УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлгийг МАХН, МҮАН гэсэн хоёр нам хамтран байгуулсан. Сүүлийн үед МАХН-ын дарга Н.Энхбаяр хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын зарим дүүргийн иргэдтэй уулзалт хийх үеэрээ хамтарч бүлэг байгуулсан МҮАН болон дарга руу нь хандсан хэд, хэдэн удаагийн сөрөг мэдээллийг хийгээд байгаа юм.
Хамгийн сүүлд л гэхэд Н.Энхбаяр МАХН-ын бүсийн зөвлөгөөнд үг хэлэхдээ "МҮАН-ын даргыг солъё" гэсэн ч хүлээж аваагүй гэх мэтээр ярьжээ.
Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаярын ярьсан дээрх зүйлийн хариуд МҮАН-ын дарга өөрийн цахим хуудсаар дамжуулан хатуухан хариуг өгчээ.
Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
Тэрбээр "Монголын нийгэм авилгалд автсан нь үнэн билээ. Уул уурхай руу гадныхан тэмүүлж түүнийг нь мөнгө болгон намдаа болон хувьдаа авах гэсэн хөдөлгөөн хаа сайгүй өрнөсөөр удаж байна. Авилгалыг өөрийн соёл болгосон бүхэл бүтэн бүлэглэл, хүн амын давхрага бий болсон хийгээд том намууд энэ асуудалд гүнзгий хутгалдав. Тэд өнөөгийн төр, нийгмийг үймүүлж, монгол төрийг доройтуулж, авилгалыг ердийн хэрэг мэт харагдуулж олон түмний ёс суртахууныг унагаж байгаа юм. Түүнтэй тэмцэх асуудал бол улс төрийн намуудын гол асуудал байх ёстой. Энэ асуудлаар Шударга ёс эвслийг бүрдүүлж байгаа МАХН, МҮАН-ын дарга нарын байр суурь их л зөрүүтэй байна. Энэ тухайгаа миний хувьд нэг их ил тод яриад байсангүй. Гэвч сүүлийн үед МАХН-ын дарга Н.Энхбаяр хот, хөдөөгүй намынхандаа яриа ухуулга хийж явахдаа шүүх, хууль хяналтын байгууллага, авилгалтай тэмцэж байгаа төрийн ажилтнуудыг гутааж буй болон МАХН, МҮАН-ын харилцааны асуудлаар миний зүгээс тайлбар өгчих нь зүйтэй гэж бодож байна. Ингэлээ гээд Эвсэл задарч байгаа хэрэг биш, харин эвслийг зөв ажиллахад туслана гэж бодож байна.
Нэг. Авилгалтай тэмцэхийн улс төрийн ач холбогдлыг Ц.Элбэгдорж ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавихдаа тод томруун хэлсэн бөгөөд түүний үгийг зөвхөн Н.Энхбаярт зориулсан мэт тайлбарлах нь улс төрийн ноцтой алдаа, олон түмнийг төөрөгдүүлсэн хэрэг болно. Авилгалыг зөвхөн өөр хоорондоо мөнгө өгч авалцах үйл явдал мэт явцуу тайлбарлахын эсрэг байна. Авилгал бол зөвхөн хээл хахууль биш. Авилгал гэдэг ойлголтод "хууль ёсны коррупци” мөн багтана. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хөндлөнгөөс харахад бүхий л шийдвэр хууль ёсны мэт боловч үнэндээ "авилгал”-д хамаатгаж болох үйлдэл юм. Олон нийтэд ил болсон ийм нэгэн жишээ нь Ерөнхий сайдын зөвлөх Гансүхийн хэрэг бөгөөд Энхбаяр дарга Гансүхийг хэлмэгдүүлчихлээ гэж ярьж байгаа бол тэр хүний төлөө санаа зовж байгаа хэрэг гэхээсээ илүүтэй өөртөө хамаатуулсан улс төр л хийж байгаа хэрэг юм. Н.Энхбаяр монгол төрд гавьяатай бол төрөөс өршөөнгүй хандлага гаргах боловуу гэж хүлээх эрхтэй. Харин авилгалтай тэмцэж байгаа шүүх, хууль хяналтынхны ажлыг "унтраах”, хэлмэгдүүлэлтийг таслан зогсооё гэж ярих нь зохисгүй юм. Шударга ёс эвслийг шударга байлгая гэвэл миний хэлж байгаа зүйлийг бодолцох хэрэгтэй.
Хоёр. Оюутолгой, Тавантолгойн асуудлаар Н.Энхбаяр дарга "Хэрэв бидэнд олонхи нь санал өгсөн бол Оюутолгой, Тавантолгой таны өмч болох байсан”, Тавантолгойг "З.Энхболд иргэний зориг гаргаж түр зогсоож чадсан” гэх нь Монголын хөгжлийн эрх ашигт нийцэхгүй, Монголын эдийн засгийг хямрал руу түлхсэн хариуцлагагүй үг яриа юм. Хямралын хариуцлагыг АН, Шударга ёс эвсэл хамтдаа үүрнэ. Муу юм болбол олонхи нь буруутдаг бид цөөн юм чинь хариуцлага үүрэхгүй гэдэг ааш гаргахгүй байгаасай гэж бодож байна.
Гурав. Шударга ёс эвсэлд багтаж байгаа намууд нэгэн улс төрийн хүчин болж болох тухай бидний хооронд яриа байсан. Гэхдээ улс орноо зөв замд гаргах үзэл баримтлалаар нэгдэж чадвал тийм бололцоо бий. Түүнээс биш авилгалыг хамгаалж, том төслүүдээр популизм хийж, тэр тусмаа хувиа хичээж өөрийгөө хамгаалах хэмжээнд улс төр хийх нэгдсэн нам байгуулна гэж бодож байгаа бол энэ бол миний хэмжээнээс хэтэрсэн асуудал юм" гэж хэлжээ.
24tsag.mn
Т.Энхэлээ