|

“Хоёр Энх” эв эвдрэлцэв үү

magnai 2015/10/01 959 0

“Хоёр Энх” эв эвдрэлцэв үү

Улс төрд "Хоёр Энх” хэмээн нэрлэгдэж ирсэн экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан нар түнжин хагарсан бололтой. Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаяр эвсэлд хамтарч буй МҮАН-ын дотоод асуудалд хошуу дүрэх болсон гэнэ. Трдруулбал, тэрбээр МҮАН-ын дарга М.Энхсайханд "Манай намтай нэгд. МҮАН-аа манай МАХН-д оруул. Дараагийн сонгуульд МАХН гэсэн нэг нэр дор оролцоно" гэсэн тухай мэдээлэл байна. 

Харин экс Ерөнхийлөгчийн саналд М.Энхсайхан "үгүй" гэх хариулт өгсөн аж. Гэтэл Н.Энхбаяр МҮАН-ынханд "Намын даргаа соль. Энэ М.Энхсайханыг авч оронд нь эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийг тавь. Манайд бүлгийн даргын суудлаа өг” хэмээн шахах болсон сурагтай. Н.Энхбаярын тухайд сонгуулийн шоугаа хэдийнэ эхлүүлсэн бөгөөд мега төслүүдэд ач холбогдол өгч байгаа. Гэтэл М.Энхсайхан сайд Тавантолгойн гэрээ хэлэлцээрийг хариуцаж байгаа бөгөөд энэ нь эсвлийн 2012 оны сонгуулийн үеэр барьж байсан байр суурьтай харшилдаж байгаатай холбоотой гэх таамаг ч байна. Үндсэндээ М.Энхсайханыг нүд үзүүрлэх болжээ. 

Тэгвэл МҮАН-ын дарга М.Энхсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан нэгэн мэдэгдэл гаргасан юм. Тэрбээр мэдэгдэлдээ "Шударга ёс эвсэлд багтаж байгаа намууд нэгэн улс төрийн хүчин болж болох тухай бидний хооронд яриа байсан. Гэхдээ улс орноо зөв замд гаргах үзэл баримтлалаар нэгдэж чадвал тийм бололцоо бий. Түүнээс биш авлигалыг хамгаалж, том төслүүдээр популизм хийж, тэр тусмаа хувиа хичээж өөрийгөө хамгаалах хэмжээнд улс төр хийх нэгдсэн нам байгуулна гэж бодож байгаа бол энэ бол миний хэмжээнээс хэтэрсэн асуудал юм" гэжээ. 

Мөн "Сүүлийн үед МАХН-ын дарга Н.Энхбаяр хот, хөдөөгүй намынхандаа яриа ухуулга хийж явахдаа шүүх, хууль хяналтын байгууллага, авилгалтай тэмцэж байгаа төрийн ажилтнуудыг гутааж буй болон МАХН, МҮАН-ын харилцааны асуудлаар миний зүгээс тайлбар өгчих нь зүйтэй гэж бодож байна. Ингэлээ гээд эвсэл задарч байгаа хэрэг биш, харин эвслийг зөв ажиллахад туслана гэж бодож байна. Авлигатай тэмцэхийн улс төрийн ач холбогдлыг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавихдаа тод томруун хэлсэн бөгөөд түүний үгийг зөвхөн Н.Энхбаярт зориулсан мэт тайлбарлах нь улс төрийн ноцтой алдаа, олон түмнийг төөрөгдүүлсэн хэрэг болно” хэмээн тодотгосон байна. 

Эндээс харахад М.Энхсайхан эвслийг задлах бодолгүй байгаа бололтой. Гэсэн хэдий ч МАХН-ын дарга өөр байр суурьтай байгаа юм. Ямартай ч "Хоёр Энх” сүүлийн үед ийн түнжин хагараад байгаа аж. 2016 оны сонгууль хаяанд ирсэн энэ үед эвсэл задарч дангаараа сонгуульд оролцох нь хэн хэнд нь ашиггүй гэдгийг тэд хэдийнэ тооцоолсон биз. Тэгэхээр "Хоёр Энх”-ийн дараагийн нүүдэл юу болох нь удахгүй тодорхой болох биз ээ. 


Г.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn



 

Санал болгох

Сэтгэгдэл

top