|

Ц.Элбэгдорж: Франц бол Монголын гуравдагч хөрш

saikhnaa 2015/11/19 1110 46

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Франц улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лоран Фабиус Орсэйн ордонд бараалхлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол, Францын харилцааны түүхийн архивын баримтат өвийг Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн яаманд тусгайлан дэлгэн үзүүлснийг сонирхуулав. Тухайлбал, 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаад, тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг хүссэн захидлыг 1912 оны сүүлчээр илгээснийг Францын Засгийн газар 1913 оны эхээр Харбинд хүлээн авсан байдаг. Энэхүү албан захидлын эх хувийг болон Улаанбаатар хотод БНФУ-ын ЭСЯ нээгдсэний дараа Парисаас ЭСЯ-ндаа хүргүүлж байсан анхны албан тоот зэрэг хоёр талын харилцааны түүхэн зарим баримтыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид үзүүлсэн байна.

 

            Ноён Лоран Фабиус "Газарзүйн хувьд хол оршдог ч гэлээ, Франц, Монгол Улс зүрх сэтгэлээрээ ойр. Ардчиллыг бэхжүүлэх үйлс өрнөж буй аливаа улсын жишээг дурдах бүртээ би хамгийн түрүүнд Монгол Улсыг нэрлэдэг. Би Францын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн яаманд Монголыг төлөөлж буй хоёр дахь Элчин сайд гэж ойлгоорой” хэмээн тэмдэглээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг айлчилж буйд талархаж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Монгол, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд өнгөрсөн зургадугаар сард Монголын өдрүүдийг Парист амжилттай зохион байгуулсныг дурдав.

 

            Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хамтын ажиллагааны сангийн талаар тодорхой мэдээлэл өгөөд, "Франц бол Монголын гуравдагч хөрш, Европ дахь итгэлтэй түнш гэж бид үзэж ирсэн. Хоёр улс соёл, боловсрол, хөдөө аж ахуй, мал аж ахуй, батлан хамгаалах, аялал жуулчлал зэрэг өргөн хүрээнд хамтарч ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэх чиглэлээр соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт баримт бичгүүд үзэглэх гэж байгаад баяртай байна” гэлээ.

 

Тэрчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд БНФУ Монгол Улсыг дэмжсэнд талархал илэрхийлэв. Улмаар тэд бүс нутаг, олон улсын тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцож, Европыг чиглэж буй дүрвэгсэд болон терроризмтой тэмцэх асуудлыг хөндлөө. Мөн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх уулзалтаас (COP 21) хүлээж буй үр дүнгийн талаар хэлэлцсэн юм.

 

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс ирэх жил зохион байгуулах Ази, Европын дээд түвшний уулзалтад (ASEM) БНФУ өндөр түвшинд оролцоно гэдэг найдаж байгаагаа илэрхийлээд, өөрийн санаачилсан Төвийг сахих бодлогынхоо талаар танилцууллаа. БНФУ-ын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лоран Фабиус Монгол Улсын байр суурийг хүндэтгэж буйгаа цохон тэмдэглэсэн юм.

Эх сурвалж: Shuud.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top