|

Бич жилийн өнгө зурхайд ингэж буужээ

saikhnaa 2016/02/03 927 0

НОЁД ХЯМРАЛТАЙ, ИРГЭД БУХИМДАЛТАЙ БАЙНА 

 

Д.Нацагдорж /Монгол Улсын гавьяат эмч, Мамба дацан хийдийн тэргүүн, хамба/
Д.Нацагдорж /Монгол Улсын гавьяат эмч, Мамба дацан хийдийн тэргүүн, хамба/

-Зурхайч нар жилийн өнгийг шороон үхрийн зурлагаар тооцож гаргадаг.  Үндсэндээ шороон үхрийн шинж, боовны үр, цасан чихрийн амт зэрэг зурлагуудаас дүгнэж байгаа дүгнэлт юм. Энэ бүхнээс үзэхэд, бичин жилд хаврын сардаа салхи шуурга ихтэй байх нь. Тийм болохоор монголчууд, тэр дундаа малчид  хаврын сард анхаарал, болгоомжтой байх  хэрэгтэй. Хуурайшилт их байх шинжтэй байгаа. Зундаа зарим нутгаар  хур бороо бага,  гантай жил болох нигуртай гэж зурлагад буусан.  Тариаланчид арвай буудайгаа тарьж ургуулахдаа одооноос жаахан бодолтой, цаг уураа сайн шинжиж, зохицуулж ажиллах шаардлагатай. Мөн ургамлын гарц муу байвал малын тарга тэвээрэг өөрчлөгдөнө. Тийм болохоор хангай дэлхийгээ тахиж шүтэх ажлаа сайн хийгээрэй гэж хэлмээр байна. Түүнээс гадна, малын өвчин эмгэг дэлгэрэх магадлал буй. Хүнс, хоол муудахгүй шинжтэй байна. Хаад, ноёдын хувьд хямралтай жил болох нь. Мөн бухимдал их  байх нь. Дунд болон бага тушаалтан, ард иргэдэд ээлтэй, амгалан тайван жил болох шинжтэй. Түүнээс гадна бид бүгдээрээ  сайхан ерөөл тавих хэрэгтэй. Амны бэлгэ сайтай баймаар байна. Шинийн 1-ний өглөө байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлж, идээ будааныхаа дээжийг өргөж "Сайхан жил болоосой” гэж ерөөх хэрэгтэй. Лам хуврагууд нь лус савдгаа тахиж, орон нутгийнхан газар газрынхаа онцлогт тохирсон засал, тахилгаа хийлгэх хэрэгтэй. Тэгвэл байгалийн өнгө өөрчлөгддөг.  Үүнийг  цааш цаашдаа бодох хэрэгтэй.

 

СЭТГЭЛ ТҮГШЭЭСЭН  ЗҮЙЛ БОЛОХГҮЙ

 

Ч.Дамбажав /Дашчойлин хийдийн тэргүүн, хамба, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор/:
Ч.Дамбажав /Дашчойлин хийдийн тэргүүн, хамба, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор/:

-"Зууны  мэдээ” сонины уншигчид болон нийт ард түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлье. Энэ жилийн цаг тооны бичиг, зурхайчдын зурсан зурлагаас харахад  сайхан жил гарах төлөвтэй байна. Хур бороо тэгширч, өвс ногоо цагтаа ургасан сайхан жил болно. Гэхдээ нутаг орон маань уужим том учраас зарим газар хур бороо оройтох, газрын гарц муу байх нь. Гэхдээ сэтгэл түгшээсэн айхтар зүйл болохгүй.

 

Монголын Цагаан сар олон жилийн уламжлалтай үндэсний их баяр, хаврын сар эхэлж байгаатай холбогдуулан сайн сайхан байхын тухайд монгол түмэн залбирч шүтэж, сүм хийдээрээ орж хурал номоо хуруулж жилийн засалаа хийлгэдэг 

уламжлалтай. Энэ уламжлалаа  дагаад сар шинээрээ идэж ууж, наргиж цэнгэхдээ бус, үндэсний их өв соёлоо дээдлэн, залуучууддаа өвлүүлэх, багачууддаа таниулж мэдүүлэх үүднээс тэмдэглэвэл зохилтой. Аав, ээж, ахмад буурлуудаа хүндэтгэн жилдээ нэг төрөл садангаараа уулздаг сайхан уламжлалаараа өргөн дэлгэр сайхан тэмдэглэх нь зүйтэй. Шинийн нэгний өглөө цог хийморийн  зүг рүү гараад  буян хишигийн зүгээсээ ирж  мөрөө гаргаад, ямар суудалд  суусан , ямар цээр гаргах ёстой түүнийгээ гаргадаг уламжлалтай. Монгол түмэн маань шинэ ондоо цог хиймортой, эрүүл энх байж ажил үйлс нь   бүтэмжтэй байхын ерөөл өргөе.  

