид төсвийн зардлаа нэмээд эхэлдэг. Инфляци өндөр байхад банкуудын зээлийн хүү бага байх боломжгүй. Энэ нь аж үйлдвэрийн салбарт сөрөг нөлөөтэй нь ойлгомжтой асуудал. Ерөнхийдөө түүхий эдийн үнэ өсч, буурахыг дагаж эдийн засгийн өнгө төрх тодорхойлогдож байгаа нь тогтворгүй байнаа л гэсэн үг. Манай тухайд энэ бол тун танил үзэгдэл.

Монголын эдийн засаг нүүрсний экспорт эрчимтэй нэмэгдсэн 2009-2010 оноос өмнө  зөвхөн зэсийн экспортод суурилж ирсэн. Тэгвэл 1980-2000 оны хооронд Лондонгийн металлын бирж дээрх зэсийн ханшийг аваад үзэхэд тонн нь 2000-3000 ам.доллар байдаг байсан бол 2005 оны 1 дүгээр сараас эхлэн өссөөр 2006 оноос хойш бүр огцом өссөн байгаа юм. Тэрчлэн 2006 оноос эхлэн манай эдийн засагт орж ирэх орлого их болсон нь  "Голланд өвчин”-д нэрвэгдэх эхлэл болжээ.

Эл өвчний шинж тэмдэг үндэсний валютын ханшийг чангаруулдаг гэдгийг дээр өгүүлсэн. Тэгвэл манай тухайд 2007 он хүртэл төгрөгийн ханш чангарах үзэгдэл байгаагүй аж. Харин 2007 оны сүүлээс эхлээд  2008 он гэхэд хэдийнээ чангарчихсан байж. Одоо ч төгрөгийн ханшийн чангаралт хадгалагдаж байгаа билээ.

За ямартай ч манай эдийн засаг Голланд өвчинд нэрвэгдсэн нь үнэн гэдэг дээр маргаж суух цаг одоо биш. Баялгийн хараал гэдэг нь ч биднээс холгүй харагдаж  байна. Манай улстөрчид үрэлгэн явж ирсэн. Мөнгөтэй үедээ нийгмийн хавтгайрсан халамжийг цацсан нь үнэн. Инфляци өссөн нь үнэн. Хүү өндөр байгаа нь үнэн. Үйлдвэрлэл хөгжихгүй байгаа нь үнэн. Өөр бидэнд ямар шинж тэмдэг хэрэгтэй гэж. Тэгэхээр эндээс гарах арга зам нь чухал байнаа гэсэн үг. Тэгвэл Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Ахлах эдийн засагч Ян Хансен:

– Баялгийн хараал нь заавал байх ёстой гарцаагүй зүйл биш. Эдийн засгийн хууль биш гэж байна. Мөн үүний эсрэг  төсвийн мэргэн бодлого хэрэгжүүлэх нь хамгийн гол. Хараалаа ерөөл болгож хувиргасан улсуудын нууц энэ байна. Норвеги, Вотсвана болон Чили зэрэг байгалийн баялаг ихтэй улс орнууд байгалийн баялгийг ерөөл болгож чадсан туршлага бий. Байгалийн баялгийн хараат улс орнууд байгалийн баялгийн хараалыг хэрхэн ерөөл болгох оновчтой бодлого хэрэгжүүлэх нь гол юм. Хараалыг ерөөл болгоход баялгийн сан асар их үүрэгтэй байж болох ч,  төсвийн бодлогоор дэмжигдээгүй, хослоогүй тохиолдолд үр дүн дагуулдаггүй гэж хэлж байна.

Эх сурвалж: Э.Болор, Шуурхай.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top