|

ХЯТАДАД БОЛЖ БУЙ ӨӨРЧЛӨЛТ

namuunaa 2015/09/24 956 0

Хятадад шилжин суурьших хөдөлгөөн хэт ихэссэн нь тулгамдсан асуудал болоод байгаа аж. Хүмүүс хэдэн арван саяараа ажил хайн хот суурин газар руу нүүдэллэх болжээ. НҮБ-аас гаргасан судалгаагаар Хятадад нэг саяас дээш хүн амтай хот 1970 онд 16 байсан бол 2015 онд 106 болтлоо өсчээ. АНУ-д нэг саяас дээш хүн амтай хот 45 байдаг бол нийт Европын хэмжээнд 55 орчим байдаг аж. 

АНУ-ын бүтэн зуун жил хэрэглэсэнтэй дүйцэхүйц хэмжээний цементийг Хятад улс гурван жилд хэрэглэжээ. Хятадын олон нийтийн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнээр орон сууцны асуудал тулгарч байгаа бөгөөд энэ асуудлыг шийдэхийн тулд угсармал орон сууцнуудыг олноор нь барих болсон байна. 

 

Гэвч зарим өндөр барилга, том их дэлгүүрүүд хоосон хэвээр байгаа бөгөөд тэдгээрийг "Сүнсний хот” гэх болжээ.

Мөн Хятадын эдийн засаг сайжрахын хэрээр хүрээлэн буй орчны бохирдол нэмэгдэж байгаа бөгөөд эрчим хүчнийх нь чухал эх үүсвэр болох нүүрс энэхүү бохирдлын гол шалтгаан болж байгаа аж. Тиймээс агаарын бохирдлоо бууруулахын тулд нүүрс ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг олон мянган үйлдвэрүүдийг хаажээ.

Гэсэн ч 2014 оны байдлаар 74 том хотоос ердөө найм нь л Засгийн газраас баталсан агаарын чанарын стандартын шаардлагад нийцэж байгаа аж. 

Коммунист нам 1978 оноос Хятадад капталист зах зээлийн зарчмыг нэвтрүүлж эхэлсэн билээ. 1980-аад оноос гадны хөрөнгө оруулагчдад нээлттэй болсноор Хятад улс үйлдвэрлэлийн зардал багатай, ажиллах хүч сайтай, дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч гүрэн болжээ. Хятадын эдийн засаг 2007 оноос хойш дунджаар арван хувийн өсөлттэй байсан бол 2010 оноос хойш энэ үзүүлэлт буурсаар байна.

Хятад Японыг гүйцэж дэлхийн хоёр дахь том зах зээл болсон хэдий ч нэг хүнд ноогдох ДНБ нь АНУ, Япон, Герман, Англи улсуудынхаас бага байгаа юм.

Түүнчлэн Хятад улс гадаад руу аялдаг жуулчдынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд Хятад жуулчид жилд 165 тэрбум ам.долларыг аялалдаа зарцуулдаг нь мөн л дэлхийд нэгт орох үзүүлэлт юм. Тэдний хамгийн их аялдаг газар нь Хонг-Конг, Япон, Франц, Хойд Солонгос, АНУ болонд Тайланд юм байна. 

Мөн гахайн мах нь эртнээс Хятадуудын дуртай хоол байсаар ирсэн ч эдийн засаг сайнгүй байхад онцгой үед иддэг тансаг хоол байжээ.  Хүн амын хэрэглээний зардал өсөхийн хэрээр гахайн махны хэрэглээ ч огцом өсчээ. Одоогийн байдлаар дэлхий дээрх нийт гахайны тэн хагас нь Хятадад байгаа аж.

Хэдийгээр Хятадын жирийн иргэний дундаж орлого нэмэгдсэн үзүүлэлт байгаа ч энэ нь хүн бүрт тэгш хүртээмжтэй биш байна. 1990 оноос хойш хот болон хөдөөгийн өрхийн дундаж орлого эрс ялгаатай болжээ.

"Hukou” буюу нийгмийн давхаргаар нь заагласан Хятадын өрхийн бүртгэлийн тогтолцоо нь энэ ялгааг улам ихэсгэж байна. Учир нь энэ тогтолцоо нь өөр газраас ирж суурьшсан ажилчид эрүүл мэнд, орон сууц болон өөр бусад шаардлагатай үйлчилгээг авахаас сэргийлдэг тогтолцоо юм. 

Мөн бүх нийтийн шилжилт хөдөлгөөн нь залуу үеийнхэнд муугаар нөлөөлж байгаа аж. Одоогийн байдлаар Хятад улсын хөдөөгийн тосгонуудад эцэг эхгүй, "хаягдмал” 61 сая хүүхэд байна.

 

Эх сурвалж: BBC

Санал болгох

Сэтгэгдэл

top