"Монголын эдийн засгийн чуулган-2016” өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Энэ удаагийн уулзалт "Сургамж, сорилт, шийдэл” уриатайгаар болж байгаа юм. Чуулганыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээж үг хэлсэн. Тэрээр улстөрчид сүүлийн үед олон тоо ярьдаг болсныг онцолсон. Тиймээс энэ удаагийн чуулга уулзалт өнгөрснөөс олсон сургамж, одоогийн сорилт, ирээдүйн шийдлийн талаар ярилцах ажээ.
СОРИЛТ, СУРГАМЖ
1998 оны "Азийн хямрал”, 2008 оны их хямрал бидэнд сорилт болсон. Харин энэ удаагийн эдийн засгийн хүндрэл нь биднээс шалтгаалсан аж. Согтуу эдийн засаг эрүүлжихгүй байсаар... Түүнийг нь нураагчид өөгшүүлсээр... Бас хариуцлагагүй байсаар... Энэ бүхэн хүндрэлийн суурь шалтгаан хэмээн хурлын үеэр ярьж байлаа. Үүнийг өөрчлөхийн тулд нийтээрээ улс төр, эдийн засгийн сэтгэлгээгээ эрүүлжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, үндэстнийхээ нураагч чадвартай хамтарч тэмцмээр байна. Гуравдугаарт, үндэсний хэмжээнд хариуцлага хүлээх чадвартай намууд хамтарч л энэ байдлаас гарна гэлцэв. Чуулганы үеэр эдийн засаг өндөр өсөлттэй жилүүдэд хувааж идээд, нэмж нэхээд, илүү амлаад л байснаасаа сургамж авсан бололтой. Учир нь, хэрэв Оюутолгойн хоёр дахь шатыг явуулж байсан бол одоогийнхоос хоёр дахин дээр суух байсан аж.
СОЛОНГОРСОН ЭДИЙН ЗАСАГ
Өнөөдөр уул уурхай, газрын баялагт суурилсан бүх эдийн засаг манайхтай адил хямарч байна. Тиймээс богино хугацааны үр ашгаас илүүтэй урт хугацааны үр дүнгээ харахын тулд өдөр бүр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ мэтчилэн гадаадын шууд хөрөнгө оруулалтаар бий болсон орлогыг бусад салбар руу зарцуулах замаар эдийн засгийг олон тулгууртай болгох учиртайг чуулганд оролцогч гадаадын төлөөлөгчид онцолсон юм.
Мэдээж сонгуулийн өмнө шийдвэр гаргахад хүнд байдаг ч чухал шийдвэрийг гаргахаас өөр аргагүй. Аялал жуулчлал, хүнсний бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн салбар, санхүү, мэдээллийн технологи салбар гээд олон салбарт Монголчуудад боломж бий. Одоо тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж чадвал урт хугацаандаа илүү сайнаар нөлөөлөх юм байна.
Дэлхийн бусад орнуудтай харьцуулахад монголчуудын бүхий л зүйл муу муухай болсон мэтээр ойлгож болохгүй. Манай улс өрсөлдөх чадвараараа дэлхийн улсуудын аль төвшинд явж байгааг олон улсын судлаачид хэлж байна. Тухайлбал, бизнес эрхлэлт өндөр үзүүлэлттэй байгаагаас гадна жендерийн тэнцвэрт байдал сайн үнэлгээтэй байгаа аж. Хэдийгээр богино хугацаанд хүнд хэцүү үе тулгамдаж байгаа ч эдийн засгаа олон тулгууртай болгож солонгоруулах нь зүйтэй юм. Мөн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал "Уул уурхайд суурилсан биш мэдлэгт суурилсан эдийн засгийг цаашид хөгжүүлэх хэрэгтэй. Эдийн засгийн өндөр өсөлттэй жилүүдэд инфляц маш өндөр байсан. Хэрэв бид үүнийг зогсоогоогүй бол өндрөөс унах байлаа. Дөрвөн жилийн өмнө бид зургаан хувийн инфляц руу зорьж байсан, өнөөдөр хоёр хувьтай байна. Мөн шинэ тэнцвэр буюу бодлого биднийг сорьж байна” гэв.