 

 

ХУЛГАЙ, ДЭЭРЭМ ИХ ГАРНА

 

Д.Тайвансайхан /Гарма Гаржүд Үржинпэрэнлайлин хийлдийн тэргүүн, гавж/
Д.Тайвансайхан /Гарма Гаржүд Үржинпэрэнлайлин хийлдийн тэргүүн, гавж/

-Ургаж буй гал бичин жил улиран одож буй хонь жилтэй харьцуулахад зарим талаар сайн ч, сөрөг хандлагууд бас байна. Зурхайн зурлага, шороон үхрийн шинжээс харвал хүмүүс худалдаа, арилжаа хийвэл эд баялаг өсөх, арвижих  нигуртай ч амьжиргаа тааруухан,ихэнх нь  ядуурах  дүр зурагтай гарчээ.  Өвчин зовлон гарах нь  тун гайгүй шинжтэй. Ногоо сайн ургана, тариа будаа дунд зэрэг байх нь. Учир нь үр боловсрох нь тааруу байна. Аялал жуулчлалд ээлтэй сайн. Хулгай дээрэм ихтэй. зарим газар ган болно. Шар өвчин, хэрүүл тэмцэл их байх юм байна. Энэ жил нялхаст амгалантай, өвгөдөд ширүүн, залууст нэн хатуу гэж зурхайд буужээ.  Тиймээс залуучууд заслаа сайн хийлгэж, эрдэм мэдлэгээ арвижуулж, биеэ сайтар  хянах хэрэгтэй. Ноёд, түшмэдүүдийн зүгээс ард түмнээ харж хандах, хишиг түгээх талд маш муу байна. Монголчууд зурхайн  ухаанд анхаарч, тухайн жилийн зурлага, тооцоог яагаад тийм нарийн гаргаж ирсэн бэ гэвэл аливаа гэм хор, муу зүйлээс урьдчилан сэргийлэх, цаг улирлын байдалд амьдрал ахуйгаа тохируулах, ихэс дээдэс нь  бодлогын төвшиндөө  анхаарч бодож болгоох, бүх хүн дор бүрдээ бодол санаагаа цэгцэлж, үйл хэргээ хийхийн тулд болохгүй, бүтэхгүй зүйлүүдийг анхаараасай гэсэн эртнээс  зорилго бүхий байжээ. Тиймээс хаана хаанаа анхаарч, бодож болгоох хэрэгтэй юм. Мөн хямраад байх хэрэггүй. Тэр арга замыг зурхайн ном, жилийн зурлага зааж байдаг. Заслаа тухай бүрт нь хийлгэж, зурхайн зурлагад юу гэж буусныг анхаарч амьдрал ахуйдаа мөрдлөг болгож өөрсдийгөө хайрлаж, бусдыг хүндлэх, бусдыг хайрлах нь бүр ч их хүчийг өгдөг гэдгийг санаж эв эеэ хичээж явах нь зүйтэй. Түмэн олондоо амгалантай сайн байхын ерөөл дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй. 

 

 

ХАЛУУН ӨВЧИН ДЭГДЭНЭ

 

Ж.Гончигсүрэн /Монгол зурхайн Түвдэнпэджээлин хийдийн тэргүүн, хамба лам, гэвш/
Ж.Гончигсүрэн /Монгол зурхайн Түвдэнпэджээлин хийдийн тэргүүн, хамба лам, гэвш/

-Цаг хугацааны алтан хүрд "Муу нүүрт” хэмээх гал бичин жилийг зааж буй торгон мөчид, өргөн түмнийхээ амар мэндийг айлтгая.Гал бичин жилийн ерөнхий байдал зурхайн зурлагад "Гандуу, хүчтэй аадар, мөндөр ихтэй, халуун өвчин гарна. Жилийн сүүлээр ургац арвин, мал сүрэгт ээлтэй боловч хямрал болно. Залууст амгалан, нялхас, өвгөдөд ширүүн жил болно. Амгалан жаргалантай. Үр тариа чухаг” хэмээн буусан. Гарч буй жил монгол түмэнд маань эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ өлзий дэмбэрэлтэй цаг мөчид Ялж төгс нөхцсөн, түүнчлэн хийдэд заларсан, дайснаа дарсан, үнэхээр төгсгөсөн Бурхан багшийн ханьцашгүй  сургаалыг амьдрал ахуйдаа хэвшүүлж, өөрөө жаргаж, өрөөлийг хайрлан хүндлэхийг сүсэгтэн олноосоо хичээнгүйлэн хүсч байна.

