|

Өртэй Монголчууд ба Оюутолгойн бүрхэг хувь заяа

saikhnaa 2015/12/04 677 0

Оюутолгой гэдэг нэр дэлхийн уул уурхайн салбарын анхаарлын төвд орж, олон улсын магнатуудын гижгийг хөдөлгөх болсноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. Зэс, алтны асар их нөөцтэй энэхүү ордыг "Рио Тинто” компанитай хамтран ашиглахаар гэрээ байгуулж, гарын үсэг зурах хүртэл цөөнгүй хөрөнгө оруулагч сонирхлоо илэрхийлж, "ВНВ Billiton”­д гологдож ч явсан удаатай. Гэвч тэдний араас гаднынхан орж ирсэн төдийгүй ил уурхайд нь ашиглалт олборлолт явуулж, асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийснээр манай улсын эдийн засаг ганцхан жилийн дотор 17 хувиас давсан нь дэлхий дахиныг гайхашруулж, "Монгол Улс бусдаасаа хэт тасарчихлаа, цөөхөн жилийн дотор хөгжлийн манлайд хүрэх нь” гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэж байлаа.

Энэ бүхэн "Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалттай шууд холбоотой байсныг манай улсын сүүлийн гурван жилийн эдийн засгийн индикаторууд, ард түмний амьжиргааны төвшин харуулж байна. Олныг үл нуршин Оюутолгойн талаар өгүүлэхэд, 2013 оны долдугаар сард "Эрдэнэс­Оюутолгой” компани "Рио Тинто”­д захидал хүргүүлж, төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалтын санхүүжилт төлөв­ лөснөөсөө хэтэрснийг дуулгаж, татварт 30 сая ам.доллар төлөхөөр байгааг мэдэгдсэн нь тэдний эгдүүг хүргэсэн бололтой. Оюутолгойн ордын хоёрдахь ээлжийн бүтээн байгуулалт буюу далд уурхайн барилга байгууламжийн санхүүжилтийг хойш-луу лах шийдвэрээ "Рио Тинто” манай талд ирүүлсэн байдаг. Үнэндээ тухайн үед "Рио”-гийнхон хөрөнгө санхүүжилтээ хэрхэн бос-гох арга замаа сонгож, хөрөнгө оруулагчаа олоогүй байсан ч байж болох юм.

Ингээд хоёр тал гэдийгээд суучихсан ч Оюутолгой ордын ил уурхайгаас олборлолт ашиглалт явуулдгаараа явуулж, зэс алтны баяжмалаа экспортод гаргасаар л байсан. Хамгийн сүүлийн тоо баримт, "Оюутолгой” компанийн энэ оны гуравдугаар улирлын тайлангаас харахад 226 мянган тонн баяжмал борлуулж, 430 сая гаруй ам.долларын орлого олсон нь өмнөх улирлаас 2.5 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм.

Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд нууцаар гарын үсэг зурсан гэрээгээ тайлбарлахдаа, Оюутолгойг хөдөлгөж эхэлсэн мэтээр сүржигнэх нь дэндүү гоомой хэрэг гэж эдийн засагчид хэлж байгаа нь дэмий үг биш бололтой. Өнгөрсөн хоёрдугаар сард шиг санагдана, Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөх нь зөв эсэх талаар олон нийтийн санал асуулга явуулсан нь ч"но”-той байсныг нууцаар гарын үсэг зурсан нь батлаад ч байх шиг. Тухайн санал асуулгад манай улсын 360 мянга гаруй иргэн оролцож, тэдгээрийн 56.1 хувь нь Оюутолгойг хөдөлгөх нь зүйтэй хэмээн саналаа өгсөн гэж АН-ынхан мэдээлж байсан. Тэгээд ч Оюутолгойгоо хөдөлгөхгүй гээд яах байсан юм бэ. Өөр хувилбар тэр санал асуулга гээчид байгаагүй шүү дээ. Үүнийг тэр цаг дор МАН-ынхан болон УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Дэмбэрэл нар ч хэлж л байсан.