ЗАЛХААСАН Ч ЭДИЙН ЗАСГИЙН ТУЛГУУР ХЭВЭЭР
Монголын уул уурхайн салбарт гарсан ололт, сургамжийн талаарх судлаачдын төлөөлөгч М.Дагвын илтгэлээр салбар уул уурхайн салбарын "Алсын хараа” салбар хуралдаан болов. М.Дагва хэлэхдээ "Монгол орон даяар уул уурхайг хэтэрхий яриад сүүлийн үед бүр залхсан байна. Макро эдийн засагт эрдэс баялагийн салбарын эзлэх хувь экспортын бүтээгдэхүүн дээд тал нь 90 хувь, улсын төсвийн 10 гаруй хувь эзэлж байгаа гэхээр уул уурхайгаас салшгүй холбоотой” гэв. Эдийн засгаа солонгоруулах, уул уурхайгаас хамааралтай байдлаас салах хэрэгтэй. Гэхдээ уул уурхайн салбараас хамааралгүй эдийн засагтай болох нь гарын алга урвуу харуулахын төдий зүйл биш болов уу. Бид эдийн засгийн өсөлтийн циклд ч, уналтын циклд ч алддаг улс юм байна” гэлээ. Уул уурхайн салбарын хувьд эрх зүйн орчин тогтворгүй, үндсэрхэг үзэл газар авсан, геологи ашигт малтмалын хайгуулын лизензийг замбараагүй олгосноос Ерөнхийлөгч хориг тавих дээрээ тулчихсан зэрэг нөхцөл байдал 2012 онд тохиолдсон нь маргахын аргагүй үнэн. Үүнээс үүдэлтэй гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, урт нэртэй хууль гэх мэт хатуу хуулиуд гарч байсан билээ. Хамгийн том алдаа гэвэл уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэх ёстой атал нийгмийн халамжид мөнгийг үрэлгэн зарцуулснаас аж ахуйн нэгж, компаниудыг эргэлтийн хөрөнгөгүй болгох аюулд хүргэсэн хэмээн тоочоод байвал шалтаг, шалтгаан мундахгүй. Гэхдээ энэ бүхнийг зөв голдиролд нь оруулахын төлөө ажиллаж байгаагаа Уул уурхайн сайд Р.Жигжид дуулгалаа. Өнгөрсөн хугацаанд маш сайн төлөвлөж, хэрэгжүүлж, хянаж шалгаж байсан боловч алдаагаа хэрхэн засч сайжруулах вэ гэдгээ орхигдуулсан. Урт нэртэй хуулиар 488 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоосон, Хан ресурсын арбитрийн хэргийн үйл явц гээд хэлж болно хэмээн тэрээр хэлсэн юм. Хуралдааны үеэр хэдийгээр уул уурхай хэмээн хүмүүсийг залхтал ярьж байгаа ч эдийн засгийн тулгуур багана хэвээр байна гэдгийг хуралдаанд оролцогчид онцоллоо.
Ер нь эдийн засгийн хүндрэлийн гол асуудал нь эрэлт хэрэгцээнээс хамаарч байгаа юм. Эрэлтэд тулгуурласан биш хэрэгцээнд тааруулсан эдийн засгийг тэлсэн нь буруу алхам. Бидний халаглаад байгаа зүйл бол тэлэлтийн хямрал. Тухайлбал, барилгын салбарын эрэлт 5000 байхад, 20, 30 мянгаар нь барилга барих нь оновчтой шийдэл биш гэдгийг харлаа хэмээн зарим эдийн засагчид хэлж байлаа.
Сургамж авч, сорилттой тулгарсан Монголын эдийн засгийн форум шийдэл хайсаар "Бизнесийн орчин”, "Инноваци”, "Төслийн санхүүжилт” зэрэг салбар хуралдаанаар үргэлжилж байна.
Д.ОЮУНЧИМЭГ, Г.ГАНЧИМЭГ
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин