Аймгийн засаг дарга С.Дангаасүрэн, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн нар Орхон аймаг болон Эрдэнэт үйлдвэртэй 2016 онд хамтран ажиллах санамж бичигт өнгөрсөн лхагва гарагт гарын үсэг зурлаа. ЗДТГ-ын ёслол хүндэтгэлийн өргөөнд болсон тус үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн болон Орхон аймгийн удирдлагууд оролцов. Эрдэнэт үйлдвэр ХХК болон Орхон аймгийн ЗДТГ-ын хооронд 2013 оноос 2017 он хүртэл хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд жил бүр хамтын гэрээний дагуу хийсэн ажлаа дүгнэж, дараа оны хамтын ажиллагааны чиглэл, зорилтыг тусгасан ажлын төлөвлөгөө батлан хэрэгжүүлдэг аж. 2015 онд Эрдэнэт үйлдвэр орон нутгийн аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор 51,3 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн нь хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байгаагийн тод жишээ гэдгийг 2 тал онцлов. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн ажилтан, ажиллагсдын орон сууцны хангамжийг сайжруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, боловсрол соёлын салбарт хамтран ажиллах, хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, инноваци нэвтрүүлэх чиглэлээр тодорхой үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх юм байна.
Я.ЭНХТУЯА
- See more at: http://erdenettoday.mn/index.php/television/tv-news/item/883-2016-02-29-07-09-53#sthash.yEsyLO0J.dpuf