Энэ ч яахав, АН-ынхан ард түмнээ сонсдог, тэднээс зөв чиг зүгээ асуудаг хүмүүс болох гэсэн шоу байсныг бүгд ойлгосон биз. Түүний дараа хоёр талаас ажлын хэсэг гаргаж, Оюутолгойн ордын бүтээн байгуулалтын санхүүжилт, хоёр дахь шатны буюу далд уурхайн техник эдийн засгийн үндэслэл, зардлын өсөлт болон 30 сая ам.долларын татварын асуудлаар нэлээд удаан хугацаанд ярилцаж зөвшилцсөний эцэст тодорхой шийдэлд хүрсэн байдаг. Гэхдээ Монголын талын хүртэх ашиг 2020 онд л лав ирэхгүй, 2030 оноос нааш энэ тухай ярих ч боломжгүй болсон гэж зарим улстөрчийн хэлж яриад байгаа нь үнэн байх магадлалтай болчихсон юм билээ. Зарим эх сур-валж, тодруулбал Үндэсний стратегийн хүрээлэнгээс Ерөнхий сай-дын хэлсэн үгэнд дүгнэлт хийхдээ, 2010-2021 онд Засгийн газрын эзэмшиж буй хувьцаанд ногдож орж ирэх мөнгөний урсгал гадаад валютын 80 хувьтай тэнцэнэ. Өөрөөр хэлбэл, татвар болон ашигт малтмал ашигласны төлбөр гурван тэрбум ам.доллар болно гэж бичсэн байсан. Яг гэрээндээ ийм байгаа эсэхийг бид байтугай мэргэжлийн хүмүүс, мэдээлэлд ойрхон эрх мэдэлтнүүд ч мэдэхгүй л"харанхуй” явна. Гэтэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг саяхан ард түмэндээ хандаж үг хэлэхдээ, "Та бүхэнд баяртай мэдээ дуулгая. Оюутолгойн далд уурхайн бү тээн байгуулалтад шаардагдах санхүүжилтийн эхний 4.2 тэр бум ам.долларыг олон улсын арилжааны 14 банк олгохоор боллоо.

Энэ нь дээрх хөрөнгө оруулагчид Улаанбаатарт ирж, гарын үсэг зурснаар баталгаажих бөгөөд олон улсад зарлана. Мөн энэ сан хүүжилтийн татварын орлого 70 сая ам.доллар( 140 тэрбум орчим төгрөг) манайд орж ирнэ” гэж ёслол төгөлдөр мэдэгдэв. Төрийн албаныхаа ажиллагсдын цалинг ч тавьж чадахгүй болтлоо ядарсан Засгийн газрын хувьд бол баяртай л мэдээ байх. Улс эх орны цаашдын хувь заяа, үр хүүхдийнхээ ирээдүйг бодож, өнөөдрийн бэрхшээлийг даван туулах гэж чадан ядан зүтгэхийн хамт"Төрийн төлөө боож үхэх оготно” болчихоод бай гаа нийт ард иргэдийн хувьд харин баяр байж чадах уу. Ингэж хэлэхийн учир нь, өнөөх л олон эх үүсвэртэй хэдэн зуун тэрбумын өр. Чингис бондын 1.5 тэрбум, Самурайн 300 сая, Хөгжлийн банкны  500 сая ам.доллар гээд энэ жагсаалт үргэлжилнэ. Энэ онд л гэхэд Азийн хөгжлийн банкнаас 500 сая, Турк улсаас 300 сая хамгийн сүүлд Энэтхэг, Хятадаас тус бүр нэг тэрбум ам.доллар, Францаас 80 сая еврогийн зээл авсан байх жишээтэй. Одоо Монгол Улсын өр 21 тэрбум ам.доллар(40 их наяд төгрөг) болсон төдийгүй нэг хүнд 13 сая төгрөгийн өр ногдож байна.

Өнөөдөр төрөх улаан нялзрайг ийм хэмжээний өр угтаж, өтөл буурай өдий тооны өглөгтэй нөгөө ертөнцөд одож байна гээд бодохоор даанч эмгэнэлтэй. Олон нийт тоглоомд донтсон гэрийн эзэнтэй айлын хүүхэд шиг айдастай нүдээр Засгийн газрыг хэчнээн харавч улам улайрч, хаа явсан газраасаа бадар барьж мөнгө зээлсээр. Түүнийг "гуйлга гуйх” гэж хэлж боломжгүй. Яагаад гэвэл ядарсан хүнд буцааж авах гүйгээр өгснийг"гуйлгад өгөх” гэдэг. Харин энэ бүх зээл түрүүчээсээ тун удахгүй нэхэгдэж эхэлнэ. Мөнгө хөрөнгөтэй улс орнууд Ерөнхийлөгчийн малигар цагаан царайнд татагдаж, Ерөнхий сай дын өндөр сайхан нурууг үнэлж, ноён спикерийн намхан биеийг өхөөрдөж зээл олгодоггүй л байхгүй юу.

Түүний цаана Монголын өргөн тал нутаг, байгалийн баялаг нүдэнд нь харагдаж, сэтгэлийг нь гижигдсэнээс гаднынхан гараа сунгаж, хөнгөлөлттэй зээл нэртэй "өр”-ийг тэднээр илгээдэг. Нэгэн цагт тэд өрөө нэхээд өгч чадахгүйд хүрвэл олон улсын хууль эрх зүйн хэм хэмжээний дагуу гээд эх орны минь өнгөтэй өөдтэйг боловсон аргаар"булааж авах”-ыг хэн байг гэхэв. Энэ бол өнөө маргаашийн ажил биш, өнө хэтийн явдал гэдгийг мартаж болохгүй. Энэ бүхний тэргүүн эгнээнд Оюутолгойг онилсон байх вий дээ.

Д.Мөнхжаргал

Санал болгох

Сэтгэгдэл

top