|

Эрдэнэтийн шөнийг хараад баймаар сайхан

saikhnaa 2016/04/18 2046 0

Эрдэнэтийн гэр хорооллын шөнийн байдлыг хараад баймаар сайхан болжээ. Ёстой л гэрэл цацарсан хот гэж үүнийг хэлэх байх. Эрдэнэт хот үүсч хөгжсөн 40 жилийн хугацаанд анх удаа нүднээ тусч буй нэгэн шинэ өнгө төрх энэ юм даа. Бид Эрдэнэтийн шөнийн зураг авахаар өндөрлөг газар очлоо. Харанхуй шөнө гэр хорооллын гэрэл сүлэлдсэн энэ байдлыг хараад орон нутгийн төсвийн мөнгийг зөв зүйлд зарцуулахаар иргэдийг айдас хүйдсээс ангижруулж, ая тухыг хангасан ийм сайхан орчин бий болгож болдог л юм байна шүү дээ гэх бодол хамгийн түрүүн сэтгэлд буув. Тиймээс Орхон аймгийн Засаг дарга агсан Г.Зоригт, өнөөдөр Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа С.Дангаасүрэн, аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлмээр санагдлаа.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд тэд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өндөр сумын гэр хороололд нэгдсэн удирдлага бүхий 3837 лед гэрэл суурилуулж гэр хорооллыг бүрэн гэрэлтүүллээ. Мөн Жаргалант сумын гэр хорооллын болон төв замын гэрэлтүүлгийн ажилд орон нутгийн хөгжлийн сангаас 200.0 сая төгрөг зарцуулсан байна. Сумын иргэд шөнийн гэрэлтүүлэгт мөн л сэтгэл хангалуун байна. Автомат удирдлагатай, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий гэрэлтүүлгээр гэр хорооллын гудамжуудаа бүрэн гэрэлтүүлсэн энэхүү шинэчлэлээр Орхон аймаг улсдаа анхдагч боллоо.

Гэр хорооллын шинэ гэрэлтүүлгүүд JS системээр ажилладаг. Өөрөөр хэлбэл, түүнийг ажиллуулах хүн интернэтэд байгаа тохиолдолд хаанаас ч энэ бүх гэрлийг нэгэн зэрэг асааж, унтраах боломжтой ажээ. Гэрэлтүүлгийн нэгдсэн систем нь "Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” компани дээр төвлөрсөн байна.


Гэрэлтүүлэг өвлийн нөхцөлд 18.00 цагаас 02.00 цаг хүртэл ажиллаж, түр унтраад өглөө 06.00-07.30 цагийн хооронд ажиллах горимтой. Харин зун өдөр уртассан үед өөр горимоор ажиллана. Өөрөөр хэлбэл 4 улирлын цагийн өөрчлөлтийг дагаад гэрлүүдийг асааж, унтраах цаг өөрчлөгдөх ажээ.

Иргэд түүнийг хагалж, гэмтээхгүй, гамтай ашиглах л үлдэж байна. Шинэ гэрлүүдийн нэг нь шатахад нөгөө нь гэрэлтүүлсээр байх чадвартай гэнэ. Өөрөөр хэлбэл, гаднах орчны гэрэлтүүлгийн стандарт хангасан, Хятад улсад үйлдвэрлэсэн, сайн чанарын гэрлүүдийг Улаанбаатараас авчирч суурилуулсан гэдгийг албаны хүн онцолж байна.

Сүүлийн жилүүдэд зах зээл, зам харилцаа сайтай Эрдэнэт хот руу шилжин ирэгсэд хэт ихссэн. Үүнтэй холбоотой Орхон аймгийн гэр хорооллын айл өрхүүд Эрдэнэтийн нутагт багтахгүй зарим нь Булган аймгийн нутаг дэвсгэрт бууж, Эрдэнэтийн зах зээл дээр амьдарч эхэлсэн билээ. Ингэтлээ өргөжсөн гэр хорооллын иргэдэд шөнийн гэрэлтүүлэг нэн шаардлагатай байлаа. Харанхуй орчинд хулгай дэрэм, халдлага их гарч иргэд хохирдог тухай цагдаагийнхан ч байнга ярьдаг. Одоо гэр хорооллын оршин суугчид өдөр мэт шөнийн орчинд амьдарч, айдсаас ангижирлаа. Сүүлийн жилүүдэд Орхон аймгийн төр, захиргааны байгууллага гэр хорооллын иргэдийн амгалан тайван амьдрах нөхцлийг хангахад ихээхэн анхаарч, үүнд орон нутгийн төсвийн хөрөнгийг харамгүй зарцуулж байгаагийн нэг нь гэр хорооллын энэхүү бүрэн гэрэлтүүлэг юм.


”Монгол улсын иргэд аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэсэн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг Орхон аймгийн гэр хорооллын иргэд ийнхүү бүрэн эдэлж эхэллээ. Орхон аймгийн гэр хорооллын өдөр шиг шөнийн байдлыг харахад энэ орон нутагт Монголын хичнээн олон мянган өрх айл нүүж ирснийг тольдож болохоор байна.

Тэртээх он жилүүдэд УИХ-ын нэгэн эрхэмтэй ярилцаж суухад "Эрдэнэт хот 200.000 хүн амтай болсон үед л жинхэнэ хөгжил ирнэ” хэмээн хариулж билээ. Одоо 100 гаруй мянган хүн амтай болсон Эрдэнэт хот маань хөгжлийнхөө замын дөнгөж талд нь ирсэн гэж болохоор. Орхон аймгийн өнөөгийн төр, захиргаа юутай ч 40 жилийн түүхтэй энэ хотын гэр хорооллын иргэдийн шөнийн орчинг өдөр шиг гэрэлтүүлж чадсан нь Эрдэнэтийн түүхэнд бичигдэх онцгой бүтээлч ажил болсныг та бид энэ зургаас харж байна.

Эрдэнэт хотод анх удаа шөнийн цагаар орж ирсэн нэг эрхэм "Нөгөө цуутай Эрдэнэт хот чинь энэ үү? Би мөн ч олон аймгаар явсан даа. Өдөр шиг гэрэлтдэг ийм орон нутаг Монголд өөр хаана ч байхгүй. Яаж ингэж гэрэлтүүлж чадсан бэ?” хэмээн уулга алдсан гэж сонслоо. Эрдэнэтэд анх ирсэн хүн битгий хэл, энэ хотын анхдагчид гэр хорооллын шөнийн гэрэлтүүлгийг хараад "Бүтээн босгосон хотоо хараад баймаар сайхан байх чинь” гээд өндөрлөг газар машинаа зогсоогоод Баян-Өндөр хайрханы зүг нүдээ чилтэл харж, бахархаж байв. Орхон аймгийн өнөөгийн төр, захиргааны удирдлагууд Эрдэнэтийн шөнийг ийнхүү анх удаа бүрэн хэмжээгээр гэрэлтүүлж, иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөлийг хангаж чадлаа. Амласнаа биелүүлнэ гэдэг л энэ дээ.

Erdenetinfo.mn Н.Наран

Санал болгох

Сэтгэгдэл

top