|

Амлах биш ажиллах цаг

saikhnaa 2016/02/01 483 0

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг эрх баригчид огцруулалгүй авч үлдэж чадлаа. Ингэснээр Засгийн газрын суудал тэгширч, сонгууль хүртэл үйл ажиллагаагаа тогтвортой явуулах нөхцөл бүрдэв.

 

Энэ парламентын бүрэн эрхийн хугацааны отгон намрын чуулган ирэх долоо хоногт хаалтаа хийж, ирэх дөрөвдүгээр сар хүртэл Төрийн ордонд гишүүдийн хөл татарна. Цаашлаад сонгуулийн өдрүүд ойртсон учир гишүүдийн сэтгэл Төрийн ордонд тогтохгүй, сонгогдсон, нэр дэвших тойрог руугаа тэмүүлэх биз.

 

Өнөөдрийн хувьд нийгэмд төр, засгийг харсан хүлээлт бий болсон. Он гарсаар хүүхдийн мөнгийг хэзээ олгохоос эхлээд ипотекийн зээлийн хүү, малчны зээлийн хүү буурах эсэхийг чих тавин чагнаж байгаа. Ямартай ч цалин, тэтгэвэр нэмэгдэх тухайд хий горьдлого тээхээ больсон. Цалин, тэтгэврийг нэмэх асуудал энэ оны төсөвт тусгаагүйгээс гадна хэдхэн хувийн нэмэгдлийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ хэдэнтээ нэмэгддэг буруу жишиг нийгэмд байсан. Нэгэнтээ цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй болохоор сөрөг үзэгдэл ч давтахгүй болов уу.

 

Харин энэ хугацаанд нийгэм, эдийн засгийг сэргээдэггүй юм гэхэд тогтвортой, өнөөгийн түвшнээс муутгахгүй, хэвийн  байлгах үүрэг Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газарт ногдлоо. Богино хугацаанд хүнд хариуцлага ногдож буйг Шийдлийн Засгийн газар ойлгож буй байх.

 

Өмнөх сонгуулийн жилүүдийн энэ үед эрх баригч хүчин нь өнгөрсөн дөрвөн жилийнхээ мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, амлалтаа хэрхэн биелүүлсэн талаар сонгогчиддоо тайлагнасан үе байдаг байлаа. Харин энэ удаад эрх баригчдаас амлалт нэхэх амны гарз. Тэгээд ч эрх баригчид "Ажилтай, орлоготой, эрүүл Монгол хүн” гэх тэртээ дөрвөн жилийн өмнөх амлалтадаа тайлбар хийснээс өнөөдөр хийхээр төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлчихвэл аль алиндаа ашигтай. Мэдээж, ажлын гүйцэтгэл хойно мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ дүгнэх л байх.

 

"Эрүүл Монгол хүн ч яамай, Эрүүл мэндийн сайдаа томилчихвол барав” гэж тавлах нэгэн ч буй. Бие засаад гэрээ зас гэгчээр Засгийн танхимын сайдын суудал эзгүйрсэн байгаа. ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд Ц.Оюунбаатар давхар ажиллаж байна. Тиймээс Сар шинээс өмнө ЭМС-ын сайдаа хамтарсан "Шударга ёс” эвслийнхэнтэй зөвшилцөн томилох биз. ЭМСЯ, Шадар сайдын алба "Шударга ёс” эвсэл дэх МАХН-ын квот. ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд хоёр сар шахам болж байна. Энэ хугацаанд ЭМС-ын сайдад хэн томилогдох бол гэхээсээ МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайдын албан тушаал санаархсанаас зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэх бор шувуу нисч буй билээ. Цаашлаад Ч.Сайханбилэгийн Засгийн газар тогтож үлдсэн, одоо МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайдын албан тушаалыг нь өгөх өртэй боллоо гэх хэсэг ч байна. Засгийн газарт хамтарсан улс төрийн хүчнүүд ямар тохироонд хүрснийг ирэх өдрүүдийн үйл явц харуулна биз.

 

Эдийн засаг хүндрэлтэй, энэ оны төсөв алдагдалтай батлагдсан. Төсөв батлахдаа хүүхдийн мөнгийг өрхийн орлогын түвшингээс нь хамаарч олгохоор баталсан хэдий ч төр, засаг шийдвэрээ буцаасан. Сөрөг хүчин хүүхдийн мөнгөний танагдсан төсвийг хаанаас босгох гэж байгааг эрх баригчдаас лавлаж байна лээ. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Төсөв алдагдалтай батлагдсан. Тиймээс гадаад зах зээлээс бонд босгоно. Бонд нь манайд өр биш улс руу хийж байгаа хөрөнгө оруулалт гэж харж байгаа” гэдгийг онцолж байсан.

 

Саяхан Засаг 800 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг гаднаас босгохоор гарын үсэг зурахын өмнө Засгийн газрыг огцруулах өргөдөл өргөн баригдсанаас гацлаа гэж зарим сайд толгой сэгсэрч байсан. Харин одоо ам.долларын бондоо босгоод эдийн засгийг идэвхжүүлэн, ажлын байрыг нэмэгдүүлэх үүрэг Засгийн газарт ногдлоо. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил ч ирэх хавраас эрчимжиж ажлын байр нэмэгдэнэ гэдгийг албаны хүн амлаж байгаа. Нөгөөтэйгүүр Засгийн газрын гаднаас босгох бонд, хөрөнгө оруулалт сонгуулийн санхүүжилтээр цацагдах вий гэсэн нийгмийн болгоомжлол байна лээ.

 

Сонгуулийн дараа шинэ Засгийн газартаа өр зээлийн нэхэмжлэлтэй, данс нь улайсан улсыг хүлээлгэж өгөхгүй байлтай. Ямартай ч сонгуулийн дараа амьдрал үргэлжилнэ. Тиймээс ирэх өдрүүдэд Засгийн газрын хайчлах тууз ажлын байрыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт, валютын урсгалыг далласан байгаасай.

 

Богино хугацаа ч гэсэн Засгийн газар бага ярьж, ихийг хийх үлдлээ.

 

Н.Энхбат

Санал болгох

Сэтгэгдэл

top