|

Оффшортонгууд болсон нь АН-ын гавьяа

saikhnaa 2016/05/25 749 0

Улс төрийн амьдрал ид өрнөж байгаа энэ үед УИХ-ын дарга З.Энхболд даргын зөвлөлөө яаралтай хуралдуулж гэнэтийн шийдвэр гарган чуулганыг 30 хоног завсарлууллаа.

УИХ-ын сонгууль болохоос урьтаж яаралтай хэлэлцэн батлахаар төлөвлөсөн цөөнгүй хууль, Авлигатай тэмцэх газрын даргын томилгоо, намын нөхөр Ч.Сайханбилэгийн гурван сайдаа огцруулах хүсэлт, оффшорын эсрэг хууль гээд бүхий л асуудлыг З.Энхболд мартаж түр зогсолт хийх шийдвэр гаргалаа.

АН-ын дарга З.Энхболд юунд ингэж сандарч, чуулганаа завсарлуулан байж ямар асуудалд анхаарал хандуулахаар зэхэж байгаа нь тодорхой гэж хэвлэлээр төдийгүй олон нийтийн сүлжээгээр яригдаж байна. Гол асуудал нь өнөөх л оффшор.

Анх панамын оффшор бүсэд данстай, оффшорт компаниа бүртгүүлсэн Монгол Улсын 49 иргэний бүртгэл ил болох сургаар АН-ынхан МАН-ыг онилж, пи-ар төлөвлөгөөгөө нэгэнт гаргачихсан байсан. Учир юу гэвээс оффшор бүсэд данстай хүн бүхэн МАН-ын гишүүн гэх мэссежийг олон нийтэд өгч, үүгээрээ АН нэр цэвэр, гар цэвэр нам гэж харагдуулах гэсэн гоё атлаа дэндүү гэнэн сценари байлаа.

"МАН-ынхан хотын өнгөтэй өөдтэй гэсэн газрыг зарж, тендерээс мөнгө "унагаж” энэхүү мөнгөө нууж, татвараас зайлсхийхээр оффшортонгууд болсон” гэх асуудлыг иргэдэд өөрөөр хэлбэл сонгогчдод өгөх гэж багагүй чармайлаа. Их ч мөнгө зарцууллаа. Эцэстээ АН-ын бай болоод байсан өнөөх МАН-ын гишүүд олон нийтэд тайлбар хийж, оффшорт нэг ч төгрөгийн дансгүй гэдгээ баталж нотлох албан бичгүүдийг ил болгож, өөрсдийн хүсэлтээр гэм буруугүй гэдгээ тогтоолгохоор хуулийн байгууллагад хандсан.

Мөн МАН-ын үед хотын А зэрэглэлийн газар, объектуудыг худалдан авсан хүмүүс нь АН-ынхан байсан гэдгийг ч зарласан.  Өөрөөр хэлбэл МАН-ын гишүүд буруугүй гэдгээ нотлоод эхэлсэн.

Харин яаж ч нуусан гэсэн эцэстээ үнэн дийлж АН-ын оффшортонгууд сүүлийн өдрүүдэд толгой дараалан илрээд эхэллээ. Тодорхой хэлбэл БНХАУ-ын иргэн болоод сая ам.доллараа оффшор бүсэд мартчихсан гээд байгаа манай улсын оффшорын загайлмайлсан эцэг С.Баярцогт үнэндээ жараахай байсан бололтой.

УИХ-ын гишүүн Х.Баттулгад хамаарал бүхий компани 250 сая ам.доллар, УИХ-ын гишүүн Д.Зоригт 30 сая ам.доллар, Д.Батбаяр таван данстай гээд АН-ын гишүүдийн нэрс ойрын өдрүүдэд өдөр болгон л ил болсоор байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар алдарт оффшорчин С.Баярцогтыгоо УИХ-д дэвшүүлэхгүй гэж  түүгээр "туг тахиж” байгаагаа зарлаж намаа гоё харагдуулах гэж оролдсон ч үнэндээ амжилт олсонгүй. Өдөр бүр толгой дараалан илрээд байгаа намынхаа оффшортонгуудыг бүгдийг нь нэр дэвшүүлэхгүй гэж мэлзэх үү.

С.Баярцогт тэргүүтэй гишүүд төрийн өндөр албан тушаалтан, тэдэнд хамаарал бүхий этгээд оффшорт данстай байхыг хориглосон хуулийг гурван жил хав дарсан. Өөрөөр хэлбэл оффшорт данстай байхыг хориглосон хууль байхгүй хэдий ч энэ тухайгаа хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй, мартсан, нуусан нь өөрөө гэмт хэрэг юм. Чухам ямар шалтаг шалтгаанаар оффшор бүсэд компаниа бүртгүүлэн, данстай болж байгаа нь тодорхой. Татвараас бултах гэсэн л арга шүү дээ.

Өнгөрсөн дөрвөн жил төр засгийн эрхийг барихдаа АН-ынхны хийсэн томоохон гавьяануудын нэг нь оффшортонгууд болсон явдал байлаа.

Д.Сүрэн

Санал болгох

Сэтгэгдэл

top