|

"Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг танилцууллаа

magnai 2015/09/29 644 0

"Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг танилцууллаа

"Аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх болон нийгмийн дэг журам, сахилга хариуцлагыг сайжруулах талаар баримтлах бодлого”-ыг өнгөрсөн онд баталсан. Энэ нь 4 бүлэг 40 заалттай бөгөөд 2017 он хүртэл хэрэгжих юм.

Тэгвэл уг хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар АИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцлээ. Хөтөлбөр хэрэгжсэнээр танхай, хулгай, булаах, дээрэмдэх гэмт хэрэг тус тус буурсан үзүүлэлттэй гарсан гэж АЗДТГ-ын Хууль зүйн хэлтсээс мэдээлж байна. Гэхдээ уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус олон байгууллага оролцож байгаа тул хэрэгжилтийн үр дүнг хувь хэмжээгээр илэрхийлэх боломжгүй байна гэлээ.

"Аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх болон нийгмийн дэг журам, сахилга хариуцлагыг сайжруулах талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг 2017 он гэхэд 100 хувьд хүргэхэд хийх шаардлагатай хэд хэдэн ажил байгаа гэнэ. Тодруулбал, Одоогоор хотын камерын нэгдсэн хяналтад 180 гаруй камер ажиллаж байгааг 300 болгох хэрэгтэй. Түүнчлэн Жаргалант суманд болон Эрдэнэт-Булганы авто замд хяналтын пост байгуулах шаардлагатайг онцоллоо.

Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцож буй байгууллагууд хийсэн ажлын үр дүнгээ АЗДТГ-ын Хууль зүйн хэлтэст тайлагнах хэрэгтэйг сануулсан юм. Бас аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн тоог нэмэгдүүлэх хэрэгцээ байгаа аж. Түүнээс гадна олон нийтийн цагдаагийн алба хаагчид ажиллуулж эхэлсэн нь үр дүнгээ өгч байгаа гэлээ. Тиймээс олон нийтийн цагдаагийн орон тоог нэмэгдүүлж Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад оролцуулах саналыг холбогдох байгууллагаас нь дэвшүүллээ.
 
erdenetinfo.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

top