 

 

 

ХОНЬ ЖИЛТНИЙГ ТЭНГЭР  ИВЭЭНЭ

 

Р.Оюунчимэг /Баянбүрд зурхайн төвийн тэргүүн, зурхайч, академич/
Р.Оюунчимэг /Баянбүрд зурхайн төвийн тэргүүн, зурхайч, академич/

-XVII жарны гал бичин жилийн мэндийг Монголын ард түмэндээ хүргэе. Ирж буй гал бичин жилийн дорны   зурхай,  заяа төөргөөс товч танилцуулахад   хулгана жилтнүүдэд сайн, муугийн магадлал үгүй тул сахиус шүтээндээ зул өргөж, шүтээндээ залбирах, бар жилтнүүдэд тэнгэр, зэтгэр сайн, муу ээлжлэх тул насны даллага авахуулах шаардлагатай. Бич  жилтнүүд ядууст өглөг өгөх, гахай  жилтнүүд ариун бус зүйлийг тэвчих шаардлагатай. Луу жилтнүүдэд хэл ам нүүрлэх учир Цагаан шүхэрт, Хамчунагва  уншуулах нь зүйтэй. Нохой жилтэн эд гарз гарах  тул Норжинсүм, Норжмаагийн сан тавиулах хэрэгтэй. Морь жилтнүүдэд ад зэтгэр үл тогтоно. Хонь жилтүүдийг тэнгэр бурхан ивээнэ. Тахиа жилтнүүдийн сэтгэл санаа төвшин, ажил үйлс бүтэх нигуртай гэж зурхайд буужээ. Жилийн ерөнхий төлөв нялхаст ээлтэй, хөгшид, залууст ширүүн байх тул заслаа сайн хийлгэ гэж гарсан. Монгол түмэн, сүсэгтэн олон  та бүхэн минь  зурхайн зурлагад буусныг болгоож, биеэ энхрийлж, бусдыг хүндэлж, эв эеийг хичээж, ургаж буй жилээ ерөөлөөр угтаж, сэтгэлдээ түмэн амгалантай, сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

 

ХУДАЛДАА, АРИЛЖААНД ЭЭЛТЭЙ

 

 

Ч.Эрдэнэбаатар/Очирваань дуганы тэргүүн/
Ч.Эрдэнэбаатар/Очирваань дуганы тэргүүн/
 

Улаан бич жилийн өнгө 

"...Хур бороо элбэгтэй

Худалдаа, арижаа ээлтэй

Хууран мэхлэгч ихтэй

Хулгай дээрэм илүүтэй

Хаад, язгууртан тэмцэлтэй

Харц ард олширно

Хавартаа хүйтэн салхитай

Харшлах шалтгаан арвидана

Гал түймрийн аюултай

Гадаад орны заналтай

Газар лусын хорлолтой

Гарлага гарах нигуртай

Шар өвчин дэлгэрнэ

Шашин хоорондоо зөрчилдөнө

Ном сонсвол авралтай

Ногоо тариа үржилтэй

Нохой сард амжилттай

Ногоон өнгө талтай

Содон мэргэд мэндэлнэ

Сонин хачин илэрнэ

Сонор сэрэмж  суларна

Сортоо гаргач ялна

Хумхын ордонд энэрэлтэй

Хувраг лам ачлалтай

Өвс ургамал ургана

Өтгөс буурал жаргана

Өрийн сүлжээ үүснэ

Өвлийн сардаа бүдэрнэ

Улаан бич учиртай

Ухаанаар  нэгдвэл тустай

Энэрэлт бич илчтэй

Эвтэй байвал хүчтэй” гэж  зурхайд буужээ.

Та бүхэн минь эв эеийг хичээж, сард шинэдээ сайхан шинэлээрэй. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top