|

Д.Батцогт: Эрүүл мэндийн сайдыг чинь огцруулна шүү

magnai 2015/10/09 744 0

Д.Батцогт: Эрүүл мэндийн сайдыг чинь огцруулна шүү

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Гишүүд төсвийн тодотголтой холбоотой асуултуудыг Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс тодруулж байна.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Сангийн яам төсвийн тодотгол дээр хариуцлагатай хандаж байна.  Бид нефтийн татвар тавина гэж ярих юм. Энэ зүйл дээр би байр суурь эсрэг байна. Яагаад үүнийг зах зээлийн жамаар явуулахгүй байгаа юм. Нефтийг жинхэнэ үнээр нь бууруулаад  явах нь зөв байх. Өр тавьж цалин нэмсэн нь буруу гэж ярих юм. Төрийн албан хаагчдын цалинг хасах гэж байна. Тэр төрийн албан хаагчид нь банкинд зээлтэй байгаа. Тэрийг төлж чадах уу. Энэ зүйл чинь банкиндаа сөргөөр нөлөөлөх үү. Концесын гэрээ, хөгжлийн банкнаар дамжиж байгаа хөрөнгийг Сангийн яам дээр төвлөрүүлж чадах уу” гэж асуулаа.

Түүний асуултад Сангийн сайд Б.Болор "Төсвийг маш сайн танасан. Ирэх жилийн төсөв дээр алдагдлыг 0 болгох гэж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн хувийг тодорхой хэмжээгээр бууруулахаар оруулж ирсэн. Энэ сан байх нь зүйтэй. Мөнгөний урсгалыг нэг болгох саналтай санал нэг байна. Сангийн яам концесын ажилд бүрэн дүүрэн орж явж байгаа” гэж хариуллаа.

Харин Ерөнхий сайд "Бид Хаянхярваа гишүүний энэ саналыг дэмжиж байгаа. Өнгөрсөн жил хоёр төсөвтэй байсан. Үүнийг нэг болгосон. Ер нь бид төсвийнхөө бодлогод бүрэн өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Үрэлгэн, иддэг, уудаг төсвөөс татгалзаж бүтээдэг, хийдэг төсөв рүү явж байна” хэмээн нэмж хариуллаа.

УИХ-ын гишүүн Д.Батцогт "Эрүүл мэндийн яамны буруугаас эмийн төсөв тасарсан. Тэгсэн хэрнээ буруугаа УИХ-д тохдог. Орон нутагт очихоор иргэд биднээс нэхдэг. Эмийн төсөв нь эрүүл мэндийн яамны хариуцлагагүйгээс болсон. Хамгийн асуудалтай салбар бол эрүүл мэндийн салбар байгаа. Эрүүл мэндийн салбар дампуурж гүйцлээ. Ерөнхий сайдаа би танай Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамбыг огцруулахаар өргөн барина. Энэ сайдынхаа асуудлыг ойрын үед нэг тийш нь болгоорой" гэсэн юм.

Тодруулахад өнөөдрийн хуралдаанд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба оролцоогүй байна.

Г.Лхагва


 zaluu.com

Санал болгох

Сэтгэгдэл

top