|

МАХН-ын ээлжит шоу буюу Н.Энхбаярын PR

saikhnaa 2015/12/15 882 0

МАХН-ын ээлжит шоу буюу Н.Энхбаярын PR

 

Монголын улстөрийн акулуудын нэг яах аргагүй Н.Энхбаяр. Тэрээр Монголын гурван өндөрлөгийн албыг хашиж явсан жаатай нэгэн.

Ерөнхийлөгчөөсөө бууснаасаа хойш хээл хахууль, авилгалын хэрэгт орж "аавын хаалга”-ыг ч татаад авсан. Харин "аав”-ынхаас өлсгөлөн зарлаж, биеийн байдал хүндэрсэн зэрэг шалтгаанаар гарч Өмнөд Солонгосыг зорьж эмчлүүлж байгаа 

нэрээр Монголын улстөрөөс хэсэгтээ холдсон. Холдсон ч гэж алсаас өөрийн үнэнч зарц нараараа нөлөөлж, улстөрийн тоглолтуудаа хийсээр байсныг МАХН-аас УИХ-д суусан Баянсэлэнгэ авхайн үйлдлүүд гэрчилнэ.

Тэрээр үнэнч нэгэн зарц гэдгээ баталж өршөөлийн хуулийг батлуулах гэж улайран байсан цаг саяхан. Гэхдээ энэ тэмцэл төдийлөн амжилтад хүрч чадаагүй ч эзний эвгээлээр харцын амьдралаас сайдын суудалд суусан нь нотолгоо болно гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Н.Энхбаярын Засагт орох эхний мэх

Өршөөлийн хуулийн сургаар Солонгос улсаас ирж хямарсан эдийн засаг, хазайсан төрд эвгээлээ өгч эх орныхоо хөгжилийг дэмжихээр ирлээ хэмээн сүрийг үзүүлсэн. Аргагүй л хашир улстөрчийн цагаа олсон мэдэгдэл.

Гэвч засгийг барьж байгаа АН болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарыг арай л аргандаа оруулж чадахгүй байгаа.

Өмнө нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг түүний аргад унасанаараа сайдын суудлаасаа унаж засгийн эрхээ ч, намын даргын суудлаа ч алдсан гашуун туршлага байхад түүнтэй нэгдэх зоригтон байхгүй л дээ. Гэхдээ л УИХ болон засагт орж чадахгүй байгаа ч Монголын улстөрд нөлөөлсөөр байгаа нь үнэн.  

Н.Энхбаярын Засагт орох хоёр дахь мэх

Эрүүл Мэндийн сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас авилгалын хэргээр шалгаж эхэлсэнтэй холбогдуулан эзэнгүй үлдсэн сайдын суудалд улайрсан МАХН болон АН-ынханы өрсөлдөөний талбарыг ашиглан засагт орох сайхан боломж хэмээн харжээ.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж хэвлэлийн бага хурал зарлаж АН-аас буюу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг "шадар сайд”-аар ажиллахыг урилаа хэмээн шоудлаа.

Гэвч энэ мэдээллийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үгүйсгэж "Ц.Шаравдорж гуай баахан хэвлэлийн бага хурал хийсэн байх шиг байна. Энэ бол хэвлэлийн хурал хийгээд байх зүйл биш. Монгол Улсын Ерөнхий сайдад олгосон бүрэн эрхийн асуудал. Би Ерөнхий сайд болсон цагаасаа Ц.Шаравдорж гуайтай уулзаж учрах нь байтугай утсаар ч ярьж үзээгүй. Тиймээс миний нэрийг барьж элдэв мэдэгдэл, хэвлэлийн бага хурал хийгээд байх шаардлагагүй. Ер нь Шадар сайдын асуудлаар одоо ажиллаж байгаа Ц.Оюунбаатар сайд болон МАХН-ын дарга Н.Энхбаяр дарга бид гурав сууж байгаад их олон удаа ярьсан. Хамгийн сүүлд би Ерөнхий сайдын хувьд танд хоёр хувилбар санал болгосон. Эхнийх нь одоо энэ хэвлэлээр ярьж байгаа хувилбар буюуН.ЭнхбаярыгШадар сайдад томилж, Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайдад томилох хувилбар юм.

Хоёр дахь хувилбар нь ЭМШУИС-ийн захирал Ц.Лхагвасүрэн гэдэг чадвартай, мэргэжилтэй хүнийг ЭМС-ын сайдаар тавих хувилбар байсан. Харин Н.Энхбаяр дарга та өөрөө Ерөнхий сайдынхаа хувьд аль нэг хувилбараа сонго. Тэгээд УИХ-даа танилцуулаад явах нь зүйтэй гэж хэлсэн.

Ц.Оюунбаатар Шадар сайд болон Н.Энхбаяр дарга бид гурав сууж байгаад би за Лхагвасүрэн гэдэг хүнийг дэмжих нь зүйтэй юм байна. Энэ саналыг Ерөнхийлөгчид оруулна" гэж хэлсэн.

 

Харин дараа нь МАХН-ын нарийн бичгийн дарга нар нь хуралдаад надад бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгийн гарын үсэгтэй бид эхний хувилбарыг нь явуулах нь зүйтэй гэж үзлээ гэсэн бичиг ирүүлсэн.

 

Би Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ дагуу хууль эрхзүйн ямар процедур байна, ямар үр дагавар байна вэ гэдгийг судална. Мөн Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. АТГ-аас магадлал, мэдээлэл ч авдаг журам байдаг. Тиймээс ирэх долоо хоногт Ерөнхий сайдынхаа бүрэн эрхийн дагуу энэ асуудлыг судлаад Үндсэн хуулиар олгогдсон өөрийн эрхийн дагуу Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшигчийг сонгоод УИХ-д оруулна"  хэмээлээ.

Ийнхүү шадар сайдын суудалд санаархаж улстөрд шургах гэсэн түүний санаа бүтэх эсэхийг харах л үлдлээ. Гэхдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн зөвшөөрлөө ч АТГ, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэсэн хоёр том даваа байгаа нь түүнд томооон садаа болох нь мэдээж.  

Н.Энхбаяр засагт орох сүүлийн боломж

Сонгуулийн хуулийг шинэчлэн найруулах ажил УИХ дээр гацсан байгаа. Гэхдээ энэ асуудлыг шийдвэрлэхэд одоо хагас сарын хугацаа л үлдсэн. Хэрвээ энэ хугацаанд амжуулахгүй бол Үндсэн хуулийнхаа хүрээнд сонгууль болохоос 6 сарын өмнө шийдвэрлэсэн байх ёстой учраас боломжгүй болсон гэсэн үг.

Гэхдээ сүүлийн үед Засаг барьж байгаа АН болон Шудрага ёс эвсэл сонгуулийг ирэх оны 9 сард хийж магадгүй гэсэн "бор шувуу” нисэх болов. Учир нь АСЕМ-ыг энэ засгийн баг нь бүрэн хариуцаж дуусгах юм гэнэ. Гэвч энэ бол үнэн хэрэгтээ МАХН-ын дарга Н.Энхбаярын засагт орох сүүлийн боломж буюу ирэх оны 9 сард улстөрд орох эрх нь бүрэн сэргэхтэй холбогдуулан хийж байгаа улстөрийн нөлөөлөл гэж харах нэгэн ч байна. 

МАХН-ын дарга Н.Энхбаярын улстөрд цааш хэрхэн нөлөөлөхийг харахыг л үлдлээ.

 

Эх сурвалж www.bolod.mn

ЧОЙ

Санал болгох

Сэтгэгдэл

top