|

Өлгий-Ховдын замыг “царцаасан” компаниудад хариуцлага тооцсон уу

saikhnaa 2015/12/07 911 0

"Аймгийн төвүүдийг засмал замаар холбосон гавьяа хэнийх вэ” гэсэн самбар Улаанбаатарын гудамж талбайг "чимж” байгаад буулаа. Энэ асуултын хариулт нь "Иргэн таны сонголт” гэж гарч байх шиг байна. Харин энэ удаад "гавьяа”-ны тухай бус "гай”-ны талаар өгүүлье. Ойлгомжтой хэлбэл, хөрөнгө нь шийдэгдсэн хэрнээ хөдөлж өгдөггүй Өлгий-Ховд чиглэлийн 189.7 км хатуу хучилттай замыг хэн гацаасан бэ?

 

Асуултын хариулт тун тодорхой бөгөөд энэхүү 189.7 км автозамыг дөрвөн багц болгон хуваан барихаар болсон компаниудын ажлын хариуцлагагүй байдлаас болж гацжээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барих замын тендерт ялагч нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, тодруулбал "Эйч Кэй Би Интернэйшнл холдинг”, "Чайна Хуаши Энтерпрайзиз” зэрэг компани аж. Гэвч энэ компаниуд ажлаа хийхийн оронд арай өөр зүйлд цагаа зарцуулж байсан бололтой. Тиймээс ч энэ асуудал Зам, тээврийн сайдын Зөвлөлийн хуралдаан дээр хүртэл яригдсан байна. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 30-нд болсон Зам тээврийн сайдын зөвлөлийн хуралдаанаар "Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл”-ийн Өлгий-Ховд  чиглэлийн 189.7 км хатуу хучилттай авто замын барилгын гүйцэтгэлийн талаар тусгайлан хэлэлцжээ. Шийдвэр ч гүйцэтгэгч компаниуд хангалтгүй ажилласан гэж гарсан байна.

 

Зам, тээврийн сайд М.Зоригт дээрх төсөлд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн, тушаал гаргаж, тус компаниудтай байгуулсан гэрээг цуцлах, тухайн төслийг гүйцэтгэж буй байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн удирдлагуудад хариуцлага тооцохыг үүрэгдсэн байна.

 

 

 

Тодруулъя. Зам, тээврийн сайдын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд бичсэнээр хамгийн эхэнд "Чайна Хуаши Энтерпрайзиз” компанитай байгуулсан гэрээг цуцлах шийдвэр гарчээ. Энэхүү компани нь Хашаатын даваа-Толбо сумын чиглэлийн гуравдугаар багцын 60 км, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн дөрөвдүгээр багцын 25.8 км авто зам барих ажлыг хийж гүйцэтгэх байсан ч төлөвлөгөөний дагуу машин механизм, тоног төхөөрөмж, ажиллах хүч оруулж ирээгүйгээс гадна ганц ч метр зам бариагүй сууж байжээ. Иймээс энэ гэрээг цуцлах шийдэлд хүрсэн байна. Үүнтэй холбогдуулан дээрх төслийн зөвлөх "Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК-ийг төслийн хүрээнд хэрэгжүүлэх хяналтын ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн хэмээн үзэж, хяналтын ажил гүйцэтгэх гэрээг мөн цуцлахаар болсон байна.

 

Түүнээс гадна гэрээт ажлуудыг гүйцэтгэгч   "Чайна Хуаши Энтерпрайзиз”, "Эйч Кэй Би Интернэйшнл Холдинг” болон зөвлөх үйлчилгээ үзүүлэгч "Ай Си Ти Сайн Консалтинг” компанийг өдөр тутмын удирдлагаар шаардлагын төвшинд хангаж ажиллаагүй, зохих хяналт тавиагүй уялдаа холбоо хангалтгүй ажилласан төслийн нэгжийн удирдах албан тушаалтанд хариуцлага тооцохыг Зам, тээврийн сайдын Зөвлөлөөс Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэд даалгасан байна.

 

Гэрээг нь цуцалсны дараа Азийн хөгжлийн банкнаас зарласан дээрх ажлыг гүйцэтгэх шаардлага хангасан болон өмнөх компаниудын санал болгосон үнээс дээшгүй мөнгөн дүн хэлсэн компанитай журмын дагуу шууд гэрээ байгуулахаар болсныг мөн тэмдэглэжээ.

 

Ийнхүү "Бүтээгч” гэсэн гоё нэртэй хэдий ч ажлаа хийж гүйцэтгэж чадахгүй байгаа компаниудын нэрийг ил болгох, цаашлаад гэрээг нь цуцалж болдог жишээг зам, тээврийн салбар тодоос тод харууллаа. Харин бусад салбарынхан энэхүү аянг цаашид үргэлжлүүлж чадах болов уу гэсэн асуултыг дээрх жишээтэй хамт дайж байна. Гол нь Сайдын зөвлөлийн хурлын энэхүү шийдвэрийн хэрэгжилт нь ажлаа цагт нь хийдэггүй, "царцаадаг” компаниудад сануулга болох нь дамжиггүй юм.

 

Г.Ням

 

эх сурвалж:

Санал болгох

Сэтгэгдэл

top