|

Ламын гэрээс их хэмжээний эд зүйл дээрэмджээ

saikhnaa 2015/12/28 764 0

Ламын гэрээс их хэмжээний эд зүйл дээрэмджээ

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух Энэтхэг улсын иргэний гэрт нь дайран орж, хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийг цагдаагийн байгууллагынхан илрүүлэн, сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

 Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд  оршин суух Энэтхэг улсын иргэн Т.С.К-г гэртээ ганцаараа байхад нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нүүрээ далдалсан, үл таних 25-30 орчим насны гурван залуу дайран орж иржээ. Хохирогчийг зодон гарыг ард нь хүлж, хүч хэрэглэн, гэрээс нь Замбала бурхан хоёр, Бурхан багш нэг, Дамдин бурхан нэг, Ногоон Дарь Эх бурхан нэг, Манзушир бурхан нэг буюу нийт зургаан ширхэг, мөнгөн аяга нэг ширхэг, "Sony” маркын камер, зургийн аппарат, хард диск хоёр ширхэг, "I phone-6” гар утас болон 520 мянган төгрөг зэрэг эд зүйлс дээрэмдэж авсан байна.

Уг үйлдэлд 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Н.Э гэгчийг сэжигтнээр тооцон байцаахад "2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14:00 цагийн үед хамаатны Г болон түүний найз нарын хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэг байранд оршин суух ламын гэрт слесарь гэж худлаа хэлэн дайран орж, хүч хэрэглэж бэлэн мөнгө хайсан боловч 520.000 төгрөг байсан.

Тэр ламыг гэртээ их хэмжээний мөнгөтэй гэж тооцоолсон байсан ч мөнгө байгаагүй тул долоон ширхэг бурхан, нэг ширхэг мөнгөн аяга, гар утас, камер зэрэг эд зүйлийг аваад гарсан. Бэлэн мөнгийг нь би авсан, гар утас, камер зэргийг нь Г найзынхаа хамт авсан. Би хохирогчийг огт танихгүй. Хийдэд ном хураад өргөл барьц гэж их мөнгө авч байхыг нь хараад даган явж гэрийг нь мэдэж авсан" гэж мэдүүлжээ.

Сэжигтэн Н.Э нь бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд оршин суудаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, 2015 оны 07 дугаар сард Хан-Уул дүүргийн шүүхээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан зүйл ангиар торгох ял шийтгэгдэж байсан нэгэн аж.

 

Б.Хүлэг        

 

Санал болгох

Сэтгэгдэл

top