|

Гэр хорооллын 2400 өрхөд хоёр тарифт тоолуур суурилуулна

saikhnaa 2016/02/16 870 0

Гэр хорооллын 2400 өрхөд хоёр тарифт тоолуур суурилуулна

 

Өнгөрсөн онд гэр хорооллын айл өрхөд хоёр тарифт тоолуур тавихаар Байгалийн нөөц ашигласны төлбөрөөс 200 сая төгрөг баталсан. Хоёр ч удаа тендер шалгаруулалт зарласан ч амжилтгүй болж, энэ онд уг ажил дамнан хийгдэж байна. Гэр хорооллын айл өрхийг хоёр тарифт тоолуурт холбох ажлыг "Эрдэнэт-Булганы Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, "Эрдэнэт-Ус, Дулаан түгээх сүлжээ” ОНӨХК хамтран хэрэгжүүлэхээр болсон байна. 
Энэ оны гуравдугаар сарын нэгнээс өмнө дээрх хоёр байгууллага хамтран Дэнж, Эрдэнэ, Говил, Баянбулаг багийн 2400 өрхөд хоёр тарифт тоолуур суурилуулна. Хоёр тарифт тоолуур нь 90.000 орчим төгрөгийн үнэтэй бөгөөд 80 хувийг нь орон нутаг,  хорин хувийг айл өрх төлөх юм. Эдгээр өрхийг багийн ажлын албатай ярилцаж, судалгаа хийсний үндсэнд сонгожээ. Мөн хоёр тарифт тоолуур суурилуулахад эдгээр багуудад хүчдэлийн уналт хамгийн бага хэмээн тооцож сонгосон гэдгийг хэллээ. Учир нь гэр хорооллын айл өрхүүд хүйтний улиралд цахилгаан халаагуур хэрэглэх сонирхолтой байдаг ч цахилгааны үнээс хамаарч төдийлөн хэрэглэдэггүй. Харин ийнхүү хоёр тарифт тоолуур суурилуулвал шөнийн цагаар цахилгааны хэрэглээ нэмэгдэх хандлагатай учир хүчдэлийн уналт үүсэх магадлалтай гэх тооцоог мэргэжлийн байгууллагуудаас гаргаад байсан юм. 
Дашрамд дурдахад, хоёр тарифт тоолууртай айл өрхүүд өдрийн хэрэглээ нь 104.30 төгрөг, орой, шөнийн хэрэглээ нь 77.10 төгрөг юм. Энэ нь нэмэгдсэн өртөгийн албан татваргүй дүн юм. Мөн өнгөрсөн оын 11 дүгээр сарын нэгнээс эхлэн хоёр тарифт тоолууртай гэр хорооллын хэрэглэгчдийн шөнийн тарифыг тавин хувь хүртэл бууруулаад байгаа юм. Уг хөнгөлөлт ирэх гуравдугаар сарын нэгэн хүртэл үргэлжилнэ. Энэ нь агаарын бохирдлыг бууруулах зорилготой хийгдэж буй ажлын нэг хэсэг юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top