|

Казах түмний Наурыз баяр

saikhnaa 2016/03/22 1465 0

Казах түмний Наурыз баяр

 

Казах үндэсний хаврын баяр. Өдөр шөнө тэнцсэн 3 дугаар сарын 22-ны тэгш сайн өдөр өргөн тэмдэглэдэг. Хүмүүс эртлэн босч, мандах нартай мэндэлцэж, түүний байдлыг харж жилийн цаг агаарыг шинждэг. Эхлээд ахмадуудтай золгодог. Наурыз баярыг угтаж хашаа хороо, булаг шандны эхийг цэвэрлэж, дулаан газарт мод бут суулгадаг.

Айл болгон хир буртагнаас салж, сүү, цагаан идээ, будаа, тос зэрэг 7 төрлийн амттанаар амталсан "Наурыз көже" буюу тусгай жорын шөлийг хүрэлцээтэй бэлтгэнэ. Наурыз баяраар өр ширээ дарж, өмнө нь муудалцсан хүнтэйгээ эвлэрэн сэтгэлээ ариусган, элдэв муу юм хийж, хараал зүхэл хэлэхийг цээрлэдэг. Аксакалууд залууст сургаал айлдаж, санаж явах сайхан үг хэлдэг. Долоон бэрийнхээ духан дээр үнссэн эцэг энэ насны жаргалыг эдлэн, диваажинд төрөх гэнэ. Мөн өдөр зөн билэгт, азын тэнгэр Кыдыр хэмээх дээдэс үл таних хүний дүрээр бүх дэлхийг хэрэн хэсдэг учир хүн бүр залбиран "шившиж", тэр элч байж юун магад, гэрт чинь гуйлгачин ирсэн ч хаан шиг дайлж хүндэтгээрэй гэдэг. Казах түмний зочломтгой чанар түүнээс үүдэлтэй гэсэн үг бий. Шинэ жил, Цагаан cap, Наурыз гээд үндэсний гурван том баярыг угтан тэмдэглэдэг Баян-Өлгийчүүд хувьтай төрсөн ард түмэн. Баяраар үндэсний янз бүрийн тоглоом наадгай, тэмцээн зохиож, наргин цэнгэдэг. Бас бэсрэг наадам хийж болно.

 

Эх сурвалжийг "Баян-Өлгий аймгийн нэвтэрхий толь”

Санал болгох

Сэтгэгдэл

top