|

Сергей Ефимович Донской: “Эрдэнэт”-ийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сэргээх хүсэлтэй байгаа

zulaa 2015/11/19 1077 15

 Сергей Ефимович Донской: “Эрдэнэт”-ийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сэргээх хүсэлтэй байгаа

 

ОХУ-ын байгалийн нөөц экологийн яамны сайд, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга Сергей Ефимович Донскойн "Mongolnow” мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагыг хүргэж байна.
 
 
-Эрхэм Сергей Ефимович! Энэ жил танай улсад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон  худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Монгол хэсгийн дарга, гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй нэлээд өгөөжтэй уулзалт хийсэн. Энэ хэлэлцээр нь ямар боломжуудыг өгч байгаа вэ?
 
-Өнгөрсөн тавдугаар сарын 7-нд Агуу их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Москвад ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзалт зохион байгуулсан. 1941 оны зургадугаар сарын 22-нд Монгол фашист Германд дайн зарласнаар нь ЗХУ-ын анхны холбоотон орон болсон. Хүнд он жилүүдэд бидэнд үзүүлсэн Монголын ард түмний тэр тусламжийг бид үргэлж санаж явдаг.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчтэй олон салбарт хамт ажиллахаар хэд хэдэн асуудлыг авч хэлэлцсэн. Монгол-Оросын Засгийн газар хоорондын байгуулсан төмөр замаар ачааг дамжин тээвэрлэх нөхцлийн тухай гэрээ нь сүүлийн шатан дээрээ явж байгаа.  Оросын тал Монголын ачааг дамжин ачихад зориулан Алс Дорнодын оросын портуудыг ашиглахад туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаа.
 
Энэ тохиолдолд  онцгой албан татварыг буцаан олгох, тарифуудыг индексжүүлэх, түүнчлэн Улаанбаатар төмөр замыг сайжран шинэчлэх стратеги төлөвлөлтийн тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэтийн төлөв гэх мэт шийдвэрлээгүй асуудлууд үлдэж байна.
 

 Сергей Ефимович Донской: “Эрдэнэт”-ийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сэргээх хүсэлтэй байгаа

 

Монгол Улсын төрийн тэргүүн "Ростехнологи”-ийг "Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр болон "Монголросцветмет”-ийн Оросын хөрөнгө оруулагчаар томилсноор эдгээр компаниудыг шинэчлэн сайжруулах томоохон хөрөнгө оруулалтын төслүүд эхэлсэн гэж мэдээлсэн. Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд амжилттай шийдэгдэнэ гэж бид найдаж байгаа.
 
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй саяхан хийсэн уулзалтаараа бид Орос Монголын хамтарсан "Эрдэнэт” үйлдвэр болон "Монголросцветмет” компаниудын ашгийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахаар тохиролцсон.
 
Талууд нь "Монголросцветмет” компанийн алтны нөөц бүхий Туйн голын ордны лицензийг эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхолтой байгаа. Оросын тал нь аж үйлдвэрийн хэрэгцээнд "Эрдэнэт” үйлдвэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сэргээх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
 
-Та ОХУ-ын байгалийн нөөц, экологийн яамыг толгойлж байгаа. Сэлэнгэ гол дээр усан цахилгаан станц барих төслийг Монголын тал хэрэгжүүлвэл ямар сөрөг үр дагаварууд гарч болох вэ?
 
-Бид хүрээлэн буй орчин, Байгаль нуурын давтагдашгүй экосистем, дэлхийн өв ЮНЕСКО-гийн объектын хувьд ямар нөлөө үзүүлж болох талаар бодит үнэлгээ хийх нь чухал. Сэлэнгэ гол дээр усан цахилгаан станц барих объектын төслүүдээр хамтарсан хэлэлцээр байгуулж, томоохон төслүүдийн техник эдийн засгийн үндэслэлийн бэлтгэл нь нийгэмд нөлөөлөх үр дагавар, хүрээлэн буй орчны үнэлгээтэй зэрэгцэн хийгдэхээр тохиролцсон.
 
ОХУ нь Монгол Улстай хил дамнасан усны салбарт хамтран ажиллах нь 1995 оны хоёрдугаар сарын 11-ний  Хил дамнасан усыг ашиглах болон хамгаалах Орос-Монголын Засгийн газар хоорондын хэлцлийн дагуу явагдаж байгаа. 
 
-Сергей Ефимович! "Mongolnow.com” мэдээллийн агентлагийн ажилчид бид Монгол Хятадын хил дээрх гааль болон хилийн бүрдүүлэлтийг  минутын дотор хийсэн.  Харин Хиагтын хилийн шалган нэвтрүүлэх боомтод ялангуяа ОХУ, Монгол Улсын иргэд визгүй зорчих болсноос хойш монголчууд болон оросууд маш олон цагаар зогсч байна. Одоо энэ боомтыг боловсронгуй хэлбэрт оруулах цаг нь болоогүй гэж үү?
 
-Тийм ээ, Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Монгол хэсгийн дарга, гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй хийсэн уулзалтаар бид Орос Монголын хил дээрх шалган нэвтрүүлэх боомтын ажлыг сайжруулах шаардлагатай гэдгийг хэлэлцсэн.
 
Л.Пүрэвсүрэн ОХУ-ын Элчин сайдын яамны элчин, зөвлөх И.Н.Аржаевтай хамт Алтанбулаг, Хиагт руу хяналт шалгалтын зорилготой хилийн шалган нэвтрүүлэх боомтоор гарсан гэж ярьж байсан. Энэ байдал сайн тал руугаа шийдэгдэнэ гэж найдаж байна.
 
-Оросын нэрт эрдэмтэн, геологич В.П.Полеванов хэдэн жилийн өмнө Амур голын эх нь Дорнод Монголд байдаг гэж нотолж байсан.  Танай яам энэ газруудад экологийн нөөц газар барих гэж байгаа гэж сонсогдсон?
 
-Бидний хамтын ажиллагаагаа бэхжүүлэх  нэг хүчин зүйл нь байгалийн тусгай хамгаалалттай хил дамнасан газар нутаг Амурын эхийг хамгаалах тухай хэлэлцээрт аль болох хурдан гарын үсэг зурах юм.
 
Түүний бүрэлдэхүүнд Соходинскийн байгалийн нөөц газар (ОХУ) болон Онон-Балжийн үндэсний парк (Монгол Улс) ордог. ОХУ  болон Монгол нь аргалын тоо толгойг нэмэгдүүлэх, судалгаа хийх зорилгоор хамтарсан ажлын хэсгийг зохион байгуулна. Энэхүү ажлын хэсгийг зохион байгуулах ажлыг Байгаль орчныг хамгаалах хамтарсан Орос-Монголын комиссын IV чуулганы (2014 оны арваннэгдүгээр сарын 27-28) явцад авч хэлэлцсэн.
 
Тэр үед Оросын нутаг дэвсгэр дээр аргалыг нутагшуулах ажлыг идэвхжүүлэх асуудлыг хэлэлцсэн. Одоогоор Даурскийн байгалийн нөөц газар болон Байгаль нуур орчмоор зэрлэг аргалын тоо хэмжээг олшруулах Алтайн уулын аргалыг нөхөн сэргээх хөтөлбөрийг боловсруулсан байгаа. Малын тоо толгойг тусгай аргаар үржүүлэх, Монголоос аргалыг авчрах зэрэг олон үе шаттайгаар энэхүү хөтөлбөр хэрэгжих болно.
 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top